МҮОНРТ-ээс санаачилж буй “XXI зуун-Хавдаргүй Монгол" 1000 гэр бүлийн зөвлөгөөн Төрийн ордны “Их танхим”-д өнөөдөр боллоо. Зөвлөгөөнийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хавдар судлалын үндэсний төв, Худалдаа хөгжлийн банктай хамтран зохион байгуулсан юм.
“XXI зуун-Хавдаргүй Монгол 1000 гэр бүлийн зөвлөгөөн”-өөс гаргасан зөвлөмж, уриалгыг бүрэн эхээр нь хүргэе.
“XXI ЗУУН- ХАВДАРГҮЙ МОНГОЛ" 1000 ГЭР БҮЛИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ, УРИАЛГА
2019.10.30 Улаанбаатар хот, Төрийн ордон
Монгол Улсын Их Хурлын НББСШУ-ны Байнгын Хороо, ЭМЯ, НЗДТГ, МҮОНРТ, ХСҮТ, Худалдаа Хөгжлийн Банк хамтран “XXI зуун-Хавдаргүй Монгол” 1000 гэр бүлийн үндэсний зөвлөгөөнийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод анх удаа зохион байгууллаа.
Зөвлөгөөнд бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчид, эмчлүүлэгчид, тэдний ар гэрийнхэн, асран халамжлагчид, хавдрыг даван туулагчид зэрэг нийт 1000 орчим төлөөлөгч оролцож хүн амын дунд хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх арга замууд, хөгжлийн чиг хандлага, хавдрын эрт илрүүлэгт олон нийтийн оролцоо дэмжлэг, нийгмийн олон талуудын хамтын ажиллагааг сайжруулахад тулгамдаж буй асуудлуудын тухай хэлэлцэж үзэл бодол, саналаа нэгтгэв.
Хүн амын дунд хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах үндсэн арга зам нь цаг алдалгүй хавдрын эрт илрүүлгийн тусламж үйлчилгээний тогтолцоог бүрдүүлэхийг онцлон тэмдэглэж,
Хүн амын эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, эрүүл аж төрөх дадал зуршлыг хүүхэд, өсвөр үеийнхэнд багаас нь төлөвшүүлэхэд төр, төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагууд, иргэд олон нийтийн оролцоо, санаачилга, хамтын ажиллагаа, манлайлал, үлгэр дууриал нэн чухал болохыг анхаарч,
Зөвлөгөөнд оролцогчид дараах зөвлөмж, уриалгыг гаргаж байна.
Нэг. Аймаг, дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд зонхилон тохиолдох хавдрын эрт илрүүлгийн нэгжийг зохион байгуулах, шаардлагатай хөрөнгө төсвийг батлуулахыг Эрүүл Мэндийн Яаманд;
Хоёр. Хүүхдийн хорт хавдрыг эрт илрүүлэх нэгжийг зохион байгуулах, шаардлагатай хөрөнгө төсвийг батлуулахыг Эрүүл Мэндийн Яаманд;
Гурав. Аймаг дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн эрт илрүүлгийн нэгжийн чадавхийг бэхжүүлэх, үйл ажиллагааг тогтмолжуулахад мэргэжил арга зүйгээр дэмжиж ажиллахыг Хавдар Судлалын Үндэсний Төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд;
Дөрөв. Хүнсэндээ хэрэглээний бус хуванцар сав ашиглахгүй байлгах талд анхаарч ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт;
Тав. Хүн амын эрүүл мэндийн боловсролыг сайжруулахыг чухалчлан анхаарч хорт хавдрын сэдвээр нотолгоонд суурилсан үнэн зөв мэдээллийг түгээх, иргэдэд буруу ташаа ойлголт өгөхөөс зайлсхийж эрүүл мэндийн салбарыг дэмжиж ажиллахыг МҮОНРТ болон хэвлэл мэдээллийн байгууллагуудад тус тус зөвлөж;
Зургаа. Хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэхийн ач холбогдлыг ухамсарлан ойлгож өдөр тутмын амьдралдаа эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлж, биеийн тамир спортоор хичээллэхийг хувь хүн, гэр бүл, хамт олноороо дэмжин үлгэрлэхийг Монгол Улсын нийт иргэд, гэр бүл, хамт олонд уриалж байна.
“XXI ЗУУН-ХАВДАРГҮЙ МОНГОЛ” 1000 ГЭР БҮЛИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОГЧИД