Жуулчдад зориулан 60 гаруй бизнес эрхлэгчийн бүтээлээр үзэсгэлэн, худалдаа дэлгэлээ

A- A A+
Жуулчдад зориулан 60 гаруй бизнес эрхлэгчийн бүтээлээр үзэсгэлэн, худалдаа дэлгэлээ

Хүй долоон худагт зохион байгуулж буй “Даншиг наадам-Хүрээ цам 2022”-т нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа гарч байна. Тодруулбал, 60 орчим бизнес эрхлэгчийн өв уламжлал шингэсэн, жуулчдын сонирхлыг татахуйц гар урлалын болон үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг үзэсгэлэн худалдаанд дэлгэжээ.

Энэ талаар Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв НӨҮГ-ын Сургалт, судалгаа, маркетингийн хэлтсийн дарга Л.Цолмонтуяа “Даншиг наадам-Хүрээ цам 2022” нь шашин, соёлын наадам төдийгүй жуулчдыг татах гол зорилго бүхий арга хэмжээ тул бид шашны эд зүйлс, нарийн хийцтэй бурхдаас эхлээд бүх төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн бүтээлээр үзэсгэлэн гаргалаа. Бидний зассан асрууд дунд тун онцлог асар хэд хэд бий. Тухайлбал, монгол гэрийн агуулгыг харуулахын сацуу, буриад зон олны хувцас хэрэглэл, эд зүйлсээр чимэглэн тохижуулсан асар байгаа. Тухайн асарт ороод Буриад хувцас, хэрэглэлийг өмсөн зургаа даруулах ч боломжтой. Зөвхөн худалдаа, үйлчилгээ эрхлэх бус монгол зан заншил, өв соёлыг иргэд, жуулчдад харуулахыг зорьж байгаагийн нэг илрэл юм уу даа. Бид жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран ажиллаж, уг наадамд бизнес эрхлэгчид маань ч идэвхтэй оролцож байгаад баяртай байна” гэв.

Үзэсгэлэн, худалдаанд оролцож буй бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ танилцуулан, сэтгэгдэлээ хуваалцсан юм.

“Дуут урлан”-гийн эрхлэгч Д.Баярхуяг:

-Бид 1992 оноос хойш урлан ажиллуулж байна. Мөнгөн эдлэл, сийлбэрийн чиглэлээр үндэсний өв соёлоо хадгалан ажиллаж байгаадаа баяртай байдаг. Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төвийн дэмжлэгээр энэхүү наадамд оролцож байна. Гадаадын жуулчдаас гадна дотоодын аялагч нар өв соёлоо эрхэмлэн, түгээн дэлгэрүүлэхэд сэтгэл гаргадаг нь сайшаалтай. Бид тун удахгүй болох “Нүүдэлчин Монгол” олон улсын фестивальд оролцохоор бэлтгэж байгаа.

“Урьхан” брэндийн борлуулалтын менежер Э.Уяхан:

-Бид 20 жилийн өмнөөс үндэсний үйлдвэрлэл урлаж байна. Нийтдээ 120 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Хонь, ямааны арьс, үхрийн шир ашиглан цүнх, гоо сайхны жижиг цүнх, үндэсний хэв шинж шингээсэн орчин үеийн загварын хувцас, ороолт, нөмрөг зэргийг урлаж байна. Үндэсний урлал, зургийг миний дүү зураач Урьхан урладаг. Уг үзэсгэлэн худалдаанд оролцож байгаадаа баяртай байна.

“Шинэ замнал” ТББ-ын захирал Ц.Сэлэнгэ:

-28 хөгжлийн бэрхшээлтэй иргэн хамтран бүтээж буй нэгэн брэнд бол манай брэнд юм. Бид уут, тор зэргийг үндэсний хэв шинж агуулсан байхыг чухалчилж байгаагийн дээр байгальд ээлтэй байхаар бүтээж буй юм. 18 дахь жилдээ бид хамтран нэгдэж, даавуу, торгоны өөдсөөр бүтээл урлаж, өрхийн орлого нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Зүймэл урлал сүүлийн үед их дэлгэрч байгаа. Бид тэрхүү урлалыг амьдралд нэвтрүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй айл, өрхийн амьжиргаанд тус нэмэр болж байгаадаа баяртай байдаг. Зүймэл урлалын нэг онцлог нь хэзээ ч дахин давтагддаггүй цор ганц бүтээл болдог онцлогтой.

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв НӨҮГ-аас бизнес эрхлэгчдэд зориулан тогтмол сургалтууд зохион байгуулдаг. Тухайлбал, бүтээгдэхүүний сав, баглаа боодлын загвар дизайныг хэрхэн гаргах вэ, маркетинг, сурталчилгааг хэрхэн зөв хийх гэхчлэн сургалтуудыг бизнес эрхлэгчдийн дунд тогтмол зохион байгуулж байна. Мөн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг төрийн худалдан авах ажиллагаанд оролцуулах зорилгоор тендер болон худалдан авах ажиллагаатай холбоотой сургалтыг тогтмол зохион байгуулахаар бэлтгэл хангаж байгаа аж. Тиймээс бизнес эрхлэгчид Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв НӨҮГ-аас зохион байгуулж буй сургалтуудад үнэ төлбөргүй хамрагдах боломжтой юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР