Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-аас “Шарилжгүй Улаанбаатар” аяныг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна. Энэхүү аяны хүрээнд бүх нийтийн цэвэрлэгээг есөн дүүрэгт өрнүүлэхээр Улаанбаатар хотын ерөнхий менежерийн удирдамж гарсан. Удирдамжийн дагуу шарилж устгах ажлыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж байна. Аяны талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн С.Үзмээгээс тодрууллаа. Тэрбээр хэлэхдээ:
-Аяны нэгдүгээр шат хотын хэмжээнд зургаадугаар сарын 25-аас долоодугаар сарын 10-ны хооронд өрнөсөн. Хөл газрын ургамлыг тайрах, танах ажилд нийслэлийн есөн дүүргийн 10234 аж ахуйн нэгж, байгууллагын 34604 ажилтан, албан хаагчид оролцож, нийтийн эзэмшлийн 1 сая 461 мянган ам метр талбайг цэвэрлээд байна. Ингэхдээ 1952 тонн шарилж, хог ургамлыг тайрч цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэгүүдэд зөөвөрлөн, устгаад байна.
-Аяны хоёрдугаар үе шат хэзээ эхэлсэн бэ, энэ үед ямар цэвэрлэгээ үйлчилгээ хийх вэ?
-Хоёрдугаар үе шат наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд өрнөж байна. Шарилж болон бусад төрлийн хог ургамлыг жилд хоёр удаа тайралт хийх нь шинжлэх ухааны үндэслэлтэй. Хөл газрын ургамлыг дахин ургуулахгүйн тулд гурван жил дараалан жилдээ хоёр удаа тайралт хийх нь зүйтэй гэдгийг эрдэмтэд тогтоосон байдаг. Энэ үүднээс энэ жил хоёр үе шаттайгаар тайрч танаж байна гэлээ.
Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Тохижилт үйлчилгээний албаны дарга Г.Дөлгөөнмөрөн:
-УБЗАА-наас өгсөн үүрэг чиглэлийн дагуу 128 мянган ам метр талбайн шарилжийг тайрах, танах, устгах ажлыг хийж гүйцэтгээд байна. Бид хариуцсан талбайнхаа шарилжийг устгахын сацуу ногоон байгууламжийн арчлалтыг давхар хийдэг. Ургамал ногоо хэт өндөр ургасан газруудад өвсийг нь хадаж байна. Тоног төхөөрөмж хангалттай бий. Хадуур, тармуур ашиглахын зэрэгцээ шаардлагатай бусад техник ашиглаж байна.
ТҮК-ийн ажилтан Б.Батчимэг:
-Би 2021 оны тавдугаар сараас эхлэн ТҮК-д ажиллаж байна. Өглөөний 05:00 цагаас ажил эхэлдэг учир үүрээр 04.00 цагт сэрж, ажилдаа гардаг. Би цэвэрлэгээний есдүгээр бригадад ажиллаж, Баянбүрдийн тойрог орчмын цэвэрлэгээг хариуцдаг. “Шарилжгүй Улаанбаатар” аяны хүрээнд хөл газрын ургамлын тайралт хийж байна. Хот тохижилтын байгууллагын зүгээс ажлын бээлий, амны хаалт, шаардлагатай багажаар хангадаг болохоор ажиллахад хүндрэл учирдаггүй гэсэн юм.
“Шарилжгүй Улаанбаатар” аяны хоёрдугаар үе шат наймдугаар сарын 13-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Шарилж устгах нь хөл газрын ургамлын тоосноос үүдэх харшлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийг бууруулах, хөл газрын ургамлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайрах, танах байдлаар ургалтыг зогсоох зэрэг эерэг сайн нөлөөтэй. Тиймээс “Шарилжгүй Улаанбаатар” аянд байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоо чухал байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Улаанбаатар хотын ерөнхий менежерийн гаргасан удирдамжид зааснаар нийтийн эдэлбэр газар ихээр ургасан хөл газрын ургамлыг дүүргүүдээс төлөвлөгөө гарган хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын ажилчид, иргэдийн бүлгийн оролцоотойгоор тайрч танах юм. Харин байгууллага, аж ахуйн нэгж, СӨХ, айл өрхүүд өөрсдийн эзэмшиж, ашиглаж, өмчилж буй хашааны доторх болон ойр орчмын шарилж, хог ургамлыг тайрч танан устгахаар заажээ.
Төгсгөлд бэлчээр тэжээлийн мэргэжилтэн Д.Гүрбазар, ургамал судлаач Б.Сангидорж нарын зөвлөмжийг хүргэе.
Хөл газрын ургамлыг тайрах, хадах аргачлал:
Хөл газрын ургамлыг цэцгийн тоосоо гөвөхөөс урьдчилан сэргийлж доод ишнээс 10-15 см өндөртэйгөөр зориулалтын хайч, гар болон автомат хадуураар тайрна. Хөл газрын ургамлыг 10-15 см өндөртэй үлдээж хэд хэдэн давтамжтай тайрснаар лууль өвсний бутлалт, салаалалт явагдаж навчны эзлэх хэмжээ нэмэгдэн, агаарын тоосжилтыг бууруулахад зохистой нөлөө үзүүлдэг. Мөн хөл газрын ургамал хүчирхэг үндэстэй тул үндэс нь хөрсөнд үлдсэнээр хөрсийг сийрэгжүүлж, хөрсний элэгдэл үүсэх, сул шороон талбай үүсэхээс хамгаалдаг ба зулгаахгүйгээр тогтмол тайралт хийснээр хөрсний бүтцийг сийрэгжүүлж, үржил шимийг сайжруулан зүлэг болон бусад ургамал ургаж эхэлдэг. Тайрсан хөл газрын ургамлыг хог хаягдал, шороо, чулуутай холихгүйгээр цуглуулж авах ба тайрсан ургамлыг хатаах эсвэл даршлах аргаар малын тэжээл бэлтгэх боломжтой.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР