МАЛ ТООЛЛОГО УЛС ОРОН ДАЯАР МАРГААШ ЭХЭЛНЭ

A- A A+
МАЛ ТООЛЛОГО УЛС ОРОН ДАЯАР МАРГААШ ЭХЭЛНЭ

Улс орон даяар мал тооллогын ажил маргааш буюу арванхоёрдугаар сарын 7-ны Баасан гарагаас эхэлнэ. Нийт арван хоног хүртэл үргэлжлэх мал тооллогоор мал сүргээс гадна тэжээвэр амьтад, хашаа, худаг, тэжээлийн цэгийн тооллого нэгэн зэрэг болох юм.

Энэ онд улсын хэмжээнд нийт 19.2 сая мал төллөж, 18.2 сая толгой төл хүлээн авсан. Аймаг, орон нутгаас авсан мэдээллээр 2018-2019 оны өвөл, хавар улсын хэмжээнд 69 сая толгой мал өвөлжиж, хаваржих төлөвтэй байна. Энэ оны жилийн эцсийн мал тооллогыг бүх шатны мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна.

Манай орны мал сүрэг таван төрлөөр өссөөр 2017 онд 66.2 сая толгой мал тоолуулсан нь 2010 онтой харьцуулахад 1.5 дахин ихэссэн үзүүлэлт болж байв.

Монгол Улсад одоогийн байдлаар 49 баталгаажсан үүлдэр омгийн малыг үржүүлж байнa

Үүнээс үхэр 4.3 сая, хонь 30.1 сая, ямаа 27.3 сая, тэмээ 0.434 сая, адуу 3.93 сая тооллогдсон нь өмнөх оноос 4.7 сая толгойгоор буюу 7.6 хувиар өсөж, үүнээс адуу 304.3 мянга, үхэр 307.6 мянга, тэмээ 32.8 мянга, хонь 2.3 сая, ямаа 1.8 сая толгойгоор тус тус өссөн нь мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгдэх үндсэн нөхцөл болсон гэж үзэж буй.

Манай орны мал аж ахуйн салбарт 13.9 их наяд төгрөг эргэлдэж байна. Монгол Улс ийм нөхөн төлждөг, шавхагдашгүй асар их баялагтай орон. Гэхдээ одоо малын тоо биш чанарт анхаарах цаг болсныг мэргэжилтнүүд тэмдэглэсээр байгаа. Энэ ч үүднээс салбарын яамнаас “Малын удам гарваль, ашиг шим, галбир бие цогцос, үр төлийн чанараар үнэлэх, үр дүнг тооцох, удам зүйн үнэлгээ хийх арга зүй”-г боловсруулаад байгаа. Монгол Улсад одоогийн байдлаар 49 баталгаажсан үүлдэр омгийн малыг үржүүлж байна.

Энэ нь малын генетик нөөцөд суурилсан үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний цар хүрээг тэлэх боломж бүрдсэнийг илтгэж байна. Цаашид “Малын удам гарваль, ашиг шим, галбир бие цогцос, үр төлийн чанараар үнэлэх, үр дүнг тооцох, удам зүйн үнэлгээ хийх ажлыг  эрчимжүүлснээр гойд ашиг шимт малыг сайжруулагчаар ашиглах, улсын бүртгэлд бүртгэх, малын тооноос чанарт шилжих бодлого үр дүнтэй хэрэгжин, малчдын амьдрал дээшилнэ гэж ХХААХҮЯ-наас онцолж байна.