Монгол Улсад Нисэх хүчин үүсч хөгжсөний түүхт 97 жилийн ой, Агаарын тээвэрлэгчдийн өдөр өнөөдөр тохиож байна. Ойн хүрээнд Иргэний нисэхийн салбарын ажилтнууд, үе үеийн удирдлага хамт олон хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, цаашдын бодлого чиглэлээ ярилцлаа.
ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан нийт хамт олондоо Нисэх хүчний 97 жилийн ой, Агаарын тээвэрлэгчдийн өдрийн баярын мэндийг хүргээд “Монгол Улсын Их хурал, Засгийн газраас Иргэний нисэхийн салбарыг Монгол Улсын тэргүүлэх салбар болгохоор бодлогын олон баримт бичиг гаргасан. Энэ бодлогын бичиг баримтуудыг хөгжүүлэх цаг үе нь өнөөдөр бидний үе. Өнгөрсөн 20 жилийн хугацааны хөгжил, хоёр жилийн хугацааны саатал, энэ цаг үеийн хямрал хүндрэлийг бид нэг сэтгэлээр, эв нэгдлээрээ туулна гэдэгт итгэлтэй байна. Иргэний нисэхийн салбарыг “Хил хязгааргүй нисэх” бодлогын хүрээнд хөгжүүлэхээр бид нэг зүгт харан ажиллаж байна. Монгол Улсын агаарын зай, навигацийн үйлчилгээг дэлхийн жишигт хэрэгжүүлэх, боловсон хүчнээ мэргэжлийн, дэлхийн өндөр түвшинд аваачих зэрэг олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Агаарын навигацийн орлогыг 1 их наядад хүргэхээр зорьж байна. Салбарын үе үеийн удирдлагууд болон хамт олон та бүхэндээ дахин ойн баярын мэнд хүргэж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.
Нисэх хүчний 97 жилийн ойн хүрээнд Иргэний агаарын тээврийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган, хамт олноо манлайлсан ажилтнуудад төрийн болон салбарын шагнал гардууллаа.