Өмнөговь аймгийн Тавантолгойн ТУЗ-ийн даргаар эрүүгийн хэргээр ял шийтгэл эдэлж байсан хүн сонгогджээ

Өмнөговь аймгийн Тавантолгойн ТУЗ-ийн даргаар эрүүгийн хэргээр ял шийтгэл эдэлж байсан хүн сонгогджээ

В.МӨНХБАТ НЬ БҮЛЭГЛЭН БУСДЫН БИЕД ГЭМТЭЛ УЧРУУЛЖ БАЙСАН НЬ ШҮҮХЭЭР ТОГТООГДЖЭЭ-

Өнгөрсөн сарын 27-ны өдөр /2019.04.27/ Өмнөговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж орон нутгийн Тавантолгойн ТУЗ-ын гишүүдийг өөрчилсөн байна. Ингэхдээ ИТХ-ын тэргүүлэгч В.Мөнхбат, Б.Эрдэнэ-Очир, Э.Өлзийжаргал, Д.Батзориг, Ө.Баянмөнх нарыг томилох шийдвэрийг гаргажээ.

Үүний дараа буюу дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Тавантолгойн ТУЗ хуралдаж дээрх гишүүдийг батламжилсан бөгөөд В.Мөнхбатыг даргаар томилжээ.

ТУЗ-ын даргаар сонгогдсон В.Мөнхбат нь өмнө нь хэд, хэдэн удаа эрүүгийн гэмт хэрэгт нэр холбогдож, гэм буруутай нь шүүхээр тогтоогдож байжээ. Тиймээс уг томилгоо өмнөговьчуудын эсэргүүцэлтэй тулгараад байгаа аж.

В.Мөнхбат нь ИТХ-ын тэргүүлэгчээр ажиллах хугацаандаа танхайрч хоёр ч удаа хүн зодсон байна. Түүний бусадтай бүлэглэн танхайн гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож байсан нь баримтаар нотлогдож байгаа юм.

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар ИТХ-ын хурлын төлөөлөгч нь гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан тохиолдолд уг төлөөлөгчийн бүрэн эрхийг дуусгавар болгож, ИТХ-ын төлөөлөгчөөс чөлөөлөх ёстой байдаг.

Гэтэл шүүхийн хоёр удаагийн шийдвэрээр В.Мөнхбатыг гэмт үйлдсэн гэдгийг нотолчихоод байхад өнөөдрийг хүртэл төлөөлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлсээр тэр бүү хэл Тавантолгой ТУЗ-ын дарга болсныг нутгийн иргэд хурцаар шүүмжилж байгаа аж.

Бид В.Мөнхбаттай холбогдож энэ талаар тодруулах гэсэн боловч хариу өгсөнгүй. Харин орон нутгийн Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Р.Сэддорж “Надаас хамааралгүйгээр хийгдсэн томилгоо. Тэр хүний гэмт хэрэгт холбогдож байсан эсэхийг би мэдэхгүй байна” гэсэн юм.

ХОЛБОГДОХ БАРИМТЫГ ДОР ХАВСАРГАВ

Тавантолгойн ТУЗ-ын 51 хувийг төр буюу аймгийн ИТХ-аас бүрдүүлдэг байна. Харин үлдсэн 49 хувийг өөр бусад аж, ахуй нэгжүүд бүрдүүлдэг аж.

Тавантолгойн 51 хувийг ИТХ-аас бүрдүүлдэг гэх утгаараа Өмнөговь аймагт ялсан нам буюу ИТХ-д олонхи улс төрийн хүчин төлөөллөө ТУЗ-д оруулдаг бичигдээгүй хуультай аж. Тиймээс Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч бүхэн Тавантолгой ТУЗ-ын гишүүн болохыг хүсдэг байна. Учир нь Тавантолгой уурхайд нүүрсний квоттой болох хөрс хуулалтын ажил авах зэргээс эхлэн хөрөнгөжих олон боломж байдаг аж. Мөн ТУЗ-ийн гишүүнээр ажиллавал цалин хангамжтай болохоос гадна компаний ашгаас жилдээ 100- 200 сая төгрөгийн урамшуулал авдаг аж. Тиймээс ТУЗ-ийн гишүүн болох өрсөлдөөн ширүүн болдог байна. Үүнийг дагасан улс төрийн бохир үйлдэл, хуйвалдаан ч их болдог аж.

Эх сурвалж: medee.mn