ӨМНӨГОВЬ АЙМАГТ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ НЭМЭГДЭЖ, АЖИЛГҮЙДЭЛ БУУРСАН

A- A A+
ӨМНӨГОВЬ АЙМАГТ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ НЭМЭГДЭЖ, АЖИЛГҮЙДЭЛ БУУРСАН

Өмнөговь аймаг, Оюутолгой компани 2015 онд хамтран ажиллах гэрээг байгуулсан. Хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор ханган нийлүүлэлт хариуцсан ажлын хэсэг, хүний нөөц хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.

Аймгийн Засаг даргын орлогч Х.Батболдоор ахлуулсан Өмнөговь аймгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хэсэг 2019 оны ажлаа дүгнэж, 2020 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцлээ. Өнгөрсөн хугацаанд ТҮНШЛЭЛ ажлын байрны нээлттэй өдөрлөгийг хийж иргэдийг сул чөлөөтэй ажлын байранд зуучлахын зэрэгцээ идэвхитэй ажил хайгч иргэдийн мэдээллийн санг бүрдүүлж ажилд зуучлах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх ажлуудыг хийсэн. Мөн Өмнөговь аймгийн Политехникийн коллежтой хамтран урт болоод богино хугацааны сургалтуудад иргэдийг хамруулж ажлын байртай болоход дэмжлэг үзүүлж байгаа юм.

Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил хөдөлмөр эрхлэлтэд онцгой анхаарч уул уурхайд ажиллах нөхцөлийг бүрдүүлээд байна. Өмнөговь аймгийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ажилгүйдлийг бууруулах ажлыг шат дараатай хэрэгжүүлснээр ажилгүйдлийн түвшин 2017 онтой харьцуулахад 3 дахин буурчээ. Тодруулбал 2017 онд ажилгүйдэл 16,4 хувьтай байсан бол 2019 онд 6,2 хувьд хүрч үндсэндээ ажилгүйдлийн түвшин 3 дахин буурчээ.