Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал Б.Батдаваатай ярилцлаа.
Төлбөрийн тэнцэл эхний 11 сарын байдлаар 250 гаруй сая ам.долларын ашигтай гарсан байна. Гэхдээ зөвхөн 10 дугаар сарын дүнг харвал 10 гаруй сая ам.долларын алдагдалтай байна. Сарын дүнгээр төлбөрийн тэнцэл алдагдалтай гарахад голлон нөлөөлсөн хүчин зүйл юу байв?
Эхний 10 сард төлбөрийн тэнцэл таны хэлснээр 250 гаруй сая ам.долларын ашигтай гарсан. Харин сарын үзүүлэлтэд голлон нөлөөлсөн хүчин зүйл нь бэлэн мөнгө харилцах байгаа. Бэлэн мөнгө харилцахын статистикийг харвал оны эхнээс 170 гаруй сая ам.долларын гарах урсгалтай байна. Үүнийг тайлбарлаж буй гол хүчин зүйл нь манай арилжааны банкууд гадаад дахь ностро дансандаа нийт дүнгээрээ оны эхнээс 350 орчим сая ам.долларын хадгаламж байршуулсан байна. Энэ нь тухайн банкны нөөцийн удирдлагатай холбоотой шийдвэр учраас төлбөрийн тэнцэлд байнгын нөлөөлөл үзүүлэхгүй хүчин зүйл гэж харж байгаа. Ер нь төлбөрийн тэнцлийг бүхэлд нь эхний 10 сарын байдлаар авч үзвэл урсгал дансны алдагдал 1.2 тэрбум ам.доллар буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 25 хувь буюу 390 орчим сая ам.доллараар буурсан байна. Үүнд манай улсын экспортын барааны гүйцэтгэл 10 орчим хувь буюу 580 орчим сая ам.доллараар өссөн нь төлбөрийн тэнцэл нийт дүнгээрээ өсөхөд нөлөөлсөн.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үетэй ойролцоо түвшинд хадгалагдсан байна. Гэхдээ дийлэнх нь Оюутолгой төслөөс хамааралтай байна. Тэгэхээр гадаадын шууд хөрөнгө оруулалтыг төрөлжүүлээгүй байгаа энэ үед нэг төслөөс хамааралтай байх эрсдэл юу байна вэ?
Шууд хөрөнгө оруулалтын цэвэр дүн оны эхний 10 сарын байдлаар 1.56 тэрбум ам.доллар буюу өнгөрсөн оноос 6 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байна. Үүн дотроо Оюутолгой төслийн хөрөнгө оруулалт 75-80 орчим хувийг бүрдүүлж байгаа. Нэг төслөөс хамааралтай энэ байдал эдийн засгийн эмзэг байдлыг нэмэгдүүлж байна. Манай улсын экспортын 90 хувь нь уул уурхайгаас хамааралтай. Хөрөнгө оруулалтыг задлаад үзвэл 70-80 хувь нь Оюутолгой төслөөс хамааралтай байна. Манайхтай ижил түвшний бусад улстай харьцуулбал, ДНБ-д эзлэх гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ нь 1.2 орчим хувьтай тэнцдэг. Манай улсын хувьд 15-16 хувьтай байна. Гэхдээ эндээс Оюутолгой төслийг хасаад үзвэл дээрх улсуудтай үндсэндээ адилхан л болж байгаа юм. Тэгэхээр нэг салбараас манай эдийн засаг хэт хамааралтай байна. Мөн нэг төслөөс хэт хамааралтай байна гэдэг дүгнэлтийг хийж болно.
Гадаадын хөрөнгө оруулалтаас гадна гадаад нөхцөл байдал манай улсын эдийн засагт чухал нөлөөтэй байгаа. Америк, Хятадын худалдааны маргаан шийдэгдэхгүй даамжирч байгаа энэ нөхцөл байдал манай улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?
Энэ талаар Монголбанк сүүлийн нэг жил гаруй хугацаанд ярьж байна. Ирэх 2020-2024 онд манай улсын төлөх төрийн болон хувийн хэвшлийн өр 14.4 тэрбум ам.доллар байгаа. Гэтэл бидэнд бэлэн байгаа валютын нөөц маань 4 тэрбум ам.доллартай тэнцүү байна. Төлбөрийн тэнцлийг харвал, нийт экспортын 90 хувь нь уул уурхайгаас хамааралтай. Үүний нөгөө талд хөрөнгө оруулалтын 70-80 хувь нь Оюутолгой төслөөс хамааралтай байна. Ирэх жилүүдэд худалдааны маргаанаас үүдэлтэй түүхий эдийн үнэ унавал манай төлбөрийн тэнцэл нэлээд хүнд нөхцөл байдалтай болно. Энэ нь эргээд бид 2020-2024 онд өрийн дарамтанд орох эрсдэлтэй байна. Тийм учраас бид аль болох хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, валютын нөөцийг өсгөх, дунд хугацаандаа экспортын төрөлжилтийг хангах зайлшгүй шаардлагатай байна гэдгийг Монголбанкнаас хэлж, сануулж байгаа. Жишээлбэл, өнгөрсөн баасан гарагт бид “гадаад валютын нөөц” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Энэ хэлэлцүүлгийн үеэр нөөцийн хүрэлцээт байдал маань богино хугацаат гадаад өртэйгөө харьцуулахад хангалттай мэт харагдаж байгаа боловч гадаад шок түүхий эдийн үнээр дамжиж орж ирэхэд эдийн засагт эрсдэл үүсгэхээр байна гэдгийг авч хэлэлцсэн. Энэ талаар холбогдох байгууллагад мэдээллийг хүргүүлээд байгаа.
