НЗДТГ, Монголын Хүүхдийн ордонтой хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Харшийн сүлд модны наадам өнөөдөр боллоо. Арванхоёрдугаар сарын 25-наас 30-ны хооронд үргэлжилж буй тус наадамд оролцсон хүүхдүүд нэгэн өдрийг баяр хөөр дуу бүжгээр дүүрэн өнгөрүүлэв.
Монголын Хүүхдийн ордон НӨТБ-ын захирал Б.Цэнгэлмаа “Монголын Хүүхдийн ордон 1958 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Харшийн сүлд модны наадмыг уламжлал болгон зохиож буй. Энэ удаа бид байгаль орчноо хайрлах, дэлхийн дулаарлаас сэргийлэх санааг хүүхэд багачууддаа хүргэхийг зорьсон. Тухайлбал, хогоо ил задгай хаяхгүй байх, ан амьтан, ой модоо хайрлах зэрэг агуулгыг урлагийн тоглолтдоо багтаасан. Мөн өвлийн өвгөнтэй амьд буга тайзан дээр гарч ирсэнд хүүхдүүд маш баяртай байлаа” хэмээлээ.
Монголын Хүүхдийн ордны Харшийн сүлд модны наадмын үзэгч хүүхэд багачууд сэтгэгдлээ хуваалцлаа.
Г.Номин-Эрдэнэ, Т.Маралмаа, Б.Амаржаргал:
-Харшийн сүлд модны наадам үзээд гоё байлаа. Туулай их хөөрхөн болохоор хамгийн их таалагдсан. Бас амьд цаа буга гайхалтай. Бүх найзууддаа шинэ жилийн баярын мэнд хүргэе.
Д.Есөнхүсэл, Д.Мөнхтөмөр:
-Өмнө нь харшийн сүлд модны наадам үзэж байгаагүй, маш их таалагдсан. Санта өвөө амьд цаа бугатай гарч ирдэг хэсэг хамгийн гоё. Би өмнө нь цаа буга харж байгаагүй.
Харшийн сүлд модны наадамд оролцсон Монголын Хүүхдийн ордны драм, бүжиг, дуулаачийн дугуйлангийн хүүхдүүд сэтгэгдлээ хуваалцлаа.
Б.Хүсэлбаяр, Д.Намбар:
- Арванхоёрдугаар сарын 25-наас 30-ны хооронд нэг өдөрт хоёр удаа тоглолт хийж байгаа. Хичээл амарснаас хойш бид шинэ жилийн тоглолтдоо бэлдэж эхэлсэн. Өнгөрсөн жил мөн Харшийн сүлд модны наадамд оролцож, зурагтаар гарч байсан. Өдөрт хоёр удаа тоглолт хийж ядардаг ч, үзэгчдийнхээ сэтгэл хөдлөлийг харж урам орчихдог.
Г.Отгонжаргал, Э.Урангоо:
-Олон хоног бэлтгэл хийгээд жаахан ядарч байна. Гэхдээ зүгээр ээ. Би хүүхдийн ордонд тав дахь жилдээ хичээллэж, хоёр дахь жилдээ Харшийн шинэ жилд орж байгаа. Өмнө жил үзэгчгүй байсан болохоор эвгүй байсан, энэ жил харин үнэхээр сайхан болж байна. Би Хүүхдийн ордны дугуйланд хичээллээд соёлтой болж, хүнийг хүндэлж сурч, эвсэлтэй болсон гэж бодож байна. Бас олон шинэ найзуудтай болсон.
Г.Анар:
-Миний хувьд таван настайгаасаа хойш Хүүхдийн ордонд хичээллэсэн. Энэ жилийн тоглолтын найрал гурван дуу, хоёр хамтлаг дуунд оролцож байгаа. Үзэгч хүүхдүүдийн алга ташилт урам өгдөг.
Харшийн сүлд модны наадамд Монголын Хүүхдийн ордны драм, бүжиг, дуулаачийн дугуйлангийн хүүхдүүд оролцож жүжигчилсэн тоглолт, урлагийн үзүүлбэрээ хүүхэд багачуудад толилуулдаг билээ. Мөн энэ үеэр үлгэрийн баатрууд амилж, амьтад, өвлийн өвгөн, цасан охидтойгоо зочилж, хүүхэд багачуудад бэлэг гардуулдаг уламжлалтай. Инээд баяр халгиж, дурсамж бэлэглэсэн энэхүү наадам өдгөө 64 дэх жилдээ болж, багачуудыг баярлуулж байна.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР