“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийт 41.5 сая модыг тарьж, ургуулаад байна.

A- A A+
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийт 41.5 сая модыг тарьж, ургуулаад байна.

Ерөнхийлөгчийн санаачилгаар “Ойн салбарын үндэсний II чуулган”-ыг өнөөдөр /2024.03.05/ Төрийн ордонд зохион байгуулж байна.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлэхдээ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 2030 он гэхэд есөн хувьд хүргэх зорилтыг ханган хэрэгжүүлнэ. Хоёр жилийн хугацаанд улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа мод үржүүлгийн газрын тоо 452-т хүрсэн. Мөн 39 зүйлийн мод, сөөгний 12.1 мянган тонн үр, 62.9 сая ширхэг суулгацын нөөцийг бүрдүүлж, нийт 41.5 сая модыг тарьж, ургуулаад байна. Түүнчлэн ойн хөнөөлт шавьжтай тэмцэх ажлыг эрчимжүүлж, 2023 онд 275 мянган га талбайн тэрбум орчим модыг хамгаалж, ургуулж чадлаа. Мөн 2024 онд 300 гаруй мнган га талбайд хөнөөлт шавьжаас хамгаалах ажлыг гүйцэтгэнэ. "Тэрбум мод" хөдөлгөөнийг 10 жил хэрэгжүүлээд зогсох ажил биш. Монголчууд тэрбум тэрбумаар мод тарих ёстой. Энэ ажлыг хойч үе маань үргэлжлүүлнэ" гэдгийг онцолсон юм.

Ойн салбарт техник, технологи, инновацын хөгжлийн ололт амжилтыг  тууштай нэвтрүүлэх, механикжуулах, технологи дамжуулах үйл ажиллагааг нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх шинжлэх ухааны байгууллагын бүтцийг одоогийн хүрээлэнгүүдийн салбар, нэгжүүдийг нэгтгэх замаар шинэчлэн зохион байгуулах шаардлагатайг  хэлэв.

Ашиглалтын ойн нөөц бүхий Хойд, Төв, Зүүн бүсэд Ой модны кластер үйлдвэрүүдийг төр, хувийн хэвшлийн оролцоотойгоор байгуулж ой хамгаалал, нөхөн сэргээлт, ойжуулалтын ажлын зардлыг үйл ажиллагаанаасаа санхүүжүүлдэг болох зэргийг цаг алдалгүй хэрэгжүүлэхийг сануулав.

Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, ойн үнэ цэнийг нэмэгдүүлэх, ард иргэдийн ойн талаарх мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, ойн салбарын ажилчдын нийгмийн асуудлыг сайжруулахад чиглэсэн тодорхой, үр дүнтэй арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлэх ёстойг хэлэв.

Мөн ойн салбарын зорилт, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд салбарын хамт олны санал санаачилга, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, хөдөлмөр зүтгэл хамгийн чухал гэдгийг тэмдэглэлээ.

Түүнчлэн байгаль орчин, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, улмаар улс үндэстнийхээ аюулгүй байдлыг бататган бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын төлөө төр засаг, түмэн олноороо нэгэн сэтгэлээр хамтран зүтгэхийг уриаллаа. 

2023 онд 275 мянган га талбайн тэрбум орчим модыг хортон шавжнаас хамгаалж, доройтолд өртөн, хатаж хуурайшихаас сэргийлж чадсан бөгөөд энэ жил 300 гаруй мянган га талбайг ойн хөнөөлт шавжнаас хамгаалахад 20 гаруй тэрбум төгрөг зарцуулах юм.

Үндэсний хөдөлгөөний хүрээнд тарих нийт модны 50 гаруй хувийг уул уурхайн компаниуд тарих бол Монголбанк, арилжааны банкууд “Тэрбум мод сан” байгуулан төсөл, хөтөлбөрүүдэд ногоон санхүүжилт олгож байна.

Монгол Улс Европын холбооны “Ойн түншлэл”-д нэгдэн орсон Ази тивийн анхны улс болж, энэ хүрээнд төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж эхлээд байна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “Ойн генетик нөөцийн төв” болон “Хөрсний инновац, технологийн төв” байгуулан ойн салбарын дэд бүтцийг бэхжүүлэхэд томоохон хөрөнгө оруулалт хийлээ.

Монгол Улс ойгоо хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр идэвхтэй байр суурь баримталж, олон улсын түвшинд олон санал, санаачилга дэвшүүлэн ажиллаж байна.

Тухайлбал 2024 оны наймдугаар сард НҮБ-тай хамтран “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”, 2026 онд Цөлжилтийн тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулах юм.

Түүнчлэн 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг санаачлан батлуулаад байна.