Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг АНУ-ын Калифорни мужийн Менло Парк хот дахь "Фэйсбүүк" корпорацийн төв оффист ажиллалаа. "Фэйсбүүк" корпорацийн олон улсын бодлогын айлчлал хариуцсан захирал, хатагтай Стина Трейно, бусад албаны төлөөлөгчид болон "Фэйсбүүк" корпорацид ажиллаж буй монгол залуустай уулзалт хийв. Уулзалтаар Ё.Баатарбилэг сайд Фэйсбүүк корпорацийн Хамрагдах интернетийн индексийн 2018 оны судалгаагаар Монгол Улс Ази тивд нэгдүгээрт, дэлхийд 10 дугаар бичигдэж байна. Үүнийг дагаад ерөнхий боловсролын сурагчдын дунд цахимаар гадуурхах асуудал гарч байгаатай холбогдуулан хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцож, ажил хэрэг болгох хүсэлтэй байгаагаа уламжиллаа. Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газар, Ази-Номхон далайн бүс хариуцсан Фэйсбүүк корпорацийн төлөөлөгчдийн хамтарсан уулзалт 2018 онд зохион байгуулагдсан бөгөөд тус уулзалтаар цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах асуудлыг хөндөж, энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг таслан зогсооход чиглэсэн ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр зарчмын хувьд тохиролцсоныг дахин дурдаж, Монгол Улсын Цагдаагийн байгууллагын цахим гэмт хэрэгтэй тэмцэх алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтад хамруулах, туршлага судлуулах, дээрх чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар холбогдох газруудад уламжилж, ажил хэрэг болгохыг хүсэв. Фэйсбүүк корпораци тавьсан санал, хүсэлтийг судлан үзэж, холбогдох удирдлагуудад хандан ойрын хугацаанд арга хэмжээ авахаа мэдэгдэж, өөрсдийн шинэ дэвшилтэт VR технологийг боловсрол, эрүүл мэндийн салбарт хэрхэн ашиглаж байгаа талаар танилцуулга хийв. "Фэйсбүүк" корпорацид ажиллаж байгаа монгол ажилтнуудын хувьд өөрсдийн ажлын байрны тухай, цахим мэдээллийг зөв зохистой хэрэглэх талаар санал солилцож, цахим боловсрол олгох контент боловсруулах шаардлагатайг онцолж байлаа. Эх сурвалж: БСШУСЯ
- 2024-07-18
- 2024-03-05
- 2023-12-06
- 2023-04-25
- 2023-02-15
- 2023-01-27