18 байршилд явган хүний зам шинэчилнэ

A- A A+
18 байршилд явган хүний зам шинэчилнэ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар төсвийн бие даасан байдал хангагдаж, нийслэл болон дүүргүүд нийгэм, эдийн засгийн хувьд хөгжих боломж бүрдсэн. Үүний үр дүнд түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг эхлүүлж, гудамж, зам шинэчлэх, авто зам болон гүүрэн байгууламжийг шинээр барих, өргөсгөх зэрэг бүтээн байгуулалтын ажлууд хийж буй. 

Энэ хүрээнд иргэдийн аюулгүй зорчих нөхцөл, боломжийг бүрдүүлэхийн тулд нийслэлийн 18 байршилд явган хүний замыг шинэчлэхээр боллоо. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 26-р хорооны Хүннү гудамжинд маргааш буюу тавдугаар сарын 25-наас эхлэн нэг сарын хугацаанд явган хүний зам, талбайн шинэчлэлийн ажлыг гүйцэтгэх гэж байна. Тус гудамжны 13 мянган ам метр талбай бүхий явган болон дугуйн замыг ашиглалтын шаардлага хангахуйц буюу 1.5-5 метр болгон өргөтгөхөөс гадна гадаргуу, орц, гарцын налуу, хөтөч хавтангийн байршлыг стандартад нийцүүлэн шинэчлэх юм.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Нийслэлийн Замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Одбаяр нар явган хүний замыг шинэчлэх шаардлага, одоогийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд НИТХ-аар Хотын стандартыг баталсан. Стандарт баталсан бол түүнийгээ хэрэгжүүлж, мөрдүүлэх ёстой. Хүмүүс заавал автомашинаар явахгүй, явган зорчихыг хүсэж байгаа ч явган явах орчин нь бүрдээгүйгээс машинаар зорчиход хүрдэг. Иймээс уг ажлыг Баянзүрх дүүргийн 26-р хорооноос эхэлж байна. Бусад байршилд ч мөн яг ижил стандартын дагуу шинэчлэл хийнэ” хэмээв.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Одбаяр “Явган хүний замыг өргөтгөхөд саад учруулж буй хашааг буулган, талбай чөлөөлөхийн тулд эзэмшил талбайгаа хэтрүүлэн, зөвшөөрөлгүй хашаа барьсан аж ахуйн нэгжид мэдэгдэл, шаардах хуудас хүргүүлж байгаа. Харин зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжтэй тохиролцон ажиллаж байна” гэлээ.

Тэргэнцэр болон бусад дугуйт хэрэгслийн урд дугуй 2.5 сантиметрээс өндөргүй бартааг давах боломжтой байдаг тул одоо байгаа явган хүний замуудаар зорчиход бэрхшээлтэй байдгийг "Түгээмэл хөгжлийн төв" ТББ-ын дэд бүтцийн хүртээмжийн ажилтан Б.Ням-Очир онцолж байв. Иймд явган хүний зам дээрх хөтөч хавтанг стандартын дагуу байршуулж, саад бартааг чөлөөлж, шинэчлэн зассанаар иргэд аюулгүй, саадгүй зорчих боломж бүрдэх юм.

Явган хүний замын шинэчлэлийн ажлыг нийслэлийн хамгийн олон хүн амтай, зорчих хөдөлгөөний ачаалалтай хэсгүүдээс эхлэх бөгөөд тус ажлыг Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ хийж гүйцэтгэнэ.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР