Цар тахлын нөлөөнд өртсөн ЖДҮҮ эрхлэгчдийг дэмжих төлөвлөгөөг дэмжлээ

A- A A+
Цар тахлын нөлөөнд өртсөн ЖДҮҮ эрхлэгчдийг дэмжих төлөвлөгөөг дэмжлээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдлаа. Зөвлөлийн гишүүдийн анхаарал хандуулж хэлэлцсэн асуудал нь “Цар тахлын нөлөөнд өртсөн Улаанбаатар хотын ЖДҮҮ эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх  богино хугацааны төлөвлөгөө” байлаа. Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөнгийн танилцуулснаар өнөөдөр нийслэлийн хэмжээнд 43236 аж ахуйн нэгж жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ /ЖДҮҮ/-ний салбарт үйл ажиллагаа явуулж буй нь улсын хэмжээнд ЖДҮҮ эрхлэгчдийн 68 хувь юм байна. Улсын хэмжээний хөдөлмөрийн зах зээлийн 70 хувийг ЖДҮҮ эзэлдэг ч экспортын ердөө 2.4 хувийг, ДНБ-ний 18.3 хувийг бүрдүүлдэг нь энэ салбарт дэмжлэг зайлшгүй хэрэгтэйг харуулж байна гэв.

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвөөс цар тахлын нөлөөг таван удаагийн судалгаа явуулжээ. Ковид-19 цар тахлын жилүүдэд ЖДҮҮ эрхлэгчдийн борлуулалтын орлого их хэмжээгээр буурчээ. Нийт ЖДҮҮ эрхлэгчдийн 77 хувь нь борлуулалтын орлогоо 30-100 хувь хүртэл алдаж, 14 хувь нь үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон байна. Одоогийн байдлаар ЖДҮҮ эрхлэгчдийн ердөө гурван хувь нь л зээлд хамрагдсан байдаг ажээ. 12 хувь нь нь зээлийн хүсэлтээ өгсөн, 85 хувь нь хүсэлт өгсөн зээл олголгүй бичиг баримтыг нь буцаажээ.Тэдэнд зээл олгоогүй гол шалтгаан нь “Хөрөнгийн шаардлагыг хангаагүй” гэсэн тайлбар байдаг аж. Мөн цар тахлын нөлөөнд нийт ЖДҮҮ эрхлэгчдийн 95 хувь нь өртсөн бөгөөд тус хүндрэлийг даван туулахад зайлшгүй нэмэлт санхүүжилт хэрэгцээтэй байна гэсэн дүгнэлт гарсан нь  “Цар тахлын нөлөөнд өртсөн Улаанбаатар хотын ЖДҮҮ эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх  богино хугацааны төлөвлөгөө”-г боловсруулах үндэс болжээ.

Цар тахлын нөлөөллөөс бизнес эрхлэгчид тэр дундаа ЖДҮҮ эрхлэгчдээ хамгаалсан олон улсын сайн жишээг мөн дурдаж байлаа. ХБНГУ хувиараа бизнес эрхлэгчид болон жижиг компаниудад 2020 онд 50 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлсэн бол Японд Токио хотын захиргаа нь цар тахлын нөлөөгөөр өнгөрсөн жилийн борлуулалтын орлого нь 50 хувиас дээш хувиар буурсан ЖДҮҮ эрхлэгчдэд буцалтгүй тусламж үзүүлсэн байна. Мөн сургалт, зөвлөх үйлчилгээ, хамтын ажиллагааг бэхжүүлэх олон төрлийн бизнес форумуудыг үе шаттайгаар зохион байгуулжээ. Франц улс жижиг бизнес эрхлэгчид, хувиараа бизнес эрхлэгчдэд зориулж эргэлтийн хөрөнгийн алдагдлын нөхөн олговор олгох эв нэгдлийн сан байгуулж ажилласан байх жишээтэй.

Тэгвэл Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-аас цар тахлын нөлөөнд өртсөн Улаанбаатар хотын ЖДҮҮ эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг тодорхойлж,холбогдох шийдлийн суурь зөвлөх үйлчилгээ үзүүлж, сургалт зохион байгуулах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх,  бүтээгдэхүүн борлуулалтыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх гурван бүрэлдэхүүн бүхий дэмжлэг үзүүлэх төлөвлөгөө гаргасан байна. Энэхүү төлөвлөгөөг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүд хэлэлцэн дэмжлээ.

ШИНЭ ТЕРМИНАЛ БАЙГУУЛСНААР 1800 АЖЛЫН БАЙР БИЙ БОЛНО

Зөвлөлийн хурлаар “Шинэ Улаанбаатар баруун терминал” төслийн тухай хэлэлцэв. Энэ төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн газар нутгийг дамнан хэрэгжүүлэх юм. Энэ төсөл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Ард түмний цэцэрлэгт хүрээлэн” байгуулах төсөл, Баянхошуу дэд төвийг Яармаг дэд төвтэй босоо тэнхлэгээр холбох ногоон өргөн чөлөө бүхий 5.5 км авто зам, замын байгууламжийн төсөл, “Шинэ Улаанбаатар баруун терминал”-ын барилгын төсөл гэсэн үндсэн гурван төслөөс бүрдэж байгаа аж.

