Нийслэлийн санхүү, төсвийн өнөөгийн байдал, 2023 оны төсвийн төслийг танилцуулж байна

A- A A+
Нийслэлийн санхүү, төсвийн өнөөгийн байдал, 2023 оны төсвийн төслийг танилцуулж байна

Төсвийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т “... Орон нутгийн төсвийн төслийг боловсруулах явцдаа төслийг тухайн шатны Засаг дарга олон нийтэд танилцуулж, орон нутгийн иргэдийн санал, хүсэлтийг тусган боловсруулна”  гэж заасны дагуу Нийслэлийн 2023 оны төсвийн төсөлд нийслэлийн иргэд та бүхнээс санал авахаар танилцуулж байна. 

Нэг. Нийслэлийн төсвийн өнөөгийн байдал

Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан төсвийн орлогын ангиллын дагуу нийслэлийн төсвийн орлого нийтдээ 24 нэр төрлийн татварын болон татварын бус орлогын нэр төрлөөс бүрдэж байгаагаас 17 нэр төрөл нь татварын орлогоос, 5 нь татварын бус орлогоос, 2 нь хөрөнгийн түрээс болон өмч хувьчлалын орлогын нэр төрлөөс бүрдэж байна.

Нийслэлийн төсвийн орлогын дийлэнх хувийг буюу 62.3 хувийг Хувь хүний орлогын албан татвар бүрдүүлж байгаагийн 50 орчим хувийг Цалин хөлс болон түүнтэй адилтгах ХХОАТ дангаар эзэлж, үлдэх хувийг үл хөдлөх хөрөнгө, буу, авто тээвэр болон өөрөө явагч хэрэгсэл, газар, ус гэх мэт тодорхой нэг обьектод хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулдаг хязгаарлагдмал эх үүсвэр бүхий орлого бүрдүүлж байна.

2022 онд нийслэлийн төсөвт 1 их наяд 705.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, 821.8 тэрбум төгрөгийн урсгал зардал, 716.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлж, нийслэлийн төсвөөс улсын төсөвт 167.9 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр батлагдсанаас эхний 10 сарын байдлаар нийслэлийн төсөвт 1 их наяд 226.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, 895.4 тэрбум төгрөгийн зарлага, санхүүжилтийг хийгээд байна.

Хотын шуудын төсвийн орлого бүрдүүлэлтэд дамжуулан зээлийн хүүгийн орлого болон өмч хувьчлалын орлогын тасалдал голлох сөрөг нөлөөллийг үзүүлж байгаа бол Цалин хөлс болон түүнтэй адилтгах ХХОАТ, Үл хөдлөх хөрөнгийн албан татвар, Газрын төлбөрийн давалт төсвийн орлого бүрдүүлэлтэд эерэг нөлөөллийг үзүүлж байна.

Нийслэл, дүүргийн 2022 оны орон нутгийн төсөвт нийт 821.8 тэрбум төгрөгийн урсгал зардал санхүүжүүлэхээр батлагдснаас 505.3 тэрбум төгрөг буюу 61.5 хувийг хотын шуудын урсгал зардал, 316.5 тэрбум төгрөг буюу 38.5 хувийг дүүргүүдийн урсгал зардал эзэлж байна.

         Хоёр. Нийслэлийн 2023 оны төсвийн төслийн талаар

Монгол Улсын Их Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар нийслэлийн 2022 оны төсвийн суурь орлогыг 1,625.3 тэрбум төгрөг, суурь зарлагыг 607.0 тэрбум төгрөгөөр тус тус тооцон, нийслэлийн төсвөөс улсад төвлөрүүлэх орлогыг 593.4 тэрбум төгрөг байхаар Монгол улсын 2023 оны төсвийн тухай хуулийг баталлаа.

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд баталснаар нийслэлийн төсвийн суурь орлогыг 2022 оны түвшнээс 238.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн, нийслэлийн төсвөөс зайлшгүй санхүүжих урсгал зардлыг 259.5 тэрбум төгрөгөөр бууруулан хянаж, улсад төвлөрүүлэх орлогыг энэ оны түвшнээс 425.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн батлаад байна.

2023 онд Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд 32.1 тэрбум төгрөг хуваарилагдаж байгаа бөгөөд энэхүү хөрөнгийг холбогдох хууль, журамд заасан итгэлцүүрийн дагуу нийслэл, 9 дүүрэгт хуваарилан нийслэлийн иргэдэд зайлшгүй хэрэгцээтэй байгаа төсөл, арга хэмжээнд зарцуулах юм.

Нийслэлийн 2023 оны хөгжлийн төлөвлөгөө нь үйлдвэрлэлийг инновацид тулгуурлан хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд олгох санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмж татах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлэх, хүний хөгжлийг дэмжих, ажлын байр, орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн. 

Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах, авто машины түгжрэлийг бууруулах зорилгоор шинэ суурьшлын бүс, дэд төвүүдийг хөгжүүлэх, нийтийн тээврийн бодлогын цогц шинэчлэлтийг хийх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, агаар, орчны бохирдлыг бууруулах бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, нийслэлийн нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлнэ.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээг цахимжуулах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай болгоно.

Иймд ТА БҮХЭН нийслэлийн 2023 оны төсвийн төслийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, нийслэл Улаанбаатар хотод нэн тэргүүнд хийж хэрэгжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээний талаар санал хүсэлтээ [email protected] хаягаар ирүүлэхийг хүсье.