Боловсрол шинжлэх ухааны яамнаас цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой асуудлаар өнөөдөр /2022.08.09/ мэдээлэл хийлээ. Цэцэрлэгийн хүүхдүүдийг боловсролын байгууллагад тэгш хүртээмжтэй хамруулах тал дээр анхаарсан асуудлаар мэдээлэл өгч байна.
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН:
-Өнгөрсөн хавар УИХ төсвийн тодотгол хийж хэмнэлт хийж, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар тогтоол батлагдсан. Үүний дараагаар Засгийн газраас тогтоолыг баталж, 100 гаруй тэрбум төгрөгөөр цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажилласан.
Монгол Улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 303 мянган хүүхэд байдгаас нийслэлд 141 мянган хүүхэд байна.
Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг авч үзвэл 102-106 мянган хүүхэд хамруулах боломжтой. Тэгвэл жил бүр цэцэрлэгийн гадна үлддэг 34 мянга гаруй хүүхдүүдийг энэ жилээс боловсролын байгууллагад тэгш хамруулахаар болсон. Өнөөдрийн байдлаар 100 хувь цэцэрлэгийн элсэлттэй байх дөрвөн дүүрэг байна. Сонгинохайрхан, Багахангай, Налайх, Багануур дүүргүүд.
Харин цоожтой хаалганы цаана үлддэг хүүхдүүдийг насаар нь эрэмбэлж авч үзвэл таван настай 3513, дөрвөн настай 3621 гурван настай 3672, хоёр настай 23780 хүүхэд байна.
Эдгээр 34 мянга гаруй хүүхдийг цэцэрлэгт бүрэн хамруулахаар бид хэд хэдэн арга хэмжээг авч ажиллаж байна. Нэгдүгээрт, цэцэрлэгийн зориулалтын бус байруудыг түрээсэлж 9850 хүүхэд авах боломж бүрдүүллээ. Мөн хувийн цэцэрлэгт тойргийн хүүхдүүдийг авсан тохиолдолд хувьсах зардлыг хоёр дахин нэмж өгөхөөр зохицуулалттай 10500 хүүхэд авахаар болсон. Үүнээс гадна гэр цэцэрлэгээр дөрвөн цэцэрлэгт 240 хүүхэд хамруулахаар болж байна. Харин байгууллагын цэцэрлэгүүдэд 1000 гаруй хүүхдийг хамруулна.
Энэ жил шинээр ашиглалтад орох цэцэрлэгүүдэд 5000 хүүхэд авахаас есдүгээр сарын 1-нд 1700-г авна.
Хүүхэд харах үйлчилгээний тухайд 2000 хүүхэд авах боломж бүрдэж байна. Маргаашаас албан ёсоор цэцэрлэгийн хүүхдийн бүртгэл эхэлнэ. Хамран сурах тойрог дээр аль цэцэрлэгт хамрагдах вэ? гэдгийг эцэг эхэд эргэн мэдэгдэнэ. Энэ бол сугалаа биш гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Бид ямар ч байсан аравдугаар сарын 15-нд гэхэд нийт 21 барилга худалдаж авахаар төлөвлөж байна.
Урьдчилсан тооцооллоор иргэдийн шилжилт хөдөлгөөн эмх замбараагүй байна. Тооцооллоор нийт 12 мянга гаруй хүүхэд тодорхой хаяггүй, түр оршин суудаг гэх статистик бий. Гэхдээ энэ бол албан бус тоо. Ямартай ч бүртгэлээс тодорхой болох байх.
САР БҮР ЦЭЦЭРЛЭГИЙН БҮРТГЭЛ ХИЙЖ ХҮҮХЭД БҮРИЙГ ЦЭЦЭРЛЭГТ ХАМРУУЛНА
Боловсролын ерөнхий газрын дарга Т.НЯМ-ОЧИР:
-Энэ жилийн элсэлтийн бүртгэл маргааш өглөө хүсэлт хүлээж авах дарааллаар албан ёсоор эхэлнэ. Өөрөөр хэлбэл, элсэлт бүртгэлийн үйл ажиллагааг цахимаар буюу Emongolia систем дээр тулгуурлаж зохион байгуулна. Хоёр 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс 2020 оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэлх хугацаанд төрсөн хүүхдүүдийг хамруулна.
Түр оршин суугчдын тухайд баталгаажилт хийх ёстой.
Мэдээж цэцэрлэг хамран сургах тойргийн хүүхдүүдийг л авах учраас цахим систем бүх зохицуулалтыг хийнэ. Хуучин бол бид наймдугаар сард элсэлт эхэлж наймдугаар сарын 31-нд дуусгадаг байсан. Харин энэ жилээс жилд нэг удаа хүсэлт авахгүй. Сар бүр авах шийдвэр гаргаж байна. Иймд түрүүлж бүртгүүлснээр хэн нэгэнд давуу байдал үүсэхгүй.
Түр оршин суугч гэдгээ нотлох боломжгүй, гадаадад байгаа зэрэг хүндэтгэх шалтгаантай иргэдийг есдүгээр сарын 10-наас бүртгэнэ.
Тиймээс иргэд бүртгэлээ сар бүр заасан хугацаанд хийх боломжтой. Нийслэлийн хэмжээнд байгаа 141 мянган хүүхдийн регистр бүгд системд орсон учраас механикаар өөрчлөлт оруулах ямар ч боломжгүй гэдгийг сануулъя. Иймд иргэд хүлээцтэй байх хэрэгтэй.
ХҮҮХДЭЭ ЦЭЦЭРЛЭГТ ХАМРУУЛАХ ЭСЭХЭЭ ЭХЛЭЭД ХАРИУЛАХ ЁСТОЙ
Нийслэлийн боловсролын газрын дарга Н.Мөнхсанчир:
-Цэцэрлэгийн насны хүүхдээ хэрхэн бүртгүүлэх талаар товч танилцуулгыг хүргэе. Эхлээд Emongolia цахим систем рүү нэвтэрнэ. Хоёрдугаарт, үйлчилгээний цэсээс боловсролыг сонгож сургуулийн өмнөх боловсрол цэс рүү нэвтэрнэ. Ингэснээр нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт дээр дарж орно.
Тус үйлчилгээнд нэвтэрч ороход систем дээр хүүхдийн мэдээлэл шууд харагдана.
Харагдаж байгаа хүүхдүүдийн мэдээллийг дарж бүртгэх хүсэлт үүсгэх боломжтой. Юуны түрүүнд хүүхдийнхээ мэдээллийг нягталж, дараах асуултуудад хариулна. Цэцэрлэгт хамруулахгүй байсан ч хүсэлт заавал илгээнэ гэдгийг анхааруулж байна. Хэрэв цахим систем рүү нэвтрэх боломжгүй бол тусламжийн багт мөн хандах боломжтой.