С.Бямбацогт: Салбарын мэргэжилтэн бус хүнийг БЗС-аар сургасан бол хариуцлага тооцно

A- A A+
С.Бямбацогт: Салбарын мэргэжилтэн бус хүнийг БЗС-аар сургасан бол хариуцлага тооцно

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2023.05.26/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-ын зардлаар 2005-2022 онд гадаадад нийт 367 хүн суралцсан байдаг. Тэдний сургалтын төлбөрт 11 сая 376 мянган ам.доллар зарцуулсан. Энэ нь тухайн үеийнх нь ханш юм. Төгрөгөөр бодвол 28 тэрбум төгрөг. Задалж үзвэл:

Салбарын мэргэжлээр суралцсан 332,

Нийтлэг мэргэжлээр суралцан 35,

Сургалтын гэрээ цуцлагдсан 11,

Хүний нөөцөд бүртгэлтэй байгаа 63 гэсэн суралцагчийн задаргааг хийсэн.

Салбарын сайдын зүгээс зөрчлийг арилгуулах зөвлөмж хүргүүлсэн. Цаашдаа ИНЕГ-ын даргын тушаалаар хаалттайгаар хамаарал бүхий этгээдээ суралцуулдаг асуудал гарахгүй. Гэрээгээр суралцаад төгсөөгүй 11 хүний мэдээлэл ил болсон, вэб сайтад байршуулна. Суралцаад төгссөн боловч ажиллахгүй байгаа 63 хүн бий. Төгсчихөөд ажиллахгүй байна гэж битгий ойлгоорой. Агаарын тээврийн салбар хүнд байгаа. Орос, Украйны дайнаас болж, ИНЕГ-ын нагивацын орлого хэд дахин буурсан тул ажлын байрыг цомхотгох, царцаах бодлого барьж байна. Гэрээнийхээ дагуу ажлаа хийе гэсэн боловч ажлын байр байхгүйгээс хүлээгдэж байгаа нь ч бий.

Бид боловсон хүчнээ зөвхөн гадаадад бэлтгэх бодлого барихгүй. Буянт-Ухаа нисэх буудал дээр сургалтын төвүүд байгуулж, инеженер, онгоцны үйлчлэгчээ дотооддоо бэлтгэхээр БНСУ-ын хоёр ч сургуультай хамтарч ажиллахаар гэрээ байгуулж, ажиллаж байна. Гадаадад өндөр зардлаар бэлтгэхгүй дотоодод бэлтгэх боломж бүрдэнэ. Хүмүүнлэгийн үйл ажиллагааг явуулах, тусгай үүргийн онгоц хүлээн авахаар ажиллаж байна. Одоогоор долоо хоногт таван улс руу 135 нислэг үйлдэж байна. Өдөрт 20 гаруй нислэг үйлдэж байна гэсэн үг.  Цаашдаа бидний зорилго бол 10 гаруй улс руу нислэг үйлдэх бодлого барьж байна. Тайланд, Вьетнам, Ойрхи дорнод, булангийн орон руу нислэг үйлдэх. Тун удахгүй Америкийн онгоц Монгол Улсад буудаг болох боломж бүрдүүлэхээр ажиллаж байна. Нислэгийн тоо нэмэгдэхэд мэргэжилтэй боловсон хүчин шаардлагатай болно.

Тийм учраас ИНЕГ -аас тодорхой зардал гаргаж, боловсон хүчнээ бэлтгэнэ. Зайлшгүй хийх ёстой ажил. Сонгон шалгаруулалтыг нээлттэй ил тод болгож, ардын хүүхдийг алагчлахгүйгээр бэлтгэнэ.

-Үе үеийн ИНЕГ-ын дарга нар өөрсдийнхөө хүүхдийг ИНЕГ-ын зардлаар сургасан асуудлыг яах вэ. Сургалтын зардлыг нь буцаагаад тэр хүмүүсээр гаргуулах уу. Дарга нарт хариуцлага тооцох уу. Улстөрчид мөн хүүхдээ сургасан асуудал байна. Нийтлэг мэргэжлээр хүмүүс сургахад ч ИНЕГ-ын санхүүжилтээр сургасан байна. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл биш үү?

-ИНЕГ-аас энэ хугацаанд 11 сая ам.долларын зардал гаргасан байна лээ. Төгрөгөөр бодвол 28 тэрбум төгрөг. Дарга нарт хариуцлага тооцох уу гэж асууж байна. Ашиг сонирхлын зөрчил гаргаж, авгай, хүүхдээ, хамаарал бүхий хүмүүсээ ИНЕГ-ын зардлаар сургасан, журам зөрчсөн бол хууль хяналтын байгууллага тогтоогоод хариуцлага тооцож таараа.

Улстөрчийн хамаарал бүхий хүмүүс сурсан байна гэлээ. Сурч болохгүй гэсэн зүйл байхгүй. Суралцаад гэрээний үүргээ биелүүлээд тухайн салбартаа ажиллаж байгаа бол Үндсэн хуулиар олгосон хүний эрх. Тийм болохоор гэрээний үүргээ биелүүлээд журмаа мөрдсөн бол улстөрчийн хүүхэд гэдгээр сурах эрхээ хязгаарлуулж болохгүй.

Иргэний нисэхийн салбарт 2100 хүн ажиллаж байна. Энэ салбарт зөвхөн нисгэгч, онгоцны инженер, нисэхийн зохицуулагч бэлтгэхээс гадна нягтлан бодогч зэрэг олон хүн ажиллана. Тийм болохоор шаардлагатай боловсон хүчнүүдээ ерөнхий мэрэгжлээр сургасан болов уу. Гол нь тэтгэлгээр сурчихаад гэрээний үүргээ зөрчсөн бол хариуцлага тооцож таарна.

Журмыг гол нь өөр өөрсдийн үзэмжээр заримдаа шалгуур өндөртэй, заримдаа шалгуур багатай баталж ирсэн юм билээ, ИНЕГ-ын дарга нар. Одоо журмыг сайд батална, нээлттэй ил тод, хүртээмжтэй хүн бүр суралцах боломжтойгоор журмыг батална.

-Зам тээврийн дэд сайд, Төрийн нарийн нар хамаарал бүхий этгээдээ ИНЕГ-ын зардлаар сургасан асуудал байгаа. Энэ бол том зөрчил биз дээ. Гэрээний үүргээ биелүүлээгүй байхад барьцаа хөрөнгийг нь сулласан асуудал ч яригдаж байна?

-367 хүн сурснаас 332 нь салбартаа мэргэжлээрээ суралцсан. Тэднээс 262 хүн салбартаа ажиллаж байгаа, 63 хүн би гэрээний үүргээ биелүүлж ажилламаар байна гээд хүлээж байгаа. Гэрээний үүргээ биелүүлээгүй, хэн нэгэнд давуу байдал үүсгэсэн байвал шүүгээд шүүрдээд үзэхээр бүгд ил тод болно. Миний хувьд ч хариуцлага тооцох ёстой хүмүүст хариуцлагыг нь тооцно. хууль зөрчсөн журам зөрчсөн байвал сайдын хувиар ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна. Өнөөдөр ажиллаж байгаа хүмүүс дээр хариуцлагын асуудал яригдана.

-ИНЕГ жилдээ хэдэн төгрөгийг сургалтын төлбөрт зориулж гаргадаг байсан юм бэ?

-ИНЕГ –ын гол орлого Монгол Улс дээгүүр нисч байгаа онгоцноос орж ирдэг. Нисэх будал ашиглуулсны болон бусад үйл ажиллагаанаам мөн орлого олдог. Түүнээсээ тодорхой хувийг улсын төсөвт төвлөрүүлж, тодорхой хувийг өөрсдийн үйл ажиллагаанд зарцуулдаг. Агаарын тээврийн салбарыг маш сайн хяналттай, мэргэжлийн өндөр ур чадвртай хүмүүс удирдах ёстой. Аваар осолгүй удирдаж, аюулгүй ажиллагааг хангахын тулд техник тоног төхөөрөмж шаардлагатай. Мэргэжлийн ур чадвартай хүмүүсийг бэлтгэх, өндөр технологийн сайн технологи ашиглах ёстой. Зардлыг нь өөрийнхөө орлогоос гаргах шаардлагатай байдаг. Улсын төсөвт 150 гаруй тэрбум төгрөг, оргил үедээ 300 орчим тэрбум төгрөг төвлөрүүлдэг байсан. Дайны нөхцөл байдлаас болоод Оросын нутаг дэвсгэрээр онгоц нисэхгүй байгаагаас нагивацын орлогоос орж ирдэг орлого эрс буурсан. Нагивацын орлого огцом буурснаас ИНЕГ үйл ажиллагаагаа дөнгөж санхүүжүүлэх хэмжээний л орлого олдог болсон.  Оргил үедээ жилдээ 2.7 тэрбум төгрөгийн, хамгийн багадаа 317 сая төгрөгийн зардал гаргасан байдаг сургалтын зардалд. Өнгөрсөн жил 317 сая төгрөгийн зардал гаргасан нь хүн сургах зардлаа багасгаж байна гэсэн үг.

-Гэрээний үүргээ биелүүлээгүй 11 хүнээр сургалтын төлбөрийг нь төлүүлэх үү?

-Гэрээ байгуулсан хоёр субьект хоорондоо ярина.  ИНЕГ -ын даргатай зээлдэгч ярилцаад, сургалтын төлбөрөө төлөхгүй бол хууль хяналтын байгууллагаар шалгуулах албадлагын арга хэмжээ рүү орно.

-Нисгэгчийн хүү нисгэгч болдог ч гэдэг юм уу касстын систем үйлчилдэг боллоо.  Энгийн ардын хүүхэд нисгэгч болох мөрөөдөлтэй ч болж чаддаггүй?

-Нисгэгчийн хүүхэд нисгэгч болдог, инженерийн хүүхэд инженер болдог нь хаана ч байдаг л зүйл. Хүн бүрт мэргэжлээ сонгох эрх нь байгаа. Монголчууд аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөчихье гэдэг агуулгаар, аав, ээж нь үр хүүхэддээ мэргэжлээ өвлүүлчихье гэдэг процесс байсан. Одоо ч байгаа, цаашид ч байх боно. Нисгэгчийн хүүхэд нисгэгч болох нь хууль зөрчсөн байна гэж үзэх нь өрөөсгөл. Яагаад тэр хүүхэд аавынхаа мэргэжлийг өвлөж болдоггүй юм, энэ бол хүний эрхийн асуудал. Хууль зөрчөөгүй, журам зөрчигдөөгүй бол хүний эрхийг хязгаарлаж болохгүй.

Тиймээс боломжийг тэгш болгоё, хүртээмжтэй болгоё. Сувилагчийн хүүхэд нисгэгч болох боломжийг бий болгоё гэдэг үүднээс журмыг нээлттэй шүү гэдгээ зарлаж байгаа.