Цогцолбор төслийн талаар Улаанбаатар хотын хөгжлийн корпорацын төслийн удирдагч Н.Дашдэмбэрэл танилцууллаа.

Тэрбээр “Улаанбаатар хотод жил бүр 30 мянга гаруй иргэн шилжин суурьшдаг, мөн хэт төвлөрлөөс шалтгаалан иргэд хот руу олон давтамжтай ирдэгээс авто замын ачаалал ихэссэн. Уг төслийн хүрээнд гурван дүүргийн газар нутгийг дамнан хэрэгжих нийслэлийн томоохон хэмжээний цэцэрлэгт хүрээлэн нь 600 орчим га талбайг хамрах юм” гэлээ.

Түүнчлэн  “Драгон” төвийн байршилд шинэ терминал бий болгосноор 1800 ажлын байр бий болж, соёл амралтын үйлчилгээг бий болгох давуу талбай. Мөн нийслэлийн баруун бүсийн 740 мянга гаруй иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон байгууламж бий болж, баруун бүсийн автозамын түгжрэлийг 25 хувиар бууруулж, Сонсголон болон Яармагийн замын ачааллыг бууруулж, одоогийн хүчин чадлыг дөрөв дахин нэмэгдүүлэх зэрэг чухал нөлөөтэй аж.

Зөвлөлийн гишүүд тус цогцолбор төслийг бусад томоохон төсөлтэй уялдуулан ажиллах хэрэгтэйг хэлж байлаа. Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, редакцын засвартайгаар баталлаа.

ТӨВЛӨРЛИЙГ СААРУУЛАХ ЗОРИЛГООР ДЭД ТӨВ, ОЛОН НИЙТИЙН ТӨВҮҮДИЙГ БИЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ

Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн дараагийн асуудал нь дэд төв, олон нийтийн төвийн техник эдийн засгийн үндэслэл, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төсөл батлах тухай байв. Энэ талаар Нийслэлийн Ерөнхий Архитектор   Н.Нацагдорж танилцуулав.

Улаанбаатар хотын төвийн хэсэгт төр, захиргааны байгууллага, их дээд сургууль, худалдаа үйлчилгээ зэрэг төвлөрч нэг төвт хотын тогтолцоо бүрджээ. Улаанбаатар хотын суурьшил бий болсон 35 мянган га талбай байна. Үүнээс 2 мянган га талбайд төвлөрөл бий болсон. Өөрөөр хэлбэл нийслэлийн 1,6 сая хүний нийгмийн болон бусад төрлийн бүх үйлчилгээ зөвхөн энэ бүсэд төвлөрсөн байна. Төвлөрлийн нягтрал 1 га талбайд 460 хүн байх ёстойгоос одоо дунджаар 780 хүн байна. Үүнийг сааруулах зорилгоор суурьшлын бүсэд дэд бүтцийг шилжүүлэх гурван дэд төв, долоон олон нийтийн төв  бий болгох хэрэгтэй гэдгийг Нийслэлийн Ерөнхий архитектор хэллээ.

Шинээр байгуулах дэд төвүүдэд Амгалан дэд төв, Сонсголон дэд төв, Шинэ төв дэд төв багтжээ. Харин “Нисэх”, “Бичил”, “Хайлааст”, “Дарь-эх”, “Монел”, “Ургах наран”, “Тахилт” байршлуудад шинээр байгуулах олон нийтийн төв байгуулахаар тусгажээ.

Энэ асуудалтай холбогдуулан магадлалын нэгдсэн дүгнэлт гаргуулж, НИТХ-аар хэлэлцүүлэхийг холбогдох албан тушаалтанд үүрэг болголоо.  

НИЙТИЙН ТЭЭВРИЙН САЛБАРТ ЖОЛООЧ ДУТАГДАЛТАЙ БАЙНА

Нийтийн тээврийн машин цагийн зардлын тариф шинэчлэн батлах тухай Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Ч.Сайханбаяр танилцууллаа.

Тэрбээр “Шатахууны үнийн өсөлт, инфляцийн түвшин, валютын ханшийн өсөлтөөс шалтгаалан тос, тослох материал, сэлбэг хэрэгсэл, бусад бараа бүтээгдэхүүний өссөн. Үүнтэй холбоотойгоор “Машин цагийн зардлын тариф”-т өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Түүнчлэн хоёр удаа зардлын тариф шинэчлэгдэхэд цалингийн зардал нэмэгдээгүй. Иймд нийтийн тээврийн салбар жолооч, засварчны хүний нөөцийн дутагдалд орж байна. Үндсэндээ энэ салбарт ажиллах жолооч байхгүй байна. Ийм шалтгааны улмаас тээврийн хэрэгслийн гаралт тасалдаж болзошгүй” гэсэн юм.  

Машин цагийн зардлын тарифыг батлуулах тухай НИТХ-аар хэлэлцүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР