Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа явган болон дугуйн замын засвар, өргөтгөлийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр:
-Энэ онд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн явган хүний болон дугуйн замын нийт 25 байршилд 19,629 ам метр талбайг засварлах, өргөтгөхөөр төлөвлөн ажиллаж байгаа. Үүнээс 12 байршлын 5220 ам метр талбайн ажил бүрэн дууссан, 10 байршлын 10,904 ам метр талбайн ажлыг эхлүүлээд байна. Үлдсэн гурван байршлын ажил удахгүй эхэлнэ.
Явган хүний замыг засварлах, өргөтгөхдөө сургуулийн орчин, гол магистрал замууд дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налууг гаргаж байгаа.
Гэр хорооллын бүсэд хийх 16 цэцэрлэгт хүрээлэнгийн 12-ынх нь ажил эхлээд байна.
Улаанбаатар хотын төвлөрсөн дулааны болон бусад инженерийн шугам сүлжээний засварын ажлын шаардлагаар ухсан зам, талбайг нөхөн сэргээж, холбогдох стандарт, тавигдах шаардлагыг хангуулж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Инженерийн шугам сүлжээний засвар, үйлчилгээ, бүтээн байгуулалтын ажил эхэлсэнтэй холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад авто зам, талбай, тохижилт, ногоон байгууламжийг сэтлэх, сүвлэх, орц, гарц гаргах болон нөхөн сэргээх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгож, гүйцэтгэлд нь хяналт тавих үүрэг бүхий Ажлын хэсгийг шинээр байгуулсан. Авто зам, замын байгууламжийг сэтлэх, сүвлэх, орц гарц гаргах хүсэлтийг Нийслэлийн Замын хөгжлийн газарт хүлээн авч, хэлэлцэх ажлын жагсаалтын дагуу хуралд хэлэлцүүлж байна. Авто зам, замын байгууламж сэтлэх, сүвлэх 58 асуудал, орц гарц гаргах 68, нийт 126 асуудлыг хэлэлцлээ. Үүнээс сэтлэх сүвлэх 31, орц гарцын 13 зөвшөөрлийг олгохоор болсон.
Авто замын нөхөн сэргээлтэд Нийслэлийн Замын хөгжлийн газар хяналт тавьж, явган зам, тохижилт, ногоон байгууламж доогуур хийсэн шугамын ажлын нөхөн сэргээлтийг УБЗАА хяналт тавин ажиллаж байна гэлээ.
УБЗАА-ны Дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүн:
-Хүн төвтэй гудамжийг бий болгох ажил 2022 оноос эхэлсэн. Энэ жилийн хувьд бид сургууль орчмын байршилд анхаарлаа хандуулж байна. Тухайлбал, нийслэлийн ерөнхий боловсролын 23-р сургуулийн зам нь дан шороогоороо, ус их тогтдог, зарим хэсэгтээ 50 см орчим өргөнтэй тул хоёр хүн зэрэгцэн явах боломжгүй байсан. Одоо бол хамгийн нарийн хэсэгтээ 1.5 метр өргөн болсон байна. Түүнчлэн замын гэрэлтүүлгийн шонгууд нь голлосон байсныг сургуулийнх нь хашаа руу зөөж чөлөөлсөн. Ер нь явган болон дугуйн замын засвар, өргөтгөлийн эдгээр ажлыг долоодугаар сарын дундуур дуусгахаар төлөвлөж байна. Түүнчлэн засвар, өргөтгөл хийхдээ хотын стандартын дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налууг хийж байгаа юм хэмээв.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС