Оршин суугчдын хүсэлт, осол аваарын судалгаанд үндэслэн нүхэн гарц байгуулж байна

A- A A+
Оршин суугчдын хүсэлт, осол аваарын судалгаанд үндэслэн нүхэн гарц байгуулж байна

Хан-Уул дүүргийн нутаг, Наадамчдын гудамж, Яармагийн авто замд явган хүний нүхэн гарц байгуулах ажил ид өрнөж байна. Энэхүү бүтээн байгуулалттай холбоотойгоор “Хүннү молл”-ын баруун урд талын уулзвараас “Шинэ өргөө” хороолол хүртэлх 200 метр замын хөдөлгөөний зохион байгуулалтад түр хугацаанд өөрчлөлт оруулаад байгаа. Үүнээс үүдэн Яармаг, Нисэхийн авто замын ачаалал нэмэгдэж, иргэд бухимдахад хүрээд буй юм. Тиймээс Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн урьд шөнө Хан-Уул дүүрэг, Яармагийн авто замд тавьж буй явган хүний нүхэн гарц барих ажлын явцтай танилцан, газар дээр нь ажиллалаа. Энэ үеэр бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь гүйцэтгэж, зорчих хөдөлгөөнийг аль болох хурдан нээх хэрэгтэйг гүйцэтгэгчдэд хэлж байв.

Нийслэлийн Тээврийн цагдаагийн газраас гаргасан судалгаагаар хамгийн их осол аваар гардаг газруудын нэг нь энэхүү нүхэн гарц байгуулж буй хэсэг. Тус бүсэд  сүүлийн таван жилд авто замын осол аваар олонтаа гарч, ялангуяа хүүхдийн амь нас эрсэдсэн тохиолдол хэд хэдэн удаа бүртгэгджээ. Яармагийн зам ашиглалтад орсон 2015 оноос хойш авто тээврийн осол аваарын улмаас 56 хүний амь нас эрсэдсэн байна. Осол аваар гурван байршилд давтагдаж буйн нэг нь нүхэн гарц байгуулж буй орчин юм.

Түүнчлэн Яармаг орчимд шинэ суурьшлын бүс бий болж, орон сууцны барилгууд нэмэгдсээр байгаа. Суурьшлаа даган сургууль цэцэрлэгийн тоо ч нэмэгдсэн байна. Нүхэн гарц байгуулж буй орчимд л гэхэд тус бүрдээ 1000 гаруй сурагчтай дөрвөн сургууль бий. Хан-Уул дүүргийн 4, 23, 24 дүгээр хорооны оршин суугчдын тоо 38 мянга гаруйд хүрч, явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах шаардлага хүсэлтийг удаа дараа өгсөн байна. Энэ бүхнийг үндэслэн Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын захиалгаар “Туулын гүүр далай” ХХК нүхэн гарцын ажлыг хийж гүйцэтгэж эхлээд байна. Тус компанийн гүйцэтгэх захирал Э.Баярчулуун хэлэхдээ:

-Нүхэн гарцын бүтээн байгуулалтын ажил долоодугаар сарын 1-ний өдрөөс эхэлсэн. Бэлтгэл ажлаа хангаж, зам сэтлэх зөвшөөрлөө Тээврийн цагдаагийн газраас наймдугаар сарын 1-ний өдөр авсан. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг аль болох түргэн шуурхай хийж гүйцэтгэх үүднээс бид хоёр ээлжээр, амралтгүй ажиллаж байгаа. 10 гаруй техник, 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Өчигдөр шөнө л гэхэд бид 1200 куб метр шороог ухаж гаргасан, 220 куб метр хайргыг дэвсэж нягтруулаад бетон цутгасан. Цутгасан бетоноо хатааж байж дараагийн ажлууд хийгддэг онцлогтой. Ажил технологийн дагуу явагдаж байгааг онцолмоор байна.

-Иргэдийн хувьд бүтээн байгуулалтын ажлыг оройтож эхлүүлсэн юм биш үү гэж их шүүмжилж байгаа. Эрт эхлүүлэх боломж байгаагүй юү. Ажил хэзээ дуусах вэ?

-Бид түлхүүр гардуулах нөхцөлөөр энэхүү ажлыг гүйцэтгэж байна. Хавар эрт ажлаа эхлүүлэхээр тохиролцсон боловч LRT хөнгөн галт тэрэгний төсөлтэй уялдуулах үүднээс 4,5 дугаар сард ажил эхлүүлж амжаагүй. Зургаа, долоодугаар сард бичиг баримтын бүрдүүлэлт, технологийн шийдэл, зам сэтлэх зөвшөөрөл зэргийг гүйцэлдүүлж байгаад наймдугаар сарын 1-ээс ажлаа эхлүүлсэн. Зургаа, долоодугаар сард бид ажлын бэлтгэл хангаж, материал, техникээ бэлэн болгосон.

Замыг наймдугаар сарын 21-ний 00 цагт нээх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Нүхэн гарц бүхэлдээ есдүгээр сард ашиглалтад орох юм. Нүхэн гарцын ойр орчмын ногоон байгууламжийг нөхөн сэргээж, хуучин хэвэнд оруулах гэхчлэн хийх ажил их бий  гэлээ.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан:

-Нүхэн гарцын ажлыг аль болох богино хугацаанд чанартай гүйцэтгэхэд анхаарч, гүйцэтгэгч компанийнхан  24 цагаар амралтгүй ажиллаж байна. Наймдугаар сарын 1-11-ний хооронд зүүнээс баруун чиглэлийн, наймдугаар сарын 11-22-ны хооронд баруунаас зүүн тийш чиглэсэн хөдөлгөөнд өөрчлөлт оруулж байгаагаас авто замд ачаалал үүсэж байгааг бид бүхэн ойлгож байгаа. Туслах зам гаргая гэхэд орон сууцны хороолол дундуур сүлжиж явахад хүрч буй учир тухайн орон сууцны хорооллын оршин суугчид, тэр дундаа хүүхэд багачуудад халтай шийдвэр болох учир нүхэн гарц ашиглалт орох хүртэл энэхүү зохицуулалтыг дагахаас аргагүйд хүрээд байна гэдгийг хэлж байна.

Энэхүү 37.5 метр урттай нүхэн гарц ашиглалтад орсноор автомашин, явган хүний хөдөлгөөний огтлолцол үгүй болж, явган зорчигчид зам тээврийн осолд өртөх эрсдэл буурах юм. Иргэдийн хүсэлт болоод Тээврийн цагдаагийн газрын судалгаанд үндэслэн нүхэн гарцын бүтээн байгуулалтыг аль болох түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэхэд анхаарч байгааг захиалагч байгууллага болох Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас тодотгож байна. Бүтээн байгуулалтыг наадмын өмнө болон наадмын өдрүүдэд хийх боломж байгаагүйг мөн тайлбарласан. Учир нь наадмын өмнө болон наадмын үеэр баруун бүсийг зорьсон аялагчид, Хүй долоон худгийг зорих наадамчдын ая тухыг хангах шаардлагатай байсан бол наадмын дараах өдрүүдэд бороотой байсан нь ажил эхлүүлэхэд сөргөөр нөлөөлсөн байна.

Яармагийн зам ачаалал ихтэй байгаа учир Нисэх болоод Хөшигийн хөндийг зоригсод Сонсголонгийн зам, Ажилчны гудамж, ТЭЦ-ийн замуудыг сонгон зорчиж, ачааллыг тэнцүүлэх боломж байгааг мэргэжилтнүүд сануулж байна.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР