Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр НЗДТГ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллагууд хамтран “Нэгдүгээрт хүүхэд” уриан дор “Монгол хүүхдүүд” арга хэмжээг зохион байгуулна. Хүүхдийн баярын арга хэмжээ зохион байгуулах Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө ажиллаж буй бөгөөд нэгдсэн хурал өнөөдөр боллоо
Хурлаар хүүхдийн баяраар зохион байгуулах арга хэмжээ, тэдгээрийн хөтөлбөр, зам хаах чиглэл болон анхаарах зүйлсийн талаар мэдээлэл солилцож, үүрэг, даалгавар өгсөн юм. Тухайлбал, зургаадугаар сарын 1-нд Сүхбаатарын талбайд 11:00 цагаас үндэсний агуулгатай, 12:00 цагаас орчин үеийн агуулгатай баярын хөтөлбөр зохион байгуулах бол 18:00 цагаас тоглолт болно. Мөн спортын долоон төрлөөр тэмцээн, уралдаан зохион байгуулахаас гадна Нийслэлийн Аялал жуулчлалын газраас хүүхдүүдэд хэрхэн зөв аялах талаар мэдээлэл өгнө.