Турк сургуулиуд Монгол-Туркийн харилцаанд сөрөг нөлөө үзүүлнэ гэж анхааруулав

A- A A+
Турк сургуулиуд Монгол-Туркийн харилцаанд сөрөг нөлөө үзүүлнэ гэж анхааруулав

Монгол-Турк улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байна. Хагас зуун жилийн түүхийг энэ сарын 24-нд албан ёсоор тэмдэглэх юм. Ойг угтан Монголын хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгчид өнгөрсөн сард Туркийн нийслэл Анкара, үйлдвэрлэлийн хот Эскишехир, худалдаа, санхүүгийн төв болсон Истанбул хотуудад айлчиллаа.

Монгол тус улсаар дамжин Европ руу гарах бол Туркууд Монголоор дамжин Алс Дорнодын орнууд рүү хүрэх боломжтой.

Төлөөлөгчид Туркийн парламент, ГХЯ, ТИКА, Туркиш Эйрлайнс, Аялал жуулчлалын агентлагуудын холбоо, ТРТ телевиз зэрэг байгууллагад зочилсон юм. Мөн шинэ эмнэлэг, эрчимжсэн фермээр зочлон, Туркийн Үндэсний их хурлын гишүүн, Турк-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Мехмет Эрдоган, ТИКА-гийн дэд дарга Др.Рахман Нурдун зэрэг албан тушаалтнуудтай уулзсан юм. Энэхүү танилцах аяллыг Туркийн ТИКА байгууллага, Туркэд суугаа Монголын ЭСЯ хамтран зохион байгууллаа.

Сэтгүүлчид Турк-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Мехмет Эрдогантай хамт Тус улсын Гадаад харилцааны яаманд болсон уулзалтын үеэр Туркийн гадаад бодлого, үзүүлж буй хүмүүнлэгийн тусламж болон алан хядах байгууллага хэмээн зарласан ФЭТО бүлэглэлийн хоёр жилийн өмнө хийхээр завдсан, төрийн эргэлтийн хор уршгийн талаар хөндсөн юм. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас (OECD) гаргасан жагсаалтаар БНТУ эдийн засгийн чадавхаараа дэлхийд 13-т, Европт тавдугаарт жагсаж байна. НАТО-гийн гишүүн тус улс цэрэг армийн хүчин чадлаараа НАТО дотор АНУ-ын дараа хоёрт жагсдаг. Нэг хүнд ногдох ДНБ нь 10 мянган ам.долларт хүрч, нийт эдийн засаг нь 763 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Мөн НҮБ-ыг анхлан санаачилж байгуулсан 51 улсын нэг бөгөөд НҮБ-д хамгийн их санхүүжилт олгодог 14 дэх улс юм. Тус улс сүүлийн жилүүдэд идэвхтэй гадаад бодлого явуулж байна. Тэнцвэртэй, харилцан ярианд нээлттэй, алс хязгаарын улс орнуудад ч хүрсэн гадаад бодлого явуулахыг эрмэлзэж байгаа аж. Иймд 142 улсад ЭСЯ, 85 Ерөнхий консул, 13 байнгын төлөөлөгч нээн ажиллуулдаг. Мөн зөөлөн хүчний бодлогыг тууштай хэрэгжүүлэн, хөгжиж буй орнуудад ТИКА (Туркийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага)-гийн салбаруудыг байгуулан, бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүд санхүүжүүлэн хэрэгжүүлдэг юм. Мөн Туркиш эйрлайнс, Улаан загалмайн нийгэмлэг, МААРИФ сан, Юунус Эмрэ хүрээлэнгээрээ дамжуулан, зөөлөн хүчний бодлогоо хэрэгжүүлдэг байна.

