Улаанбаатар хот ЕСБХБ-ны "Ногоон хот" хөтөлбөрийн хүрээнд төсөл хэрэгжүүлнэ

A- A A+
Улаанбаатар хот ЕСБХБ-ны

НЗДТГ-ын дарга И.Баатархүү Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ)-ны Төв Азийн бүсийн захирал Сюзанна Харги болон тус банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ханнес Такач нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар дэлхий нийтийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулахад улс орнуудын хамтын ажиллагааг дэмжих зорилт бүхий ЕСБХБ-ны “Ногоон хот” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг байгаль орчинд ээлтэй хэлбэрээр шийдвэрлэх төсөл хөтөлбөрийг санаачлах, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх талаар санал солилцов. Тодруулбал, ЕСБХБ нь дэлхий нийтэд тулгамдаж буй асуудал болох уур амьсгалын сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор олон улсын 50 гаруй хоттой нийтийн тээвэр, хөрс, агаарын бохирдол, эрчим хүчний хэмнэлттэй бүтээн байгуулалт, ус, хог хаягдлын менежмент, хотын удирдлага, санхүүгийн чадавхийг бэхжүүлэх зэрэг чиглэлээр “Ногоон хөгжлийн зорилт”-ыг дэвшүүлэн хамтран ажиллаж байна. Улаанбаатар хот уг зорилтод нэгдэн орсноор ЕСБХБ-ны тусламжтайгаар олон улсын сайн туршлагыг судлан, хотын агаарын болон хөрсний бохирдлыг бууруулах бодлогыг баримтлан одоогийн нийслэл хот төдийгүй цаашид шинээр байгуулах дагуул хотуудыг төлөвлөхөд ихээхэн ач холбогдолтой юм.

Энэ талаар ЕБСХБ-ны Төв Азийн бүсийн захирал Сюзанна Харги “Ногоон хот” хөтөлбөрийн ерөнхий үйл ажиллагааны төлөвлөгөөг орчин үеийн хөгжлийн чиг хандлагын дагуу “Дижитал & Ухаалаг хот” концепцод тулгуурлан боловсруулах нь зүйтэй. Тиймээс тус төлөвлөгөөг боловсруулахад Солонгос Улсын мэргэжилтнүүдээс туршлага судлах, хамтран ажиллах боломжтой. Эхний ээлжид “Ухаалаг & байгаль орчинд ээлтэй жишиг хороолол эсвэл дүүрэг”-ийг төлөвлөн, хэрэгжүүлэх нь оновчтой гэж үзэж байна. Хот төлөвлөлт ямар байвал оршин суугчдын эрүүл мэнд болон байгаль орчинд ээлтэй байх вэ гэдгийг иргэдэд ойлгуулах үүднээс ийнхүү жишээ болгон хэрэгжүүлэх хэрэгтэй гэж зөвлөх байна” хэмээв.

НЗДТГ-ын дарга И.Баатархүү “Энэ удаад хэлэлцэж буй “Ногоон хот” хөтөлбөр нь агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлт үүсгэх, хүлэмжийн хийг багасгаж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Мөн Улаанбаатар “Ногоон хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ бусад улс орны сайн туршлагаас суралцаж, ногоон хотыг бий болгоход цаг хугацаа хэмнэх боломжтой. Тиймээс уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана” хэмээж байв.

НЗДТГ ЕСБХБ-тай хамтран хэд хэдэн чухал төслийг хэрэгжүүлдэг. Тухайлбал, Улаанбаатар хотын барилгын хатуу хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр барих, дахин боловсруулах боломжгүй хог хаягдлыг стандартын дагуу булшлах ландфил байгууламж барих чиглэлээр “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх” төслийг хэрэгжүүлж байна. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд дундаж орлоготой иргэдэд чиглэсэн сэргээгдэх эрчим хүчний хэсэгчилсэн шийдэл бүхий байгаль орчинд ээлтэй “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Уулзалтаар дээрх төслүүдийг эрчимжүүлэх талаар ярилцсан юм. Түүнчлэн ЕСБХБ-ны зүгээс Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хамтран ажиллах боломжтойг дурдаж байлаа.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР