НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чингис” клубтэй хамтран зохион байгуулж буй “Талын салхи” олон улсын мото фестиваль Сүхбаатарын талбайд эхэллээ. Олон улсад нэр хүнд бүхий наадам болсон “Талын салхи” мото фестивалийг энэ жил долоо дахь удаагаа зохион байгуулж буй бөгөөд энэ удаагийн фестивальд 21 аймаг болон ОХУ, БНХАУ, БНСУ-ын төлөөлөл 2000 гаруй тамирчин, спорт клубийн хамт олон, мотоцикл сонирхогчид оролцож байна.
Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх эгнээнд авч үзэн, 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан “Талын салхи 2023” арга хэмжээг зорин БНХАУ, ОХУ, БНСУ-аас хүрэлцэн ирсэн мото спортын 300 гаруй тамирчин, сонирхогчдодоо халуун баяр хүргэж, Монгол Улсыг зорин ирсэнд талархал илэрхийлж байна. Мөн Улаанбаатар хотын мото сонирхогчид, тамирчид жилээс жилд өсөн нэмэгдэж буй. Та бүхэн тусгай аялал жуулчлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм шүү. Иймд ирэх жил нийслэлийн зүгээс илүү олон боломжоор та бүхнийг дэмжин ажиллах болно” гэдгээ илэрхийлэв.
Мөн энэ үеэр “Mongolian Choppers” мото клубийн гишүүн Г.Нармандах, “Чингис” мото клубийн гишүүн Б.Уламбаяр, “Skulls” мото клубийн ерөнхийлөгч О.Эрхэс нарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн “Жуух бичиг”-ээр шагналаа.
“Талын салхи” мото фестивальд оролцогчид Сүхбаатарын талбайгаас Баруун 4 зам - “Тэнгис” кино театр - Сансарын туннел - Зүүн 4 зам - Сүхбаатарын талбай - 120 мянгат - Буянт-Ухаа тойрог - Чингисийн хүрээ цогцолбор гэх маршрутаар нийт 28.2 км парад жагссан. Фестиваль Чингисийн хүрээ цогцолборт өдрийн турш үргэлжлэх бөгөөд энтертайнмент шоу арга хэмжээ, худалдаа үйлчилгээ, урлагийн тоглолт, хөгжөөнт тоглоом зэрэг арга хэмжээг зохион байгуулах юм.
Ташрамд, “Талын салхи 2019” фестивальд нийт 800 гаруй мото тамирчин оролцож байсан түүхтэй. Тодруулбал, “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбооны гишүүн болох ОХУ болон БНХАУ-ын 200 гаруй мото тамирчин болон Япон, Энэтхэг улсын мото сонирхогчдын төлөөлөл оролцож байжээ. Тус наадам нь тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэн, Монгол Улсыг олон улсад сурталчлах, жуулчдыг татах чухал ач холбогдолтой юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС