САНГИЙН ДЭД САЙД Х.БУЛГАНТУЯАГИЙНД ӨНЖЛӨӨ

A- A A+
САНГИЙН ДЭД САЙД Х.БУЛГАНТУЯАГИЙНД ӨНЖЛӨӨ

Энэ удаа “Танайд өнжье” булангаа сангийн дэд сайд Х.Булгантуяагийнхаас бэлтгэхээр зорьсон юм. бид лхагва гаригийн өглөө 07:00 цагт түүний хичээллэдэг фитнесст уулзахаар цаг товлов. Болзсон цагтаа бид Novotel зочид буудалд байрлах фитнесст хүрч очлоо. дэд сайд х.булгантуяа гадаадад оюутан байх цагаасаа спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд одоо ч түүнийгээ орхидоггүй. Тэрээр долоо хоногт 2-3 өдөр, заримдаа өглөө эрт зургаан цагаас эсвэл орой ажлаа тараад фитнесс, усан сэлэлтээр хичээллэдэг. биднийг орох үед тэрээр дасгалуудаа хийгээд дуусах тийшээгээ хандаж байв. дасгал хийхгүй бол бие хөшөөд, стресстээд байдаг юм гэлээ. Ингээд бид фитнессээс хөдөлж, дэд сайд өглөө 8:00-аас эхэлдэг Засгийн газрын ээлжит хурал руу хөдөллөө. Замаараа мөн ажлаараа орж бичиг цаасаа аваад, зарим нэг үүрэг даалгавар өгөөд гарлаа. Ойрд шинэ коронавирусийн нөхцөл байдал дэлхий даяар хүндэрч байгаа тул Засгийн газар нэлээд ачаалалтай ажиллаж байгаа. Хурал 2-3 цаг хүртэл үргэлжлэх байх. Гадны хүн оруулдаггүй тул дуусахад нь уулзахаар тохирлоо. Засгийн газрын хурал тарахад зарим яаралтай бичгийг нь ажлаас нь ордон дээр авчирч танилцуулав. Өнөөдөр Засгийн хурлаар Цагаан сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэхийг иргэддээ уриалж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт /хэсэгчлэн/ шилжүүлсэн байна. Мөн Цагаан сарын баярт зориулан үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, телевиз, радиогоор зар сурталчилгаа явуулахыг хориглосон байна. Нүүрсний экспорт зогссон, экспортын гол түүхий эдийн үнэ мөн буурсантай холбоотойгоор Сангийн яаманд Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийг яаралтай хуралдуулж эдийн засаг, бизнес эрхлэгчид, иргэдэд учирч болох санхүүгийн хүндрэл, даван туулах арга замын талаар хэлэлцэн, ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо. Импортоор орж ирдэг зарим хүнсний бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтэд онцгой анхаарахад ХХААХҮЯ, дэмжлэг үзүүлэн ажиллахад манай яаманд ч үүрэг болголоо хэмээн тэрээр ярив. Бид хоёр ийнхүү үдээс хойш гэрийнх нь зүг явлаа. Замдаа түүний урд хөршид болон дэлхийн залуучуудын мөрөөдлийн сургуулийн нэг болох Ейлийн их сургуульд сурч байсан талаар яриа өрнүүллээ. Тэрээр хятад, англи хэлээр монголчуудын хэлж ярьдгаар ус цас.

 

Түүний төгссөн сургууль урд хөршийн томоохон хотын нэг болох Уханьд байдаг. Тэр ч утгаараа бидний яриа цаг үеийн томоохон сэдэв болж буй Хятадад үүсээд байгаа нөхцөл байдлын талаар яриа өрнүүллээ. Тэрээр “Ухань бол Хятадын инноваци, бизнес, боловсролын томоохон төв. 1700 орчим өндөр технологийн компани, мөн дэлхийн топ 500 компанийн 230 компанийн салбар, хөрөнгө оруулалт байдаг Хятадын цахиурын хөндий. Шинэ коронавирусээс үүдэн хүн ам, улс орны эдийн засаг нь их хүнд цохилт авч байгааг харахад харамсалтай байна. Өнгөрсөн даваа гаригт тус улсын сангийн яам банкуудаараа дамжуулж 50 тэрбум ам.долларыг бага хүүтэйгээр дамжуулан зээлдүүлж бизнес, эдийн засгаа дэмжих бодлого явуулж эхэллээ. Би саяхан Уханьд байгаа багш нар руугаа мессэж бичиж амар мэндийг нь асуусан төр засгаас маань шуурхай хариуцлагатай арга хэмжээ авсны үр дүнд их сайн контролдож байна. Вирусийг ялан дийлнэ гэж өөдрөгөөр хариулсан юм. Би SARS дэгдэх үед Хятадад сурч байсан. Хэсэгчилсэн хөл хорио тавиад л даваад гарч байсан. Ер нь маш өөдрөг, хүнд үед маш эх оронч зохион байгуулалттай ард түмэн” хэмээн хуучлав. Түүний төгссөн сургуулийн талаар асуухад “Бидний үед Монголоос цөөхөн хүн Хятадад сурч байсан. МУИС-ийн Хэрэглээний математикийн ангид сурч байгаад Хятадын засгийн газрын тэтгэлэг аван Хятадад 1999 оноос суралцсан. Тухайн үед жилд 27, 28 хүүхдэд л олгодог, маш их өрсөлдөөнтэй байсан. Тэнд сурах үед магад Хятад улсын хамгийн хурдацтай хөгжил цэцэглэлтийн үеийн гэрч болсон. Хятад улсын тогтвортой өсөлтийн үр дүнд найман жил тутамд эдийн засаг нь хоёр дахин томорч, 2030 он гэхэд дэлхийн хамгийн том эдийн засаг болохоор байна. Мөн 2030 он гэхэд Хятадын нийт ажиллах хүчний 27 хувь нь дээд боловсролтой болохоор байгаа нь Германы түвшинд хүрнэ гэсэн үг. Хятадад сурч байхад оюутнууд бид бүгд л гадаадын том сургуульд сурах хүсэлтэй байлаа. Оюутан байхдаа хэрхэн топ сургуульд сурах вэ хэмээн судалж, TOEFL, GRE-н шалгалтад бэлдэж эхэлсэн. Дэлхийн топ сургуульд сурна гэсэн мөрөөдөлдөө хөтлөгдөн Японд жил гаруй сургуулийн бэлтгэл анги, хэлний сургалтын төвүүдэд англи хэлний багш хийж мөнгө цуглуулсан юм. Төгсөөд гэрлэж том хүүхдээ төрүүлээд сүүлдээ больдог ч юм бил үү гэж бодож эхэлсэн. Гэтэл нэг ах маань чи тэнцэнэ Булгаа, топ 10 сургуульд материалаа өг гэж надад урам зориг өгсөн юм. Өөрийгөө голон байж нэгт байсан Harvard авахгүй байх, хоёр дахь Yale University дөрөв дахь Duke University-д материалаа явуулаад үзье гэсэн хоёуланд нь тэнцсэн байж билээ. Дэлхийн топ сургуульд материалаа өгч буй бараг бүх оюутан шаардлагыг нь 100 хувь хангасан байдаг ч орох магадлал есөн хувь. Тийм хүнд шалгуураар орсон оюутнууд маш их өрсөлдөөнтэй, амбицтай, зохион байгуулалттай. Манай төгсөлтөд Английн ерөнхий сайд асан Тони Блейр ирж үг хэлэхдээ энэ сургуулийг төгссөн хүн өглөө бүр өөрийгөө бодож биш бусдын сайн сайхныг бодож байх ёстой гэж байсан нь одоо хүртэл надад тод санагддаг. Сургуулиас минь намайг ирж лекц унших урилга ирсэн тул удахгүй очих юмсан гэж бодож байгаа. Бид замдаа ийн хуучилсаар гэрт нь хүрч очлоо. Сургууль, цэцэрлэг карентилсан учраас гэртээ байгаа хүүхдүүдээ өдөр цайны цагаар очиж эргэхгүй бол болохгүй байна. Жоохон хүүхэдтэй эцэг эхчүүд над шиг л байгаа байх гэв. Гэрийн эзэн өглөөгүүр хөдөөнөөс ирсэн гээд гэртээ өнжиж байгаатай нь таарав. Бидний яриа түүний бага нас, ижий аав, нутаг усных нь тухай дурсамжаар эхэллээ. Дэд сайд Х.Булгантуяа эхээс гурвуулаа, хоёр эрэгтэй дүүтэй. Аав нь Завханы Алдархааны хүн бол ээж Архангай аймгийн Булган сумын уугуул аж. Түүний аав нисэхийн инженер мэргэжилтэй. Нисэхийн салбарт 30 гаруй жил ажилласан, харин ээж нь эдийн засагч мэргэжилтэй мөн мэргэжлээрээ 30 гаруй жил ажилласан аж. Тэрээр ээжийнхээ хөгшчүүл дээр өсжээ. Хөдөөний охин сургуульд орох гэж Улаанбаатар хотод ирээд 77 дугаар сургуульд элсэж, дараа нь авьяастны 93 дугаар сургуульд сурч байгаад австралид гурван жил дунд сургуульд сурчээ. Тэрээр энэ тухай өгүүлэхдээ “Картын барааны дараахан Австралид очиж дунд сургуульд сурсан. Тэнд амьдарч байсан анхны монголын гэр бүлүүдийн нэг болж байлаа. Тухайн үед одоогийн Н.Энхболд сайд, Ч.Хүрэлбаатар сайд, Д.Цогтбаатар сайд, Уул уурхайн сайдаар ажиллаж байсан Д.Зоригт нар тэнд сурдаг байсан. Мундаг ажил хийдэг, мундаг сурдаг ах нарыг хараад ийм мундаг болно гэж хүсч мөрөөддөг байлаа. Ээж маань тэд нараар надад ээж аавынхаа үгэнд орохын ач холбогдол, онц сурах, хань ижлээ хүртэл зөв сонгохын талаар лекц уншуулдаг байлаа. Аав ээж маань намайг улс төрд орохыг дэмждэггүй байсан. Ямар сайндаа засаг солигдоход за ашгүй, одоо энэ сиймхийгээр больчих миний хүү гэж хэлж байсан” хэмээн инээлээ. Ейлийн Их сургуулийг төгсөөд олон улсын төслүүдийн шугамаар хөгжиж буй орнуудын сангийн яамдад зөвлөхөөр ажиллаж байхдаа Зүүн Тимор, Палестин, Этиоп зэрэг дайны хөлд нэрвэгдсэн, удаан хугацаанд ядууралд өртсөн улсуудыг хараад улс эх орноо хөгжүүлэхэд маш их хувь нэмэр оруулахгүй бол ийм болчих вий дээ гэж айж эмээж билээ хэмээн ярив. Сангийн дэд сайд Х.Булгантуяагийн гэр бүлийн хүнийг О.Батсүрэн гэдэг. Тэр хоёр анх Японд танилцаж 2006 онд гэр бүл болжээ. Гэрийн эзэгтэй Японд англи хэлний багшаар ажиллаж байхдаа нөхөртэйгөө танилцсан байна. Тухайн үед гэр бүлийн хүн нь Японд сурдаг байсан гэнэ. Тэрээр олон улсын харилцаа, олон улсын хуулийн чиглэлээр Япон, Австрали улсуудад мэргэжил эзэмшжээ. Гадаад хэргийн яам үйлдвэрийн худалдааны яаманд ажиллаж байжээ. Одоогоор хувийн хэвшилд ажиллаж байгаа аж. Тэднийх гурван хүүхэдтэй. Том охин нь 13 настай. Дунд хүү нь долоон настай бол бага нь гурван настай гэнэ. Том охин нь ээжтэйгээ хамт тэсвэр хатуужлын спорт триатлоноор хичээллэдэг аж. Усанд сэлэх, дугуй унах, гүйх гээд гурван төрлөөр өрсөлддөг спорт эмэгтэй хүнд битгий хэл эрэгтэй хүнд чанга. Гэхдээ охин нь өсвөрийн Улсын аварга шалгаруулах мөнгөн медальтай гэнэ. Хүүхдүүдээ спортод дуртай амьдралын зөв хэв маягт дуртай байлгахыг хичээж өөрөө үлгэрлэхийг оролдоно. Энэ зун дунд хүүгээ тэмцээнд оролцуулах бодолтой байгаа ч карентин гээд сүүлийн үед огт бэлтгэл хийж чадахгүй хэцүү байна хэмээн ярилаа. Ордоны гадаа мээм идэж өссөн бага хүү нь одоо гурван нас хүрч гараас гарсан ч ах эгч хоёрыгоо теле-хичээлийг нь тайван үзүүлэхгүй эмээ өвөөгийнх рүү “томилолт“-той явсан гэнэ. Бид удалгүй ажил руу нь явлаа. Ажил дээрээ албан бичигтэй танилцах, ирсэн и-мейлүүдэд хариу өгөх гэх мэт ажил их. 4:30-аас гадны байгууллагын төлөөлөлтэй уулзалтад орлоо. Залгаад Хятадад төгсөгчдийн холбооны удирдах зөвлөлийн төлөөлөлтэй уулзлаа. Мөн удахгүй оролцох гадны хурлынхаа тухай гадаад руу интернэтээр хурал хийлээ. Удахгүй гадагшаа уул уурхайн том хуралд оролцож илтгэл тавих ёстой тул түүнийгээ бэлтгэх гээд сууж хийх ажил их байгаа хэмээн бид ярилцаж түүний ажлыг зорилоо. Сангийн яам хамгийн ажлын ачаалал ихтэй яамдын нэг. Түүнийг дэд сайдын ажил гэргий ээжийн үүргээ хэрхэн гүйцэтгэдэг тухай асуухад “Манай ээж мундаг карьер эмэгтэй байсан. Намайг жоохон байхад бүгдийг нь яаж ийгээд л амжуулдаг. Бидний гэрийн даалгаврыг нэг бүрчлэн шалгадаг. Нэг л мэдэхэд очоод багштай уулзчихсан. Одоо хүртэл тэр зангаараа. Ээж маань сангийн яаманд газрын дарга байсан, олон улсын байгууллагуудад олон жил ажилласан. Ээж амжуулдаг байсан болохоор би амжуулах ёстой л гэж боддог. Бидний сурлага хүмүүжилд маш их анхаарна. Амралт эхлэхэд надад тоо, англи хэл, орос хэл тэр битгий хэл дууны багш хүртэл авч өгөөд үргэлж онц сурах ёстой гэж шахна. Төрийн ажил эмэгтэй эрэгтэй байлаа гээд ялгаа байхгүй. Шаардлага, шүүмжлэл яг л адилхан ирнэ.” гэв.

Орой долоон цаг өнгөрөөгөөд лагерьт бага хүүхэд дээрээ очиж хононо эрт гарахгүй болохгүй гээд хөдлөхөөр гарлаа. Ажил дээрээ суух зуур гэрийн даалгавраа ярьж хүүхэд нь залгана. Карентины үед теле-хичээлээ үзэж байгаад хоцорлоо гээд уйлаад залгана, зөв байна уу гээд охин нь хичээлийнхээ зургийг явуулах гээд эцэг эхчүүдэд бас ачаалалтай байх шиг байна хэмээн ярилаа. Тэрбээр гадны хэд хэдэн сайт, сэтгүүл өдөрт уншиж мэдээлэл авах дуртай аж. http://www.chinadaily.com.cn/, www.asahi.com гээд япон, хятадын өдөр тутмын сонины сайт орж, хажуугаар нь Economist, Wall Street Journal-с юм уншихыг зорьдог гэлээ. Ялангуяа олон улсын сэтгүүлүүд өөрийн гэсэн аппликэйшнтэй болсон тул байнга шинэ мэдээллүүд өгч, бүр шууд аудиогоор уншиж өгдөг болсон. Өөрөө унших ч хэрэггүй сонсох цаг л гаргах ёстой. Заримдаа фитнесст, заримдаа машинд сэтгүүл, номоо сонсоод мэдээлэл авна гэдэг маш их цаг хэмнэдэг. Англи хэл сайтай байх нь дэлхийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдлэгийг түргэн шуурхай авах боломж өгдөг. Монгол Улсын гол яамны дэд сайд байж дэлхийд юу болж байгаагаас хоцрох ёсгүй гэж боддог хэмээлээ. Энэ их ажлыг хэрхэн амжуулдаг вэ гэхэд “Монгол эмэгтэйчүүд дайчин, сэтгэлийн маш их хаттай, ажил амьдралыг хослуулж чаддаг. Гэхдээ эмэгтэйчүүд бид өрөөлд ч, өөрсдөдөө ч их өөнтөгч хүмүүс. Эрчүүд бол илүү өөртөө итгэлтэй, өөрийгөө үнэлж чаддаг бол бид өөрсдийгөө доогуур үнэлж, бусад эмэгтэйчүүдийг ч их хатуу шалгуураар шүүдэг гэж би уншиж байсан. Уг нь өрсөлдөөн нэг эмэгтэй нөгөө эмэгтэйтэйгээ биш, энэ жижиг улс дотор нэг нь нөгөөгөө хойш татаж өөрөө урагш ахих биш дэлхийн бусад улс оронтой өрсөлдөж, хөгжил цэцэглэлттэй хөл нийлүүлж явахгүй бол саяхан хөгжлийн олон индексээрээ ижил байсан улс орнууд манайхаас 2-3 дахин өссөнийг харахад өөрийн эрхгүй санаа зовж, шар хөдөлдөг. Цөөхөн Монголчууд бид бусдаас илүү хөдөлмөрлөж, хатуужилтай байж, бие биеэ дэмжиж байж л хөгжинө” хэмээснээр бидний халуун дулаан яриа өндөрлөлөө.

Өдрийн сонин: сэтгүүлч Д.Оюунтуяа