Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан аймагт ажиллах үеэрээ төрийн албан хаагчдад авлигын эсрэг хууль тогтоомж, авлигатай тэмцэх үйл ажиллагаа, албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг, авлигын гэмт хэрэг, зөрчлийн талаарх тусгай сэдэвчилсэн сургалтыг зохион байгууллаа.
Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Б.Баяртөгс “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа” сэдвээр сургалт хийх үеэрээ Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр сүүлийн үед авч байгаа арга хэмжээнүүдийн талаар танилцуулж, цаашид төрийн байгууллагууд зайлшгүй анхаарч үзэх асуудлын тухай мэдээлэв.
Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Энхжавхлан АТГ-ын хяналт шалгалтын үйл ажиллагааны талаар мэдээлж, иргэдээс ирүүлдэг төрийн албан тушаалтнуудтай холбогдох гомдол, мэдээллийг хэрхэн шийдвэрлэж байгааг тодорхой кэйс жишээн дээр тайлбарлаж ярив.
Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Ц.Сэлэнгэ “Олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаа” сэдвээр сургалт хийх үеэрээ авлигын хор хөнөөлийн тухай болон соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд төрийн албан хаагчид ямар үүрэг, оролцоотой байх талаар хууль таниулж ярилцлаа.
Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Б.Ганхуяг авлигын гэмт хэргийг эрүүгийн хууль тогтоомжид хэрхэн хуульчилсан талаарх мэдээллийг өгч, АТГ-ын харьяалан шалгах гэмт хэргүүд болон хүлээлгэх ял, хариуцлагын талаар нарийвчлан танилцуулав.
Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтан, комиссар Д.Одонтуяа нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын чиглэлээр сургалт хийсэн нь төрийн албан хаагчдын сонирхлыг татаж байлаа.
Сургалтад Ховд аймгийн 75, Баян-Өлгий аймгийн 120, Увс аймгийн 502, Завхан аймгийн 488 албан хаагч хамрагдав. АТГ-аас зохион байгуулж буй дээрх сэдэвчилсэн сургалт нь орон нутагт ажиллаж буй нийтийн албан тушаалтнуудад нэн шаардлагатай, авлигын гэмт хэрэг болон ашиг сонирхлын зөрчлийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой, хуулийн зарим нэмэлт, өөрчлөлтийн талаар чухал мэдлэг олгосон арга хэмжээ боллоо гэж сургалтад оролцсон төрийн албан хаагчид олзуурхан талархаж байлаа.
Нийтэлсэн: Авлигатай Тэмцэх газар