“Google street view” дэх Улаанбаатар хотын зураглалыг шинэчилнэ

A- A A+
“Google street view” дэх Улаанбаатар хотын зураглалыг шинэчилнэ

Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газраас дэлхийн хамгийн том мэдээллийн сүлжээ болох “Google”-ийн “Street view” буюу гудамж, талбайн зураглал дахь Улаанбаатар хотын зураглалыг шинэчлэх ажлыг өнөөдөр эхлүүллээ. "Google street view"-д Улаанбаатар хотын өнөөгийн зураглалыг шинэчлэн оруулснаар интернэт хэрэглэгчдэд Улаанбаатар хотын тухай үнэн зөв, бодитой, сүүлийн үеийн мэдээ мэдээллийг ойлгомжтой байдлаар хүргэх юм.

Улаанбаатар хотыг дэлхийд таниулан, сурталчлах “Google” төсөл нь анх 2014 оноос хэрэгжиж эхлэн, өнөөдөр ийнхүү төслийн хоёрдугаар шатны нээлтийг хийж байна.  Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар  “Дэлхий дахинд Улаанбаатар хотыг төдийлөн сайн мэдэхгүй, нүүдлийн аж ахуйн үеэр төсөөлөх нь бий. Энэ ойлголтыг залруулж, уламжлал, шинэчлэлийг хослуулж буй Улаанбаатар хотын хөгжил болон монгол өв соёл, уламжлалаа зөв сурталчлан таниулахын тулд мэдээ мэдээллээ ямагт үнэн зөв оруулах хэрэгтэй. Улаанбаатар хотын мэдээллийн урсгалыг зөв зүйтэй, шуурхай оруулж чадвал жуулчдын тоог ч мөн нэмэгдүүлэх боломжтой. Иймд техник технологийн дэвшилтэй хөл нийлүүлж, энэ салбарыг хөгжүүлэхийн тулд Хотын даргын зүгээс бодлого, шийдвэрээр дэмжин ажиллах болно” хэмээн өгүүллээ.

“Google” төслийн хүрээнд 2014 оноос эхлэн Улаанбаатар хотын бүх гудамж, талбайн зургийг 360 градусын өнцгөөр авч, “Google street view”, “Google map”-д оруулсан аж. Гэвч түүнээс хойших 7-8 жилд Улаанбаатар хотын дүр зураг ихэд өөрчлөгдөж, мэдээллийн сан дахь зураглал хуучирсан тул шинэчлэх шаардлагатай болсон юм.

Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газрын дарга Б.Бат-Өлзий уг төслийн тухайд хэлэхдээ “Google-ээс Монгол Улс болон Улаанбаатар хотын тухай мэдээлэл хайхад үнэн зөв, бодит мэдээ мэдээллүүд зөвхөн бичвэр байдлаас гадна зураг, дүрс бичлэг хэлбэрээр гарч ирдэг байх хэрэгтэй. Нийслэлийн бүх гудамж, замын зургийг шинэчлэн оруулснаар иргэд шинээр бий болсон авто замын сүлжээг интернэтээр харах боломжтой болно. Ингэснээр түгжрэл ихтэй үед явах дөт, ачаалал багатай замыг харж, хайх боломж бүрдэх юм. Мөн нийслэлийн зураглалыг шинэчлэхдээ гудамж, талбай, байгууламжаас гадна барилга доторх зургийг оруулна. Ялангуяа төрийн үйл ажиллагаа иргэдэд ойр, ойлгомжтой, нээлттэй байх үүднээс төрийн бүх байгууллага хаана, аль барилгын, хэдэн давхарт байгааг харах боломжтой байдлаар оруулахаар төлөвлөж байгаа.  Улаанбаатар хотын зураглалыг авахдаа "Барс моторс" ХХК-аас хандивласан, Монголын хамгийн анхны цахилгаан машин ашиглах бөгөөд уг машин нь нэг цэнэглэлтээр 300 км явах хүчин чадалтай. Ингэснээр маш бага зардлаар нийслэлийн 10,000 км замын зургийг авах боломж бүрдэж байгаа юм” гэлээ. 

Ташрамд дурдахад, Монгол Улс “Google street view”-д 2014 оны аравдугаар сард нэгдэж, тус платформд нэгдэж орсон 61 дэх улс нь болсон билээ.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР