Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян өрнөж байна

A- A A+
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян өрнөж байна

Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг.

Уг аянд Монгол Улс 1997 онд нэгдсэн бөгөөд өдгөө 25 дахь жилдээ өрнүүлж байгаа юм. Аянаар дамжуулан жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, аливаа ялгаварлан гадуурхалт, хэвшмэл ойлголт, энэ төрлийн хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлуудыг хийдэг билээ.

Энэ жил “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг “Нандин бүхнээ хамгаалъя: Өөрийгөө, гэр бүлээ, орчин тойрноо” гэсэн уриан дор зохион байгуулж байна. Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийг өөр өөрийн амьдралдаа эзэн болж, улам сайн сайхан амьдрахын төлөө эерэг арга замыг сонгож, бие биедээ ижил тэгш, хүндлэлтэй хандахыг уриалж буй тус аянд НИТХ, НЗДТГ болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд нэгдэж байгаа юм. Аянд нэгдэж буйгаа илэрхийлэн энгэртээ цагаан тууз зүүдэг бөгөөд энэ нь “Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн хажуугаар дуугүй өнгөрөхгүй, хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй” гэдгээ амлаж буйн илэрхийлэл аж.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР