Хятад, Монгол хоёр орны сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжилгын баг 08-р сарын 30-ны өдөр Улаанхотын Залайд хошууны олон нийтийн аюулгүй байдлын газрын Гуанмин цагдаагийн хэлтэст очин иргэдийн хэрэг зарга шийдвэрлэж байгаа ажилтай танилцав.
Хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх, иргэдийн амьжиргааг сайжруулахад мөнгө төгрөг, эд хөрөнгө хөөцөлдөх биш, оюун санаа, үзэл бодол, сэтгэлзүйн талд амар тайван байх нь чухал байдаг. Тодруулж хэлбэл нэг гэр бүлийн хувьд эвтэй, тайван амгалан байх нь юунаас ч чухал юм. Гэхдээ амьдалд гэр бүл хоорондын хэрүүл, өөр хоорондоо таарахгүй байх явдал байнга гарч өөрсдөө учраа ололцохгүй цагдаад хандах нь их. Иргэдийн хэрэг заргыг шийдвэрлэх талд Улаан хотын Залайд хошууны Олон нийтийн аюулгүй байдлын газрын Гуанмин цагдаагийн хэлтэс илүү ач холбогдол өгч, анхааралдаа авч хийж байгаа ажлын нэг юм. Энэ жилийн эхнээс одоог болтол нийт 3000 гаруй дуудлага хүлээн авсны 1000 гаруй нь иргэдийн хэрүүл маргааны асуудал байсан.
Энэ жилийн 01-р сараас эхлэн Гуанмин цагдаагийн хэлтсийнхэн байгууллагын тодорхой байдлаа харгалзан сэтгэл зүйн зөвлөгөө өгөх газрыг байгуулав. Үүнд зориулан олон цагдааг сэтгэл зүйн сургалтад хамруулж, цагдаа нар сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зарим үндсэн мэдлэгийг эзэмшсэн байна. Бачимдах, сэтгэлийн хямралд орох зэргээс болж гутрах болсон хүмүүсийг тайвшруулж хэлж ятган, эвтэйгээр шийдэж чадах болжээ. Хэлж ятгах явцад хоёр тал гомдолтой, эвлэрэхийг хүсэхгүй, туйлширдаг хүмүүсийг сэтгэл зүйн зөвлөгөө өгөх газарт авчирч эвлэрүүлдэг. Ярилцаж байхад мөн сэтгэл санаагаа сайн тайлж чадахгүй байвал хүмүүсийн тодорхой байдлыг харгалзан “Тайвшруулах өрөө”-нд оруулах, сэтгэл зүйн шалгалт хийх зэрэг арга хэмжээг авдаг байна.
Гуанмин цагдаагийн хэлтсийн дарга Хань Жюнь “Хэрүүл маргаан бол байнга тохиолддог энгийн үзэгдэл боловч тухайн хүн буюу аль нэг гэр бүлийн хувьд маш том үйл явдал юм. Маргаанаас болж өөрсдөө шийдвэрлэж чадахгүй цагдаад хандвал бид юуны өмнө сэтгэлийг нь тайвшруулж, дараа нь хэлж ятгана, бухимдал, уур уцаар нь тайлагдахгүй бол юу ч ярьсан сонсдоггүй” гэлээ.
Гэр бүлийн маргаанаас болж цагдаагийн хэлтэс рүү байнга холбогддог нэгэн иргэнтэй хийсэн ярианаас "Байнгын архидалт, мөнгө төгрөгийн хүрэлцээ муутай зэрэг асуудлаас шалтгаалж хэрүүл зодоон болдог байсан. Гуанмин цагдаагийн хэлтсээс ойрхон амьдардаг байсан тул хэрүүл болоход л энэ цагдаагийн хэлтэст ханддаг. Хэд удаа ирж ярилцлага хийснээр хоёр тал сэтгэл санаа тайван, бие биеэ ойлгож дэмждэг болсон" гэж өөрийн асуудлаа бидэнтэй илэн далангүй хуваалцаж, хэрүүл зодоон болоход л төрхмөөсөө илүүтэй Гуанмин цагдаагийн хэлтэст ирдэг байсан тухайгаа энэ бүсгүй ярьж байлаа.
Зохиогч:Бэлтгэсэн: Х.АРВИНТАЛ,