Нийтийн тээврийг сайжруулж, төв зам дагуух зогсоолуудын асуудлыг шийднэ

A- A A+
Нийтийн тээврийг сайжруулж, төв зам дагуух зогсоолуудын асуудлыг шийднэ

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн өнгөрсөн шуурхай зөвлөгөөнд өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг танилцуулав. Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 27 чиглэлээр 1106 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс гүйцэтгэл 94 хувьтай байна. Сайжруулсан шахмал түлшний борлуулалт, хяналтыг сайжруулах үүрэг өгсөн. Өнөөдрийн байдлаар 59 агуулахад сайжруулсан шахмал түлшний 120 мянган тонн нөөц байна. Мөн Улаанбаатар хот руу түүхий нүүрс нэвтрүүлэх, орон нутаг руу сайжруулсан шахмал түлш гаргахыг оролдсон зөрчил хэд хэдэн удаа гарчээ. Тодруулбал, Улаанбаатар хот руу 39 тонн түүхий нүүрс нэвтрүүлэхийг завдсан бол 57 шуудай шахмал түлшийг хотоос гаргахыг оролджээ.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу 70 албан тушаалтан чөлөөлөгдөж, 40 байгууллагын 97 тээврийн хэрэгслийг төвлөрүүлжээ. Нийтийн тээврийн тоо, хүртээмжийг нэмэгдүүлэх, цэвэрлэгээг тогтмол хийх үүрэг өгсөн. Энэ хүрээнд өглөө, оройн их ачааллын үед 14 чиглэлд дундаас эх авах зохицуулалт хийсэн байна. Мөн нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 20 аж ахуйн нэгжийн 861 тээврийн хэрэгсэлд үзлэг, шалгалт хийжээ. Түүнчлэн угаалга, цэвэрлэгээг тогтмол хийж байгааг танилцууллаа. Нийслэлийн хэмжээнд худалдан авах ажиллагаа 94 хувьтай байна.

Авто зогсоолын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн захирал С.Адьяасүрэн танилцууллаа.  Судалгаагаар нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 178 га талбайд 59.900 автомашины зогсоол байна. Үүнээс 77 байршил дахь зогсоол нь Нийслэлийн Замын хөгжлийн газартай гэрээтэй. Улаанбаатар хотын зорчилт ихтэй бүсүүдэд 82.900 автомашины зогсоолын эрэлт байгаа судалгаа гарчээ. Хүн төлбөр авдаг системээс татгалзаж, автоматжуулахад анхаарч байгааг хэлж байлаа. Хотын дарга төлбөр авдаг системийг цахимжуулах, стандартад нийцсэн ногоон байгууламж байгуулах, дугуйн зам, явган хүний замыг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэйг онцлов. Мөн  нийтийн тээврийг сайжруулж, хүрэлцээг нэмэгдүүлж, төв зам дагуух зогсоолуудын асуудлыг шийдвэрлэх юм.

АСЕМ, ДУГУЙ ЦАГААН, БОГДЫН МУЗЕЙН ТОХИЖИЛТ 90 ГАРУЙ ХУВЬТАЙ БАЙНА

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат “195 тохижилтын ажил хийж байгаагаас шинэ 91, он дамжин хэрэгжих 104 ажил байна. Өнөөдрийн байдлаар хийж байгаа ажлууд 67 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Тухайлбал, жишиг гудамжны ажил 49, дугуйн замын ажил 87, явган зам, гүүрний ажил 72, эмнэлгийн  гадна тохижилт 80, цэцэрлэг, сургуулийн тохижилт 85, хүүхдийн тоглоомын талбай 81, хөл бөмбөгийн талбай 60, орон сууцны хороолол дундах тоглоомын 22 талбай 76, шинээр ашиглалтад орох сургууль, цэцэрлэгийн тохижилт 95, сагсан бөмбөгийн талбай 41 хувийн гүйцэтгэлтэй байна. Томоохон тохижилтын ажлаас дурдвал, АСЕМ-ийн тохижилт 90 хувь, ариун цэврийн байгууламжийн асуудлыг шийдчихвэл энэ долоо хоногтоо 100 хувь ашиглалтад орох боломжтой. Дугуй цагааны тохижилтын ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьтай, ариун цэврийн байгууламжийн ажил 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Богд хааны ордон музейн гадна тохижилт 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй, энэ долоо хоногт дуусган, комисст хүлээлгэн өгнө” хэмээн ярилаа.

Хот тохижилтын газрын дарга Б.Мөнхцэцэг “Нийслэлийн Засаг даргын 12 захирамжийн хүрээнд 90-ээд ажил хийж байна. Захирамжийн хэрэгжилт 70 хувьтай байгаа. Барилгын хөгжлийн төвөөс магадлан хийж байж, Улсын комисс хүлээж авна. АСЕМ, Дугуй цагаан, Богдын музейн тохижилтын ажлыг Улсын комисс хүлээж авахад бэлэн болсон” хэмээв.

ГЭРЭЛТҮҮЛГИЙН ШОНГООС ЦАХИЛГААН АВАХ ГЭХ МЭТ ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ

Гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэлд хамаарах хотын стандартуудыг мөрдүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавьж байгаа ажлын талаар Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам танилцуулав. Тэрбээр “Стандартын баримт бичгийн дагуу энэ онд 15 байршилд 4118 гэрэлтүүлгийн шон буюу гэрэлтүүлгийн ажлыг хүлээн авсан. Гэрэлтүүлгийн шонгоос цахилгаан авснаас гэрэлтүүлгийн тусгал муудах гэх мэт зөрчил илэрч байна. Иймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон гэрэлтүүлгийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах шаардлагатай байна” гэдгийг хэллээ. Хотын дарга гэрэлтүүлэг гэмт хэрэг, халдлагад өртөхөөс сэргийлэх чухал ач холбогдолтойг онцлоод, дүүргүүдийн хэмжээнд гэрэлтүүлэг ямар байгааг тодруулав.  

ГЭРЭЛТҮҮЛГИЙН АСАЛТ САЙН БАЙНА

Сонгинохайрхан дүүргийн хувьд 21 мянган гэрэлтүүлэгтэй бөгөөд засвар, арчилгаа, үйлчилгээнд хоёр компани ажиллаж байна. Өмнө нь 13 мянган гэрэлтүүлэгтэй байсныг ийн нэмжээ. Гэр хороололд гэрэлтүүлэг 93-95 хувьтай байна гэсэн бол Баянзүрх дүүрэгт гэрэлтүүлэг 65 хувьтай байна. Сүхбаатар дүүргийн хувьд 17 мянган гэрэлтүүлэгтэй, 98 хувийн асалттай. Баянгол дүүрэг 7780 гэрэлтүүлэгтэйгээс 2580-ыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны гэрээт компани хариуцдаг. Үлдсэнийг дүүргийн хоёр аж ахуйн нэгж хариуцдаг. Асалт 91 хувьтай. 3000-4000-ийнх нь ашиглалтын хугацаа найман жил болсон тул гэрлийн толгой солих ажлыг дүүргээс үе шаттай хийж байна. Чингэлтэй дүүрэгт гэрэлтүүлэг 98 хувьтай байгаа аж.

Хан-Уул дүүргийн хувьд Яармаг, Нисэх зэрэг алсын гурван хорооны гэрэлтүүлэг сайн ч хуучирч, муудсан асуудал бий. Дүүргийн хөрөнгө оруулалтаар шинэчилж байгаа гэнэ. Энэ жил 400 орчим гэрэлтүүлэг шинээр тавьжээ. Орон сууцны хороололд мөн гэрэлтүүлэг тавих шаардлага үүсэж байгаа. Гэрэлтүүлгийн асалт 95 хувьтай байна. Налайх дүүрэг 1000 гэрэлтүүлэгтэй байсныг 6000 орчим болгож нэмжээ. Дүүргийн хувьд гэрэлтүүлэг 70 хувьтай байгаа. Багануур дүүрэг 2022 онд гэр хорооллын гэрэлтүүлгийг 25 орчим хувиар нэмэгдүүлж, 30 орчим хувь болгожээ. Багахангай дүүрэгт гэрэлтүүлэг 70 орчим хувьтай байна. Нэг гэр хорооллын гэрэлтүүлгийг шинэчлэх ажил хийсэн. Шинэ суурьшлын бүсүүд нэмэгдэж байгаа. Иймээс гэрэлтүүлэг нэмэх зайлшгүй шаардлагатай. Гэрэлтүүлгийн асалт 98 хувиас дээш байна гэдгийг хэлж байлаа.

ХУЛГАЙЛАХ, ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРЭГ НЭМЭГДЖЭЭ

Өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд дарга Б.Оюутболд “22.654 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 9.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 2868 бүртгэгдсэн. Хүний амь хохирсон таван гэмт хэрэг гарсан. Эдгээр нь ахуйн хүрээнд үйлдэгдсэн” хэмээлээ. Хулгайлах, залилах төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн үзүүлэлт гарчээ.

