Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг мөсний баяр ирэх гуравдугаар сарын 2, 3-нд Хатгал тосгоны Хүй толгойд болно.
Энэ жилийн хувьд мөсөн хотхоны талбайг томруулж, иргэдийн үзэх, харах, зураг авхуулах мөсөн урланг нэмэгдүүлэн, насны ангилалтай гурван төрлийн мөсөн гулгуурыг хийхээр төлөвлөсөн байна. Мөсөн хотхоныг “Хөх сувдын орон” нэрийн дор урлах ажээ.
Мөсний баярын үеэр мөсөн шагайн тэмцээн, унадаг дугуй, тэшүүрийн тэмцээн, мото спортын үзүүлэх тоглолт, нохой чарганы уралдаан, мөсөн дээрх олс таталт, буухиа тэмцээн, аав, ээж би тэмцээн, тахтай хатирч морьдын уралдаан, аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн урлагийн тоглолт, бөөгийн тахилга, зан үйл зэрэг болох ажээ.
Мөсний баярын үеэр автомашинуудыг хуурай газарт байрлуулж, Хүслийн хад руу очих иргэдийг тусгай тэмдэглэгээ бүхий маршрутаар зорчуулах, иргэдийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхааран ажиллах ажээ.