Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны захиалгаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан хоёр сургууль, хоёр цэцэрлэгийг өчигдөр (2019.12.09) улсын комисс хүлээн авлаа. Нийслэлийн хувьд хүн ам олонтой бөгөөд гэр хороолол шигүү суурьшсан Сонгинохайрхан дүүрэгт ерөнхий боловсролын 106, 107 дугаар сургууль, 269 дүгээр цэцэрлэг, Чингэлтэй дүүрэгт 103 дугаар цэцэрлэгүүд ашиглалтад орсноор боловсролын үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, зэргэлдээх сургууль, цэцэрлэгүүдийн ачаалал буурах юм.
106 дугаар сургуулийн одоогийн байранд 1600 гаруй хүүхэд суралцаж, тэдний 200 гаруй нь гуравдугаар ээлжээр хичээллэж байсан бол цаашид тус сургууль хоёр ээлжээр хичээллэхийн зэрэгцээ суралцагч нэмэх боломжтой болсон гэж тус сургуулийн захирал П.Энхчимэг ярьж байна. 106 дугаар сургуулийн шинэ байр олон жилийн эдэлгээ даах металл фасадтайгаараа онцлог юм.
Чингэлтэй дүүргийн 17, 18 дугаар хорооны хүүхдүүдийг хамран сургадаг 103 дугаар цэцэрлэгийн хувьд 437 хүүхэдтэй бөгөөд 200 хүүхдийн ор бүхий шинэ өргөтгөлөө хүлээн авснаар хамран сургалтаа 100 хувьд хүргэх ажээ. БСШУС-ын яамны Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ч.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг дээрх сургууль, цэцэрлэгүүдээр ажиллаж, анхаарч сайжруулах зарим асуудлаар захиалагчийн зүгээс үүрэг чиглэл өглөө. Тэрбээр “Энэ жил улсын хэмжээнд 46 сургуулийг хүлээн авахаас 34 нь ашиглалтад орж, хичээл сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлсэн бол он дуусахаас өмнө нэмж 12 сургуулийг үүдийг нээхээр ажиллаж байна. 2019 онд зөвхөн Улаанбаатар хотод 20 сургууль ашиглалтад орсноор сургуулийн хүчин чадал нийслэлийн хэмжээнд 10 мянган хүүхдээр нэмэгдээд байна” гэлээ.