Тээврийн цагдаагийн албаны Нийслэлийн Замын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Б.Батболд “Нийслэлийн гудамж, талбайд 172 цэгт 484 алба хаагч ажиллаж байна. Хяналт шалгалтаар 36.758, камерын хяналтаар 30.006 зөрчил илрүүлсэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1777 зөрчлийг таслан зогсоолоо. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргасан 23 жолооч байна. 14 хоногийн хугацаанд 4435 дуудлага, мэдээлэл хүлээж авсан. 80 хүн гэмтсэнээс 66 явган зорчигч зам тээврийн осолд өртсөн.  Ослын улмаас хоёр хүн нас барсан” хэмээв.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням өнгөрсөн 14 хоногийн хугацаанд объектын гал түймрийн 59, аврах ажиллагааны гурав, нийт 62 дуудлагад үүрэг гүйцэтгэж, гал түймрийн утаажилтын бүсээс таван иргэнийг гаргаж, 3.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан гэдгийг танилцуулав. Мөн аюулт осол, үзэгдлээс зургаан иргэнийг аварсан байна. Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 1451, ой, хээрийн түймрийн тав, аврах ажиллагааны 168, нийт 1625 удаагийн дуудлагад ажилласан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 22 хувиар өссөн үзүүлэлт юм.

САЙЖРУУЛСАН ТҮЛШНЭЭС ДОЛОО ХОНОГ БҮР ДЭЭЖ АВЧ, ХЯНАЛТ ТАВЬЖ БАЙНА

“Таван толгой түлш” ХХК-ийн Санхүүгийн албаны дарга  Г.Ундармаа сайжруулсан түлшний үйлдвэрийн 19 шугамаас 12 шугам нь ажиллаж байгаа. Технологийн дагуу хатаагчтай, стандартын шаардлага хангасан сайжруулсан түлш үйлдвэрлэж, мэргэжлийн хяналтын байгууллагаас долоо хоног бүр дээж авч, хяналт тавьж байгааг хэлж байлаа.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга С.Даваасүрэн “Өнгөрсөн хугацаанд манай газарт 486 албан бичиг 799 өргөдөл, гомдол ирснийг хяналт шалгалт хийж, барагдууллаа. Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд ашиглагдаагүй удсан цамхагт краныг буулгасан. “Хуурамч, хугацаа нь дууссан бүтээгдэхүүн борлуулж байна гэдэг” мэдээллийн дагуу шалгалт хийхэд мэдээлэл нь нотлогдоогүй. Мөн “Таван толгой түлш” ХХК-д улсын байцаагч 24 цагаар жижүүрлэн ажиллаж байна. Бүтээгдэхүүнээс 7-14 хоногийн давтамжтай дээж авахад чанарын шаардлага хангаж байгаа. Зүүн үйлдвэрт үйлдвэрлэсэн 2500 тонн түлш шаардлага хангахгүй байсан тул борлуулалтад гаргаагүй” гэлээ.

УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг, даалгаврыг өглөө.

2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын 16 дугаар тэмдэглэлийн хэрэгжилтийг хангаж, ажлаа эрчимжүүлж ажиллах.

Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг нэмэгдүүлэх ажлаа эрчимжүүлж, борлуулалтын цэгүүдийг сайжруулсан түлшээр тасалдуулахгүй байхад анхаарч, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлж ажиллах.

Төр, хувийн хэвшлийн хамтарсан Ажлын хэсэг байгуулж, нийтийн тээврийн тулгамдаж буй байгаа асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөө боловсруулж, удирдлагын менежментийг сайжруулах ажлаа эрчимжүүлэх.

Нийслэл Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэр дэх авто зогсоолын бүртгэл, судалгааг гаргаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах.

Иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэх чиглэлээр 2023 онд /Явган болон дугуйн зам, нийтийн эзэмшлийн гудамж, замын тохижилт, ногоон байгууламж/-ийг нэмэгдүүлэх тооцоо судалгаа, ТЭЗҮ, байршил зэргийг тооцож боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг шуурхай байгуулж, ажлаа танилцуулах.

Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын орчны тохижилт, тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагч зэргийг сайжруулах болон төлбөр хураах цэгийг цахимжуулахад шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээ авч, үйл ажиллагааг зохицуулсан журмыг 2022 оны арваннэгдүгээр сарын 1-ний дотор шинэчлэх.

Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын төлбөр хураах цэгийг цахимжуулах ажлыг шуурхай зохион байгуулж 2022 оны арваннэгдүгээр 1-ний дотор багтаан системийг хэрэглээнд нэвтрүүлэх.

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хүүхдийн тусламж, үйлчилгээ үзүүлж бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд бэлтгэл ажлаа сайтар хангах, эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үзүүлж ажиллах.

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг анги, танхим, дотоод орчиндоо амны хаалт зүүлгэх зөвлөмж чиглэлийг өгч, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллахыг тус тус үүрэг болгов.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР