Эрчим хүчний хэрэглээ 53.8 хувиар нэмэгджээ

Эрчим хүчний хэрэглээ 53.8 хувиар нэмэгджээ

Эрчим хүчний үр ашигтай зарцуулалт нь түүхий түлшний хэрэглээний өсөлтийг сааруулах, эрчим хүчний аюулгүй байдлыг сайжруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чухал ач холбогдолтой. Үүнтэй холбоотойгоор "Монгол Улсын Эрчим хүчний үр ашиг, хүртээмж, түүнд хийсэн бүтцийн шинжилгээ"-г Үндэсний статистикийн хороо хийсэн байна. Судалгааны үр дүнд дараах дүгнэлт гарчээ.

Хэмнэлт хийгээгүй бол эрчим хүчний хэрэглээ 30 хувиар нэмэгдэх байжээ

Эрчим хүчний үр ашгийг авч үзвэл 2005 онтой харьцуулахад 2016 онд нийт эрчим хүчний үр ашиг сайжирч, харин цахилгаан эрчим хүчний үр ашиг муудсан байна. Эрчим хүчний үр ашиг  нэмэгдсэн нь дангаараа эрчим хүчний хэрэглээг бууруулах шалтгаан болохгүй байгааг  шинжилгээний ажлын үр дүн харуулжээ. Эрчим хүчний үр ашгийн өсөлтөөс гадна эдийн засгийн салбаруудын бүтцийн өөрчлөлт нь эрчим хүчний хэрэглээг буруулахад нөлөөлж байна. Тухайлбал, нүүрс олборлолт, тээврийн салбарын нийт эдийн засагт үзүүлэх хувь өссөнөөр цахилгаан, дулаан үйлдвэрлэлийн салбарын эзлэх хувь буурсан байна. Харин эдийн засгийн үйлдвэрлэлийн хэмжээ өссөн нь эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд гол үүргийг гүйцэтгэж байна.

Эрчим хүчний хэрэглээ 2005-2016 онд 82.6 петажоуль буюу 53.8 хувиар нэмэгдсэн байна. Үүнд нийт эдийн засгийн үйл ажиллагаа хамгийн их нөлөө үзүүлсэн буюу 147.7 петажоулиар нэмэгдүүлсэн байна. Харин эдийн засгийн бүтцийн нөлөө 36.3 петажоулиар, энерги багтаамжийн нөлөө 28.8 петажоулиар бууруулжээ. Өнөөгийн эрчим хүчний хэрэглээний өсөлт нь эдийн засгийн өргөжилт, хүн ам, өрхийн өсөлтийг даган өсчээ. Ялангуяа уул уурхай, олборлолтын салбар, үйлчилгээний салбарын эдийн засагт үзүүлэх хувь нэмэр өссөн зэргээс ихээхэн нөлөөлсөн байна. Эдийн засгийн бүхий л салбарууд 2005-2016 онд 65.1 петажоулийн эрчим хүчний хэмнэлт хийсэн байна. Хэрэв энэ хэмнэлтийг хийгээгүй байсан бол одоогийн эрчим хүчний хэрэглээ 30 орчим хувиар нэмэгдэх байжээ. Энэ хэмнэлтийн 65 хувийг цахилгаан, дулаан үйлдвэрлэлийн салбарт хийсэн хэдий ч энэ салбар үр ашиггүй эрчим хүчний зарцуулалт өндөртэй хэвээрээ байна.

Цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбарын эрчим хүчний үр ашиггүй зарцуулалт хамгийн өндөр байна. Энэ салбар нийт эдийн засгийн хоёр хүрэхгүй хувийг бүрдүүлдэг боловч эрчим хүчний хэрэглээний 64.3 хувийг дангаараа эзэлж байна. Харин уул уурхай, олборлолтын салбар нийт эдийн засгийн 38.5 хувийг бүрдүүлдэг боловч эрчим хүчний хэрэглээний 9.3 хувийг эзэлж, эрчим хүчний үр ашиг өндөр байна. Анхдагч эрчим хүчний нийт нийлүүлэлтийг газрын тосны жишмэл түлшинд шилжүүлснээр тооцож үзвэл 2010 оны зэрэгцүүлэх үнээр тооцсон ДНБ-ийг ам долларт шилжүүлснээр 2005 онд энерги багтаамж 0.7 т.ж.т/мянган ам доллар байснаа 2016 онд 1.11 т.ж.т/мянган ам доллар болж өссөн байна. Энэ үзүүлэлт нь 2016 оны дэлхийн дундаж хэмжээнээс  зургаа дахин өндөр буюу эрчим хүчний үр ашиггүй зарцуулалт их байгааг харуулж байна.

Хүн амын эрчим хүчний хүрэлцээ хангамж муу

Нэг хүнд ногдох эрчим хүчний хэрэглээгээр манай улс дэлхийн дунджаас 11.5 хувь доогуур байна. Эрчим хүчний хангамж 1990-2000 онд хүрэлцэхгүй байсан бол 2005 оноос нүүрсний салбарын үйлдвэрлэл дангаараа дотоодын эрчим хүчний нийт хэрэглээнээсээ давснаар нийт хангамж дээшилж, 2016 онд 4.2 дахин хангагдсан байна. Энэ нь Австрали, Норвеги, Иран зэрэг экспортлогч орнуудтай ойролцоо байгаа юм. Уул уурхайн салбарт суурилсан экспортлогч орны эрчим хүчний хангамж нь өндөр байдаг хэдий ч бүтээгдэхүүн бүрээр нь авч үзвэл ялгаатай байна. Манай улсын нефтийн бүтээгдэхүүний хангамж 0 хувь, цахилгаан эрчим хүчний хангамж 76.4 хувь байна.

Байгаль орчин дахь сөрөг нөлөөлөл ихтэй

Дэлхийн түвшинд 2016 оны байдлаар нүүрсийг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд эх үүсвэр болгон ашиглаж буй хувь 38.4, харин Ази тивд 54.3 хувь байна. Манай улсад энэ үзүүлэлт 92.7 хувь буюу өндөр хувьтай байна. Дэлхийн хэмжээнд манайхаас дээгүүр дүнтэй Ботсван  /99.7 хувь/, Косово /95.7 хувь/  гэсэн хоёр улс байна.