Орон нутагт ажиллах залуу багш нарт тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ

A- A A+
Орон нутагт ажиллах залуу багш нарт тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайдын Ажлын албанаас дэмжиж буй “Teach for Mongolia” хөтөлбөрт хамрагдсан 16 залуу багш хөдөө орон нутагт ажиллахаар болсон. Тэд өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай уулзсан юм. Хотын дарга тэдэнд амжилт хүсэж, нөүтбүүк бэлэглэлээ.

ХӨДӨӨГИЙН БАГАЧУУДЫГ МЭДЛЭГ БОЛОВСРОЛТОЙ, ҮНЭЛЭМЖТЭЙ МОНГОЛ ХҮН БОЛГОН ТӨЛӨВШҮҮЛЭЭРЭЙ

Уулзалтын үеэр Хотын дарга “Улс эх орныхоо хөгжлийн төлөө чин сэтгэл гаргаж, хөдөө орон нутагт ажиллахаар зориг шулуудсан эрхэм багш нар та бүхэнд талархаж байна. Хөдөө орон нутагт боловсролын чанар, хүртээмжийг сайжруулж, хөдөөгийн багачуудыг мэдлэг боловсролтой үнэлэмжтэй монгол хүн болгон төлөвшүүлэхэд гар бие оролцож байгаа та бүхнийг Хотын даргын зүгээс бүрнээ дэмжихээ илэрхийлье. Энэхүү санаачилгыг улам өргөжүүлж, цаашлаад олон улсын түвшнээс чадварлаг боловсон хүчнийг татан оролцуулах боломж бий. Зөөлөн дэд бүтэц буюу  боловсролын салбарт дэмжлэг үзүүлэхэд бэлэн байдаг БНСУ, Япон улс болоод олон улсын бусад байгууллагуудтай хамтран ажиллахад анхаарна. Үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй хот хөдөөгийн тэнцвэрийг хангах, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах зорилтыг хэрэгжүүлэхэд та бүхний шийдвэр бодитой хувь нэмэр болж буй юм. Та бүхний ажилд амжилт хүсье. Цаашид олон олон залуус орон нутгаа хөгжүүлэх үйлст оролцоосой гэж хүсэж байна” гэсэн юм.

ЗАЛУУС МЭРГЭЖЛЭЭРЭЭ АЖИЛЛААД ЗОГСОХГҮЙ ТУХАЙН ОРОН НУТАГТАА СОЁЛ ТҮГЭЭГЧ БОЛОН ТҮҮЧЭЭЛНЭ

Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа:

-Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс хот хөдөөг тэнцвэртэй хөгжүүлэх, Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах бодлогыг хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд яам, тамгын газрууд салбар бүрийн мэргэжилтнийг хөдөө орон нутагт илгээх бодлогод онцгойлон анхаарч байгаа. Ерөнхий сайдын Ажлын албанаас дэмжин хамтран ажиллаж буй “Teach for Mongolia” хөтөлбөрийн хүрээнд  эхний ээлжийн 16 багш хөдөө орон нутагт багшлахаар зорьж байна. Тус хөтөлбөрт хамрагдахаар 100 гаруй багш бүртгүүлсэн. Эндээс бодлогын түвшинд дэмжлэг үзүүлбэл залуучууд орон нутагт ажиллах сонирхолтой байгаа нь харагдлаа. Энэхүү хөтөлбөр маань "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод бүрэн дүүрэн нийцэж буй юм. Учир нь 2030 он гэхэд Монгол Улсад 32 мянган багш, сурган хүмүүжүүлэгч дутагдах магадлалтай гэсэн судалгаа гарсан. Энэ хичээлийн жилд л гэхэд орон нутагт 1000 гаруй багшийн орон тоо эзнээ хүлээж байна. Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны яам, МУБИС, Боловсролын Ерөнхий газартай хамтран  хөрвөх чадвартай багш бэлтгэх хөтөлбөрийг боловсруулж буй юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр залуу багш нартай уулзаж, урам зориг өгч байна. Багшид хамгийн хэрэгцээтэй зүйл болох нөүтбүүк, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж буй Хотын дарга, нийслэлийн удирдлагын багийнханд талархаж байгаагаа илэрхийлье. Залуучууд мэргэжлээрээ ажиллаад зогсохгүй тухайн орон нутагтаа соёл түгээгч болон түүчээлнэ. Хөтөлбөрт оролцож байгаа залуусын зарим нь багшаас өөр мэргэжилтэй. Тэднийг 100 хувийн тэтгэлэгтэйгээр МУБИС-тай хамтарч багшлах эрх олгох бакалаврын хөтөлбөрт хамруулж байна. Цаашлаад Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, гадаадын их дээд сургуулиудад тэтгэлэгтэй сургах боломжийг ч судалж байгаа гэсэн юм.

ХӨДӨӨ, ОРОН НУТАГТ Ч БОЛОМЖ БАЙДГИЙГ ХАРУУЛЖ, ХҮҮХДҮҮДЭД БАГШЛАХЫН ТУЛД ЯВЖ БАЙНА

Математикийн багш Б.Мөнхзаяа:

-Миний хувьд математикийн багш мэргэжлээр сургуулиа өнгөрсөн нэгдүгээр сард төгссөн. Төгсөөд сургалтын төвд багшилж байлаа. Цар тахлаас шалтгаалан хүүхдүүдийн хичээлийн хоцрогдол ихэссэн тул тэдэнд бататгах хичээл зааж байсан юм. Хөдөө, орон нутагт мэргэжлийн багш дутагдалтай байдаг. Гэтэл бид нийслэл хотод ЕБС-д бус сургалтын төвд багшилж байсан учраас энэхүү хөтөлбөрт хамрагдсан. Миний хувьд хүүхдүүдэд математикийн хичээл хэцүү биш сонирхолтой гоё хичээл шүү гэдгийг ойлгуулахыг хүсдэг. Хөтөлбөрт хамрагдсанаар хүүхэд болон эцэг эхчүүдтэй хэрхэн харилцах тал дээр мэдлэгтэй болсон. Багшийн хувьд нөүтбүүк хамгийн чухал тоног төхөөрөмж байдаг. Хэрэгцээтэй тоног төхөөрөмжөөр хангаж байгаад баярлалаа.

 

Нийгмийн ухааны багш О.Анхбаяр:

-Хэнтий аймгийн Дадал суманд нийгмийн ухааны багшаар ажиллахаар боллоо. Хотоос гадна хөдөө, орон нутагт ч бас олон боломж байдгийг харуулж, орон нутгийг сурталчлан, хүүхдүүдэд багшилж багын мөрөөдлөө биелүүлэхээр явж байна. Хөтөлбөрт хүсэж байсан бүх зүйл маань байсан бөгөөд хамрагдаад явахад ямар нэг хүндрэл, бэрхшээл гараагүй нь их таатай байлаа.

Нийгмийн ухааны багш Э.Золзаяа:

-Миний хувьд Дорнод аймгийн Халх гол суманд хуваарилагдан ажиллах юм.  Хөтөлбөрийн зүгээс багшийг чадавхжуулах зуны сургалтад бид нарыг хамруулсан. Мөн хөтөлбөр үргэлжлэх хугацаанд боловсролын салбарт гарч буй мэдээ мэдээлэл, зөвлөмж, арга зүйн зөвлөгөөгөөр бүрэн хангаж байгаа. Монгол Улсын боловсролын салбарт багш нар маш их дутагдаж байна. Хөдөө, орон нутгийн сургуульд ихийг сурах хүсэл эрмэлзэлтэй маш олон хүүхэд байгаа боловч тухайн мэргэжлийнх нь багш байдаггүй. Тэгэхээр тэдгээр хүүхдэд хүрч, тэнд очиж ажиллах багш нар хэрэгтэй. Хөтөлбөрт хамрагдсанаар бид хувь хүн талаасаа ч мөн хөгжих боломжтой. Хөгжсөний үр дүн хүүхдүүдийн хичээлд ч бас эергээр нөлөөлнө гэх мэт хүчин зүйлсийг тооцож, энэ хөтөлбөрт хамрагдан хөдөө, орон нутагт ажиллахаар шийдсэн.

Англи хэлний багш Э.Отгончимэг:

-Би БНСУ-д сурч, сургуулиа өнгөрсөн жил төгссөн. Хэнтий аймгийн Дадал суманд англи хэлний багшаар ажиллахаар хуваарилагдсан. Гэр бүлийнхэн маань миний шийдвэрийг анх сонсоод жаахан гайхсан ч хүсэл мөрөөдлийг маань дэмжиж байгаа. Боловсролын салбарт, тэр дундаа хөдөө, орон нутагт багш нар их дутагдаж байгаа учраас бусдадаа үлгэр дуурайлал болж, улс орныхоо хөгжилд бага ч гэсэн хувь нэмэр оруулахын тулд энэхүү шийдвэрийг гаргасан. Бүх зүйл цахимд шилжиж байгаа энэ цаг үед хичээлийн материал бэлтгэхэд нэн хэрэгтэй тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлсэн Хотын даргад талархлаа илэрхийлье гэлээ. 

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР