"Утгын чимэг-2019" наадам өнөөдөр болно

A- A A+

Өнөөдөр Монголын зохиолчдын байгууллага үүсч хөгжсөний 91 жилийн ойн өдөр. Энэхүү ойн өдрөөрөө МЗЭ-ээс оны шилдэг богино өгүүллэг шалгаруулах "Утгын чимэг" наадмаа зохион байгуулах юм. Уг наадмыг энэ жил 70 насны ой нь тохиож буй Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт, "Утгын чимэг" наадмын хошой тэргүүн, зохиолч Дамбадаржаагийн Намсрай агсны нэрэмжит болгон нэрт зохиолчийн гэр бүл, үр хүүхэд, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл МЗЭ -тэй хамтран зохион байгуулж байгаагаар онцлог ажээ.

"Утгын чимэг-2019" наадмын сүүлчийн шатанд Н.Бадамжавын "Эцэг", С.Батжаргалын "Хөх илдний нууц", С.Баттулгын "Зүүдний сахиул", П.Батхуягийн "Цаггүй газар", Т.Баянсангийн "Цагаан гэгээ тасрах үе", Д.Жамъянгийн "Хот айлын лус", Ш.Ёолк "Эхийн сэтгэл элдэггүй", Д.Норовын "Хэрээний нулимс", С.Пүрэвсүрэнгийн "Аав хүү хоёр", Д.Төрбатын "Хөөрөг" гэсэн 10 өгүүллэг тунаж үлдээд байгаа юм.

Өнгөрсөн жилийн "Утгын чимэг" наадамд МЗЭ-ийн шагналт зохиолч Т.Бум-Эрдэнэ "Олон болоорой" өгүүллэгээрээ, 2018 онд яруу найрагч С.Дамдиндорж "Гурван хэмжээс" өгүүллэгээрээ, 2017 онд соёлын гавьяат зүтгэлтэн С.Пүрэв "Уул, өвгөн хоёр" өгүүллэгээрээ, 2016 онд сэтгүүлч, яруу найрагч Б.Лхагвасүрэн "Яргуй нүдлэх цагаар" өгүүллэгээрээ тус тус тэргүүлж байжээ.