Сүүлийн мэдээллээр гадаад валютын албан нөөц импортын 8 сарын хэрэгцээг хангах түвшинд байна гэж байсан. Энэ нь хангалттай хэмжээ биш гэж Монгобанк үзэж байгаа юу. Яг хэдэн сарын импортыг хангах хэмжээнд байх хэрэгтэй байна вэ?
Гадаад валютын нөөцийн хангалттай хэмжээг хэд хэдэн үзүүлэлтээр тооцдог. Хамгийн энгийн түвшинд бол импортын 3 сарын хэрэгцээг хангах түвшинд байх ёстой гэж үздэг. Манай валютын нөөц өнөөдрийн байдлаар бараа, үйлчилгээний импортын 6 сарын хэмжээг, зөвхөн барааных гэвэл 8 сарын хэрэгцээг хангах хэмжээнд байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжид зааснаар бол дор хаяж 12 сарын импортын хэрэгцээг хангах түвшинд байх ёстой. Тэгэхээр энэ хэмжээнд хүрээгүй байна. Нөгөө талаас валютын нөөц богино хугацаат өр, төлбөрүүдийг төлөхөд 100 хувь хүрэлцэж байх ёстой. Энэ үзүүлэлтэд манай валютын нөөцийн хэмжээ хүрсэн. Гэхдээ бидний ярьж байгаа гол асуудал нь нэгдүгээрт, экспорт буюу валютын орлого орж ирэх суваг нь уул уурхайн бүтээгдэхүүнээс хэт хамааралтай байна. Энэ маань түүхий эдийн үнэ унахад нөөц дээр ирэх дарамтыг нэмэгдүүлж байгаа. Мөн 2020-2024 онд төлөх гадаад валютын өр төлбөр нь 14.4 тэрбум ам.доллар буюу, валютын нөөцөөс 3 дахин их байгаа учраас нөөцөө нэмэгдүүлэх шаардлагатай. Үүний тулд төлбөрийн тэнцлээ сайжруулах ёстой гэдгийг л хэлж байгаа юм.
Гадаад валютын нөөцийг ам.доллараар голчлон бүрдүүлдэг. Гэхдээ бусад валютуудыг ашиглах тал дээр Монголбанк хэрхэн ажилладаг вэ?
Валютын нөөцийн бүтцийг хувиар нь шууд зарлах боломжгүй, нууцын зэрэгтэй. Гэхдээ валютын нөөцийн бүтэц нь дэлхийн голлох төв банкуудын барьдаг дундажтай ойролцоо байгаа. Тухайлбал, ам.долларыг түлхүү барьдаг. Мөн иен, юань, евро, паунд, алт гэх зэрэг валютууд нөөцийн бүрэлдэхүүнд ордог.
Төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү хамгийн сүүлд 16.8 хувь болж, оны эхнээс 0.4 пунктээр буурсан байгаа. Хүү буурахад нөлөөлсөн хүчин зүйл юу байсан бэ?
Нэгдүгээрт, инфляци зорилтот түвшинд, тогтвортой байна. Эхний есөн сарын байдлаар инфляци 8.5 хувьтай байна. Хоёрдугаарт, манай эдийн засгийн гадаад тэнцвэр сайжирч байгаа. Төлбөрийн тэнцэл оны эхнээс 252 сая ам.долларын ашигтай гараад байна. Тэгэхээр гадаад талдаа эх үүсвэр тогтвортой, эдийн засаг тогтвортой өсөлттэй байна гэж харж байгаа. Эдийн засгийн макро орчин тогтвортой байгаа нь зээлийн хүү буурахад нөлөөлж байгаа.
Монголбанкнаас зээлийн хүүг бууруулах стратегийг баримталж ажиллаж байгаа. Дунд хугацаанд 5-7 нэгж хувиар бууруулна гэж үзэж байгаа шүү дээ. Энэ стратегийн хэрэгжилт ямар байна вэ?
Монголбанкнаас зээлийн хүүг бууруулах стратегийг боловсруулж, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр батлуулсан. Үүний дагуу нийт 340 орчим арга хэмжээ авахаар заасан. Хоёрдугаар улирлын байдлаарх хэрэгжилт 60 орчим хувьтай байна гэх үр дүн гарсан. Цаашдаа зээлийн хүүг бууруулах стратегийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
Эх сурвалж: Блүүмбэрг ТВ