1. Хот дахин төлөвлөлт эрчимтэй явагдаж буй Анкара хот | 
Сүүлийн жилүүдэд хамгийн олон дүрвэгч хүлээн авсан, их хэмжээний хүмүүнлэгийн туслалцаа үзүүлсэн орноор ч Туркийг нэрлэж байна. Хөрш Сириэс 4 сая хүн иргэний дайнаас зугтан иржээ. Дүрвэгсдийн дийлэнх нь хил дагуу байрлаж байгаа ч Анкара гэх мэт төвийн хотуудад хүртэл ирж, дахин төлөвлөлтөд хамрагдсан, орхигдсон байруудад амьдрах болсон байна. БНТУ
  • 2015 онд 3 тэрбум,
  • 2016 онд 6 тэрбум,
  • 2017 онд 8 тэрбум ам.долларыг зөвхөн хүмүүнлэгийн тусламжид зориулжээ.
Энэ нь ДНБ-ийх нь 0.85 хувийг эзэлж байна. Мөн алан хядах “Исламын улс” бүлгийн эсрэг тэмцлийг өргөн хүрээнд явуулдаг. ХАГАС ЗУУНЫ ТҮҮХТЭЙ МОНГОЛ-ТУРКИЙН ХАРИЛЦААНЫ ЭХЛЭЛ Түүх сөхвөл 1932-1936 оны хооронд Ерөнхий сайд П.Гэндэн Турк улстай харилцаа тогтоох санаачилга гаргаж байжээ. Гэвч гадаад төдийгүй дотоод асуудлаа ч ЗХУ-аар шийдүүлдэг хүнд цаг байсан тул түүний санаачилга ажил хэрэг болоогүй аж. Харин ардчилсан нийгэмд шилжсэн 1990-ээд оны эхээр хоёр орны харилцаа идэвхжиж эхэлжээ. Монгол тус улсаар дамжин Европ руу гарах бол Туркууд Монголоор дамжин Алс Дорнодын орнууд рүү хүрэх боломжтой.
Ерөнхий сайд П.Гэндэн Турк улстай харилцаа тогтоох санаачилга гаргаж байсан ч...

Дэлхий нийтийн анхаарал хурдацтай хөгжиж буй Зүүн Азийн орнууд руу чиглэж байгаа өнөө үед Монгол Улстай тогтоосон харилцаа их чухал гэж Туркийн ГХЯ-ны мэргэжилтнүүд тайлбарлав. Мөн Монгол Улс Туркийг гурав дахь хөрш улсаараа зарласанд ихээхэн сэтгэл хангалуун байдгаа байнга илэрхийлэн, “Энэ бол бидэнд олгож буй үүрэг хариуцлага” гэсэн юм. Хэдийгээр хоёр орны худалдаа дөнгөж 43 сая ам.доллараар хэмжигдэж байгаа ч дипломат харилцаа тогтоосон 50 жилийн хугацаанд манай улсад нийт 88 сая ам.долларын техникийн буцалтгүй тусламж үзүүлсэн байна. ТӨРИЙН ЭРГЭЛТ ХИЙХ ОРОЛДЛОГО: ДОЛДУГААР САРЫН 15-НЫ ОРОЙ ЮУ БОЛСОН БЭ?

Боловсрол, батлан хамгаалахын салбарт хоёр улсын харилцаа илүүтэй хөгжиж байсан ч гурван жилийн өмнө Туркэд болсон төрийн эргэлтийн улмаас ээдрээтэй нөхцөл байдал үүссэн гэхэд болно. Долдугаар сарын 15-ны орой Туркийн агаарын хүчний цэрэг, офицерууд парламентын хуралдаан үргэлжилж байхад парламентын ордныг бөмбөгдөн, парламентын барилга дахь телевизийн сувгуудыг эзлэн авчээ. Мөн төрөлх хотдоо амарч байсан Ерөнхий сайд Рэжэп Таип Эрдоганы (одоо Ерөнхийлөгч болсон) байрлаж байсан зочид буудал руу агаараас гал нээсэн байна. Азаар Ерөнхийлөгч нисдэг тэргээр тэндээс явсан байжээ. Мөн зэвсэглэсэн цэргүүд Истанбул хот дахь Босфорын хоолойг холбосон авто замыг хаан, төрийн эргэлтийг эсэргүүцсэн иргэд рүү гал нээжээ. 2016 оны долдугаар сарын 15-нд Анкара, Истанбулд нэгэн зэрэг болсон цэргийн ажиллагааны улмаас 251 хүн амиа алдаж, 2000 иргэн шархадсан. Амиа алдагсдын дийлэнх нь энгийн иргэд байсан нь харамсалтай. Шөнөжин үргэлжилсэн ажиллагааг Турк сургуулиудын захирал нар багтсан таван хүн удирдсан аж.

1. Парламентын ордон дахь бөмбөгдөлтийн ул мөр | 3 фото
 
 
 
 
Дэлхий нийтийг цочирдуулсан энэ үйл явдлын дараа Туркийн Засгийн газраас Фэтхуллах Гүлэний үүсгэн байгуулж, далдаас удирддаг ФЭТО хэмээх байгууллага зэвсэгт ажиллагааг гардан үйлдсэн гэж зарласан юм. Уг нь Ерөнхийлөгч Рэжэп Таип Эрдоган Фэтхуллах Гүлэн нар олон жилийн турш хамтрагчид, үзэл санаа нэгт нөхөд байжээ. Эрх баригч нам болох Шударга ёс, хөгжлийн нам олон жилийн турш төрийн эрх баригч байхад АНУ-д амьдардаг Фэтхуллах Гүлэн санхүүгийн болон бусад тусламж дэмжлэгийг үзүүлсээр ирсэн байна. Иймд түүний төлөөний хүмүүс Засгийн газарт хүртэл багтаж байсан удаатай гэнэ. Гэвч төрийн эрхийг хууль бусаар авахаар оролдсон, ажиллагаанд оролцсон үндэслэлээр шүүхээс ял авсан иргэдийн 98 хувь нь хэргээ хүлээжээ. Одоо ч тус улсад төрийн албан хаагчдыг олноор нь ажлаас халах, шүүх үзэгдэл байсаар байна. Учир нь ФЭТО бүлэглэл төрийн бүх байгууллагад гишүүдээ оруулан, төрийн албаны шалгалтын материалыг урьдчилан авч, өөрийн хүнийг шалгалтад тэнцүүлэн, цаашлаад өндөр албан тушаалд томилдог байсан гэж Туркийн эрх баригчид үздэг. Тэд долдугаар сарын 15-ны орой зөвхөн мөсөн уулын орой л ил болсон. Энэ бүхэн 40 жилийн өмнөөс эхлэлтэй гэж дүгнэжээ.
Долдугаар сарын 15-ны орой зөвхөн мөсөн уулын орой л ил болсон. Энэ бүхэн 40 жилийн өмнөөс эхлэлтэй.

Туркийн Засгийн газраас алан хядах байгууллага гэж албан ёсоор зарласан энэ байгууллага нь маш олон оронд Турк сургууль нээн, бүрэн дунд боловсрол олгодгоороо танигдсан. Гэвч энэ нь тэдний бамбай байсан, чанартай боловсрол олгоно гэсэн сайхан зорилгын ард Туркийн төрийн эрхийг булаах далд санаа нуугдаж байсан гэв. Тэд эхлээд сургууль, дотуур байр байгуулан, өнчин, амьдралын боломж доогуур хүүхдүүдийг зориуд сонгон элсүүлсэн. Тэдгээр хүүхдүүдтэйгээ их сургуульд элсэн, ажлын байранд гарсны дараа ч байнга холбоо харилцаатай байж, ашигласаар ирсэн “Та нар Туркийн дараа үеийн эрх баригчид. Бид удахгүй хүчирхэгжинэ. Өөрийгөө нууцал” гэх мэтээр ухуулан сэнхрүүлж, “Та нарыг бид сургуульд сурган, тэжээж тэтгэсэн. Удахгүй дохио өгнө. Тэр цагт бүгд цэрэглэн хөдөлнө” гэх мэт мэдээллийг нууцаар дамжуулдаг байжээ. ФЭТО-Гийн гишүүд орлогынхоо тодорхой хувийг ч бүлэгтээ өгдөг, шинэ системд буюу төрийн эргэлтийн дараа байгуулах тогтолцоонд үнэнч байна хэмээн тангараг өргүүлдэг байжээ. Мөн банк, хэвлэл мэдээлэл шэх мэт олон салбар дахь өндөр албан тушаалд хүрсэн гишүүдээрээ дамжуулан, бизнес эрхлэгчдээс их хэмжээний санхүүжилтийг хүчээр, албан тушаалаа ашиглан авч байсныг нь илрүүлжээ. Үүгээр зогсохгүй өөрийн харьяаны 500 компани байгуулан, улс дотор улс байгуулсан гэх сэжүүрийг хамгийн анх 2011 онд авчээ. Ингээд ФЭТО-гийн гишүүд олноороо цугларсан, Анкарагийн цагдаагийн академийг хаах арга хэмжээ авсан байн. Өндөр төлбөртэй сургуулиуд нь нууц бүлгээ санхүүжүүлэх эх үүсвэр гэж Туркийн тал үзэж байна. Иймд олон оронд турк сургуулиудыг бүр мөсөн хаасан бол зарим улс Туркийн Маариф санд шилжүүлэн өгчээ. Манай улсад Туркийн 5 сургууль бий. 1994 онд эхний сургуулиа нээснээс хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрт 3000 хүүхэд суралцаж байсан бол төрийн эргэлтийн оролдлогын дараа 1500 болж буурчээ. Туркийн тал эдгээр сургуулийг Маариф хэмээх шинэ сандаа нэгтгэх хүсэлтээ удаа дараа илэрхийлсэн. Харин манай улсын одоо мөрдөж буй хуулиар хувийн өмчид шууд халдаж болохгүй. Тэгээд ч турк сургуулийн өмнөх захирлууд сургуулиа бусдад худалдан, Германы хөрөнгө оруулалт оруулсан байна. Одоогоор эдгээр сургуульд ХБНГУ-ын ЭСЯ-наас “Герман сургууль” гэсэн статус олгоогүй байна.

 Туркийн тал эдгээр сургуулиуд танай улсын аюулгүй байдалд эрсдэлтэй, хоёр улсын харилцаанд ч сөрөг нөлөөтэй гэж анхааруулав. Харин Туркийн сөрөг хүчний намууд төрийн эргэлт хийх оролдлогыг зохиомол хэрэг гэж үгүйсгэдэг юм. Учир нь агаарын дайралтууд ажлын цаг дууссаны дараа буюу 19 цагт эхэлжээ. Мөн парламентын ордныг бөмбөгдсөн нисгэгч туршлагагүй хүн байсан тул чуулганы танхимыг онилж чадаагүй гэдэг нь худлаа. 30-аад телевиз нэвтрүүлэг цацдаг байтал яагаад ганц л телевиз рүү дайран оров гэх мэтээр шүүмжилдэг байна. Мөн энэ хэргийн дараа олон хүнийг шүүхийн шийдвэргүй хорьсон, хамгийн олон сэтгүүлчийг цагдан хорьдог улс Турк болов гэх мэт шүүмжлэлийг хүний эрхийг хамгаалагч байгууллагууд болон ЕХ-ноос зүгээс одоо ч хэлсээр байна. Ямартаа ч 2016 онд болсон энэ хэрэг явдлын дараа Монгол дахь Турк сургууль төгсөгчид өөрийн зардлаар ч тус улсад үргэлжлүүлэн суралцах боломжгүй болсон. Уг нь тус улсад тэтгэлгээр сурах эрхийн дийлэнхийг Турк сургууль төгсөгчид цахимаар авдаг шалгалтад тэнцэн авдаг байв. Иймд Туркийн засгийн газрын тэтгэлгээр нэг жилд сурах оюутны тоо 75-аас 50 болж буурсан. Төгсгөлд нь онцлоход Германы хувийн хэвшилд худалдсан гэх турк сургуулиудын гэрээг манай хуулийн байгууллага шалгажээ. Ингэхэд талууд ХБНГУ дахь Эмпати сургуулийн салбарт шилжүүллээ гэсэн гэрээ хийсэн ч төлбөр төлсөн санхүүгийн баримтууд олдоогүй байна.