Өнгөрсөн Бямба гарагт “Дэлхийгээр Аялагчид” фейсбүүк групп ээлжилт уулзалтаа “АНУ-ын виз” гэсэн сэдвийн хүрээнд зохион байгуулж, уулзалтынхаа зочноор АНУ-ын элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга Брайн К.Вингэйт (Brian K.Wingate) -ыг урьж авчирсан тун сонирхолтой арга хэмжээ болж өнгөрлөө.
Ноён Брайн К.Вингэйт арга хэмжээг зорин ирсэн хүмүүст консулын газрын үйл ажиллагаа, “Хариуцлагатай Аялцгаая” аян болон АНУ-ын визний тухай тайлбар яриа хийн, хүрэлцэн ирсэн хүмүүсийн асуултуудад нэг бүрчлэн хариулсан юм.
“АНУ-руу аялах, суралцах, ажил эрхлэх зорилгоор виз мэдүүлэхээр зорьж байгаа, өмнө нь татгалзсан хариу авсан хэдий ч дахин материалаа бүрдүүлж визэнд орохоор зэхэж буй хүмүүст маш өгөөжтэй, мэдээлэл дүүрэн арга хэмжээ байлаа” хэмээн хүрэлцэн ирсэн хүмүүс хэлцгээж, арга хэмжээнд сэтгэл дүүрэн байгаагаа илэрхийлсэн юм.
Ингээд энэхүү уулзалт, ярилцлагын үеэр эрх чөлөөний орон руу виз мэдүүлэхэд юунд анхаарах тухай ноён Брайн К.Вингэйт -ийн өгсөн чухал 5 зөвлөгөөг онцлон хүргэж байна.
1. Ярилцлагын үеэр анхаарах ёстой хамгийн чухал зүйл бол материал бүрдүүлэлт
Хэрвээ та АНУ-руу цагаачлалын болон цагаачлалын бус виз мэдүүлэхээр шийдсэн бол хамгийн түрүүнд хийх алхам чинь онлайнаар визний мэдүүлэг бөглөх байдаг. Үүний дараа элчин сайдын яамнаас тань руу залган, ярилцлагад орох цагийг чинь товлох болно. Ярилцлагын үеэр консулын зүгээс таны эх орондоо эргэж ирэх шалтгаан, эргэх холбоог хамгийн түрүүнд чухалчлан авч үздэг. Таны бөглөсөн бүх мэдээллийг консулын албанаас нарийн нягт шалгадаг учраас хуурамч ажлын тодорхойлолт авч ирэх, орлогоо хуурамчаар мэдүүлэх нь зөвхөн виз татгалзах шалтгаан болоод зогсохгүй цаашлаад дахин таныг АНУ-ын виз мэдүүлэх боломжгүй болгох аюултай.
Ярилцлагаа амжилттай өгч, виз авахын тулд та өөрийн одоо байгаа нөхцөл байдлаа үнэн бодитойгоор материал дээрээ бөглөх нь хамгийн чухал.
Та өмнө нь хилийн дээс алхаж үзээгүй, дундаж хэмжээний орлоготой, АНУ-д ойр дотнын хэн нэгэн чинь амьдардаг эсэх нь огт хамаагүй таны бүрдүүлсэн баримтууд бүгд үнэн зөв бөгөөд эргэж ирэх шалтгаанаа та консулын ажилтнуудад тодорхой ойлгуулж чадвал АНУ-ын виз авах нь тийм ч хэцүү зүйл биш юм.
Танд сонирхуулахад, өнгөрсөн жилийн байдлаар 20,000 Монгол улсын иргэн АНУ-ын виз мэдүүлснээс талаас илүү буюу 11,000 иргэнд виз олгогджээ.
2. АНУ-ын ажил олгогчоос зөвшөөрлийн хуудас авсны дараа H2A, H2E визийг мэдүүлнэ
H-2 хөтөлбөр нь АНУ-н хөдөлмөрийн зах зээлд үүсэж буй, улирлын чанартай ажлын байранд ажиллах хүчний дутагдлыг нөхөх зорилготой, ажиллах эрхтэй цагаачлалын бус түр ангиллын виз юм. Энэ виз нь дотроо “H-2A Temporary Agricultural Workers” буюу хөдөө аж ахуйн салбарт ажиллах ажилтанд олгодог түр виз, “H-2B Temporary Non-Agricultural Workers” буюу хөдөө аж ахуйн бус салбарын ажилтанд олгох түр ажлын виз гэж хоёр хуваагддаг. Монгол улсын иргэдийн хувьд 2018 оноос энэ төрлийн визийг мэдүүлэх эрхтэй болсон юм. Түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх эрх бүхий H2 ангиллын виз авсан хүмүүсийн гэр бүлийн гишүүд нь хамт явах боломжтой байдгаараа онцлогтой. Түүнчлэн, Хөдөө аж ахуйн бус буюу H-2B ангиллын виз авч ажиллаж байгаа тохиолдолд дээд тал нь гурав хүртэлх жилээр хугацаагаа сунгаж болдог байна.
Монголчуудын хамгийн ихээр сонирхож буй H-2 визийг мэдүүлэхдээ юуг анхаарах тухайд Ноён Брайн К.Вингэйт хэлэхдээ:
“H2 ангиллын виз мэдүүлэхийн тулд үндсэндээ гурван алхмыг хийх хэрэгтэй. Хамгийн эхний алхам нь та ажлаа олохоос эхэлнэ. Хоёр дахь алхам ажил олгогч өргөдөл гаргана. Үүний дараагаар буюу гурав дахь алхам нь ЭСЯ-нд виз мэдүүлэх юм. Хүмүүс ихэвчлэн эхний хоёр алхмыг хийлгүйгээр шууд ЭСЯ-нд хандаж, виз мэдүүлэх гээд байдаг. Эхний хоёр алхмыг заавал бүрэн гүйцэлдүүлж, баталгаатай болгох хэрэгтэй” гэсэн юм.
Өөрөөр хэлбэл, АНУ-ын ажил олгогчийн зүгээс таныг ажиллуулахыг зөвшөөрсөн “petition number”-ийг элчин сайдын яам руу илгээснээр та виз мэдүүлэх эрхтэй болно гэсэн үг. Өнгөрсөн жилийн байдлаар Монголоос долоон хүн H2 ангиллын виз мэдүүлснээс бүгд өнөөдөр АНУ-д ажиллаж байгаа ажээ.
3. Дундын зуучлалын газруудад хандах шаардлагагүй
Сүүлийн жилүүдэд АНУ-руу аялах, сурах, цагаачлах хүсэл сонирхолтой хүмүүсийн тоо эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотой визэнд зуучлах, визний материал бүрдүүлж өгөх албан байгууллага, хувь хүмүүс борооны дараах мөөг шиг олширсон. Англи хэлний анхан шатны мэдлэггүй хүн виз мэдүүлэхдээ дундын зуучлалын байгууллагад хандах хэрэгтэй юу? гэсэн зочны асуултад Брайн К.Вингэйт:
“Ямар нэг агентлаг, зуучлагч гэх зэрэг бизнесийн байгууллагуудыг элчин сайдын яамны зүгээс хориглохгүй, бас дэмжихгүй. Гэхдээ зуучлалаар дамжуулан бичиг баримтаа бүрдүүлсэн хүмүүсийн дийлэнх хувийнх нь материал, ярилцлагын үеэрх хариулт хоёр нь зөрөх тохиолдол элбэг байдаг. Үүнээс үүдэн виз нь татгалздаг. Тиймээс хувийн зүгээс өгөх зөвлөгөө гэвэл, хэрвээ та виз мэдүүлэхээр шийдсэн бол англи хэл мэдэхгүй байсан ч гэсэн англи хэлний дундаж түвшний мэдлэгтэй ойр дотнын нэгнээсээ тусламж хүсээд материалаа хамтдаа сууж байгаад бөглөсөн нь таны санхүүд ч нэмэртэй, мөн ярилцлагын үеэр таны хариулт, материал хоёр зөрөхгүй байх давуу талтай.
"Та сурах болон ажиллах төрлийн виз мэдүүлээгүй л бол элчин сайдын яамны зүгээс таны хэлний мэдлэгийг биш эргэж ирэх баталгаа, бүрдүүлж өгсөн материалын чинь үнэн бодит байдлыг л чухалчлан авч үзэх болно”
хэмээн хариулсан билээ.
4. Сошиал хаягтаа юу нийтэлж, хуваалцаж байгаагаа анхаар
Нэгдсэн улсын аюулгүй байдлын бодлоготой холбоотой сүүлийн жилүүдэд АНУ-ын хил давах хүсэлтэй хүн бүрийн сошиал хаягуудыг элчингийн зүгээс нягтлан үздэг болжээ. Хамгийн сүүлд л гэхэд Харвардын их сургуульд элсэх зөвшөөрлөө аваад байсан 17 настай Палестин сурагч өөрийн хувийн сошиал хуудсандаа сайн найзынхаа улс төрийн утга агуулга бүхий постыг хуваалцсаны улмаас АНУ-ын виз авч чадаагүй гунигтай үйл явдал болсон. Тийм ч учраас та хэрвээ виз мэдүүлэхээр зэхээд байгаа бол өөрийн сошиал хаягууд дээрээ бусадтай хуваалцсан мэдээллүүдээ эргэн нэг хараарай.
5. Эцэст нь хариуцлагатай аялах хэрэгтэй
АНУ-руу зорчих хүмүүсийн тоо олширсоны хажуугаар хилийн дээс даваад визний хугацаагаа хэтрүүлж, хууль бусаар орших явдал элбэг болоод буй талаар консулын дарга мөн онцлон хэлэв. Ялангуяа “мэргэжлийн” уран бүтээлчид аяллын буюу В ангиллын визээр АНУ-ыг зорьж урлаг, уран сайхны мэргэжлийн аливаа тоглолт хийх нь визний төрлийг зөрчиж байгаа хэрэг аж.
“Бидэнд шаардлагатай байгаа ганц чухал зүйл нь бүхий л төрлийн визээр зорчихдоо гаргах аяллын хариуцлага болоод байна. Бидэнд аяллаар явна гэж виз мэдүүлсэн бол аяллаар л яв, сурна гэж хэлээд виз мэдүүлсэн бол суралцаад л эргээд ир, хэрвээ та H2 ангиллын визээр олгогддог түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх хөтөлбөрт хамрагдсан бол хуулийн дагуу ажлаа хийгээд буцаад эх орондоо эргээд ирэх хэрэгтэй. АНУ-ын визийг хуулийн дагуу ашиглаагүй тохиолдолд визийг нь цуцалж, дахин виз олгохгүй байх үр дагавартай.” хэмээн хариуцлагатай аялах тухайд тэрээр анхааруулсан хэлсэн юм.
Мэдээг бэлтгэсэн: Э.Бөртгөлжин