Австрали Улсад 10 гаруй жил ажиллаж, амьдарч буй Г.Бөхчулуун Австралийн “The Voice” шоунд оролцож дөрвөн шүүгчийг эргүүлж чаджээ. Тэрээр морин хуур, хөөмийн эгшгийг уянгалуулж, оролцогчдоос онцгой гэдгээ батлан харуулсан аж. Тэрээр тус шоунд үзүүлбэрээ үзүүлэхээсээ өмнө өөрийгөө танилцуулахдаа “Намайг Ганбүргэд овогтой Бөхчулуун гэдэг. Би монгол хөөмийч. Миний төрсөн нутаг маш үзэсгэлэнтэй, дэлхийд цөөхөн үлдсэн нүүдэлчин соёлыг хадгалан оршдог. Би 22 жил үндэсний хөгжим тоглож байна. Хөөмийлж эхлээд 15 жил өнгөрсөн байна” хэмээжээ. Түүнчлэн монгол хөөмийг сурахад маш их хүчин чармайлт шаардана. Мэргэжлийн багшаар сайн зөв заалгахгүй бол хоолойн хөвчөө ч гэмтээх эрсдэлтэй талаар тайлбарласан байна. Түүний үзүүлбэр шүүгчид төдийгүй үзэгчдийг алмайруулж, суудлаасаа босон алга ташихад хүргэжээ. Тэрээр өөрийнхөө аав, ээждээ зориулан бичсэн дууг “The Voice” шоуны тайзнаа амилуулсан аж. Энэ тухайгаа цахим хаягтаа “Миний аав, ээждээ зориулан зохиосон дуу дэлхийн бүх сайхан аав, ээжид хүрэх болтугай” хэмээсэн байна. Түүнийг үзүүлбэрээ үзүүлсний дараа охин нь тайзнаа гарч ирж олон хүний хайрыг татаад амжсан хөгжилтэй мөч тохиожээ.. Г.Бөхчулуун Австралийн “The Voice” шоуны тайзнаа эгшиглүүлсэн дууны үг: Аян замдаа сайн яваарай гэж Аав минь ерөөж хэлдэг юм Алсын газраас хүрээд ирэхэд Аав, ээж минь баярлан сууна...
БИЧЛЭГ: