Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг ажиглах Европын парламентын төлөөлөгчид Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаранг өнөөдөр (2024.06.26) хүлээн авч уулзан мэдээлэл солилцлоо.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг өргөн бүрэлдэхүүнтэйгээр ажиглахаар ирсэн ажиглагчдад Сонгуулийн ерөнхий хорооны дарга талархал илэрхийлээд “Та бүхний дүгнэлт, зөвлөмж чөлөөт, шударга сонгуулийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой байдаг” гэж онцлов.
Уулзалтад Европын парламентын гишүүд, Тамгын газар, Улс төрийн бүлгийн төлөөллүүд оролцож Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнарангаас сонгуулийн хууль тогтоомж, Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн зохион байгуулалтын талаар мэдээлэл авсан юм. Тодруулбал, ажиглагчдын төлөөлөл сонгуулийн хууль, тогтоомжийн хэрэгжилт, сурталчилгааны санхүүжилт, хандив, нэр дэвшигчдийн хүйсийн харьцаа, цахим орчинд тавих хяналт, гадаад улсад байгаа иргэдийн сонгуулийн оролцооны талаар мэдээлэл авлаа. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох эрхийг хангах, хяналтын тооллого хийх, санал хураалтын дүн танилцуулах талаар мэдээлэл солилцлоо.
Сонгуулийн зохион байгуулалт нээлттэй, технологийн боломжийг ашиглаж шууд дамжуулан олон нийтэд хүргэж байгааг ажигласнаа Европын парламентын төлөөлөгчид онцлоод, сонгуулийн дараа зөвлөмжөө хүргүүлэхээ илэрхийлэв.