“Хотын стандарт, иргэдийн ая тухтай орчин” зөвлөгөөнийг зохион байгууллаа

A- A A+
“Хотын стандарт, иргэдийн ая тухтай орчин” зөвлөгөөнийг зохион байгууллаа

Хотод амьдарч буй хэн бүхний хувьд ая тухтай, эрүүл, аюулгүй орчныг цогцлоох, учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, хотын өнгө төрх, төлөвлөлт, зохион байгуулалтыг эмх цэгцтэй болгох үндсэн суурь нь стандарт билээ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталсан нь хот стандарттай болох нөхцөлийг бүрдүүлсэн юм. Улаанбаатар хотын хувьд нийт 22 бүлэг, 97 стандартыг батлан мөрдөхөөр төлөвлөж буйн эхний 9 бүлгийн 38 стандартыг баталсан нь аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн билээ.

Энэхүү хэм хэмжээ, стандартыг таниулах, мэдээлэл өгөх, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд, урт хугацааны хамтын ажиллагааны цар хүрээг тодорхойлохоор Хотын стандартын нэгдсэн зөвлөгөөний хүрээнд дөрвөн удаагийн салбар зөвлөгөөнийг зохион байгуулж буй. Энэ дагуу өнөөдөр “Хотын стандарт, иргэдийн ая тухтай орчин” салбар зөвлөгөөн болж, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн байгууллагын гадна орчны тохижилт, ажил үйлчилгээнд хамаарах гурван бүлгийн 19 стандартыг түүвэрлэн танилцууллаа. Тус бүлэг стандартад сургууль, цэцэрлэг, эмнэлэг болон төрийн байгууллагын гадна зам талбай, хашаа хайс, гэрэлтүүлэг, камержуулалт, тусгай хэрэгцээний ногоон байгууламж, авто зогсоол зэргийг иргэд, үйлчлүүлэгчдийн болон хүүхдийн аюулгүй, ая тухтай байдалд нийцүүлэн төлөвлөх, барьж байгуулах талаар тодорхой шаардлагуудыг тусгажээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжтэй байдлыг хангуулах талаар тусгаж өгснөөрөө ихээхэн ач холбогдолтой.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Хотын стандартын тогтолцоо” сэдвээр илтгэл тавьж, мэдээлэл өгөв. Тэрбээр тус стандартуудын хэрэгжилтийг хангаснаар нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчинд өндөр ач холбогдол, үр нөлөөтэй болохыг дурдлаа. Мөн энэ стандартууд хэрэгжсэнээр урт хугацаандаа нийгмийн үйлчилгээний хүртээмж сайжирч, иргэдийн сэтгэл ханамж дээшлэх, үйлдвэрлэл өсөж, хотын нийт орлого нэмэгдэх, иргэдийн амьжиргаа сайжрах зэрэг олон ач холбогдолтой гэдгийг онцолж байв.

Энэхүү салбар зөвлөгөөнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, есөн дүүргийн төлөөлөл, хороодын Засаг дарга нар, тохижилт үйлчилгээний ажилтан, цэцэрлэг, сургуулийн төлөөлөл зэрэг нийт 1000 орчим хүн оролцсон юм.Түүнчлэн энэ үеэр Нийслэлийн Боловсролын газрын Хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Ж.Гал, “Охь мандал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Моломжамц нар стандартын хэрэгжилт, стандартад нийцсэн тохижилтын талаар илтгэл тавьж, мэдээлэл өгсөн юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР