Үерийн усыг соруулж, шуудуу, далан татаж байна

A- A A+
Үерийн усыг соруулж, шуудуу, далан татаж байна

Улаанбаатар хотод үүсээд буй үерийн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ, УБЗАА, НЭМГ зэрэг байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийлээ.

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр Улаанбаатар орчимд долоодугаар сарын 3-5-нд буюу 26 цагийн хугацаанд 28.4 мм хур тунадас орсон. Хэдийгээр энэ нь аюулт үзэгдлийн хэмжээнд хүрээгүй боловч Хэнтийн нуруунаас эх авсан Туул, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Хэрлэн голын усны түвшин өмнөх хоногоос 10-30 см нэмэгдэж, Тэрэлж, Улиастай, Хэрлэн гол үерийн түвшинг 5-20 см давсан бол Сэлбэ гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна. Иймээс холбогдох байгууллагууд хамтран үерийн усыг соруулах, шуудуу, далан татах ажлыг зохион байгуулж буй юм. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар долоодугаар сарын 5-ны 00:00 цагаас эхлэн Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны “Натур” худалдааны төвөөс Нарны замын уулзвар хүртэлх, “Баянмонгол” хорооллын нүхэн гарцаас Хүннүгийн гудамж хүртэлх, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Энхтайваны өргөн чөлөөний нүхэн гарцаас Нарны гүүрний уулзвар хүртэлх, “Өргөө” амаржих газрын уулзвараас Нарны замын уулзвар хүртэлх, Сэлбэ, Дунд гол дагуух авто замыг түр хугацаагаар хаасан. Мөн  төвийн зургаан дүүргийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байгаа билээ.

Орц, гарц хаагдсан байрнуудаас 526 иргэнийг гаргав

ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Хадбаатар:

-Долоодугаар сарын 4, 5-нд Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 54 орон сууц, нэг худалдааны төвийн гарааш, амины таван байшин, 15 гэр, хоёр авто зам, хоёр нүхэн гарц усанд автсан, хоёр далан, гүүр задарсан дуудлага бүртгэгдсэн. Дуудлагын дагуу НОБГ, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсүүд, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Геодези, усны барилга, байгууламжийн газар, Ус сувгийн удирдах газар,  дүүргүүдийн ЗДТГ, хороод, СӨХ, Тохижилт үйлчилгээний хэлтэс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн ажилтнууд ажиллаж, үерийн ус соруулах, шуудуу, далан татах ажлыг зохион байгуулж байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхэд, өндөр настан зэрэг 526 иргэн, 300 гаруй автомашиныг орц, гарц хаагдсан байрнуудаас аюулгүй газарт гарган, найман айл, 35 иргэнийг үер, усны аюулаас авран хамгаалж, 61 иргэнд заавар өгч ажилласан хэмээлээ.

Зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан гол руу орохгүй байхыг анхаарууллаа

Цаг агаарын нөхцөл байдлын мэдээллийг Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал өглөө. Тэрбээр:

-Долоодугаар сар гараад ихэнх нутгаар хур бороо элбэгшсэн. Ялангуяа энэ сарын 3-наас төв болон зүүн аймгуудын нутгаар 20-26 цаг үргэлжилсэн бороо орж буй. Хур тунадасны хэмжээний төв болон зүүн аймгуудын хойд хэсгээр дунджаар 50 мм, хамгийн их нь Төв аймгийн Батсүмбэр суманд 116 мм хүрсэн.

Нийслэл Улаанбаатарт энэ сарын 3-наас үргэлжилсэн бороо орж эхэлсэн. Хур тунадасны хэмжээ дүүргээс хамаараад 28-33 мм хүрээд байна. Үүний улмаас Хэнтийн нуруунаас баруун хажуугаас усжих Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Сөгнөгөр, мөн энэ нурууны зүүн хажуугаас эх авдаг Эг, Барх, Балж, Онон, Хэрлэн, Хангайн нуруунаас эхтэй Богд, Онги, Сэлэнгэ мөрний Орхон голын дунд болон адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-80 см-ээр нэмэгдлээ. Түүнчлэн Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Балж гол үерийн түвшинг 5-25 см-ээр, Сэлбэ, Сөгнөгөр, Улиастайн голын ус үерийн аюултай түвшинг 5-25 см-ээр даваад байна.

Өнөө шөнөдөө төвийн аймгуудын ихэнх нутгаар, говийн аймгуудын хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо үргэлжлэн орно. Маргааш өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо орно.

Долоодугаар сарын 7-нд баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадастай. Мөн энэ сарын 8-нд баруун аймгуудын нутгийн хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд төвийн аймгуудын нутгаар, 12-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар дуу, цахилгаантай бороо орно.

Урьдчилсан мэдээнээс үзэхэд, Туул голын усны түвшин Улаанбаатар хотод, Хэрлэн голынх Багануур дүүрэг тус тус 20 см, Ерөө голынх Сэлэнгэ аймгийн Дулаанхаан тосгон орчимд 10 см, Онон голынх Хэнтий аймгийн Дадал сум орчимд 20 см-аар тус тус нэмэгдэх төлөвтэй. Тиймээс эдгээр гол, мөрний сав дагуу нутаглаж буй иргэд, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, түүнчлэн аялагч нарт үерийн аюулаас сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Ялангуяа голын эрэг, хөвөө дагуу буудаллах, суурьшихаас зайлсхийж, бага насны хүүхдүүддээ анхаарал тавиарай. Мөн зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан гол руу орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна гэлээ.

Үерийн нөхцөл байдалд 1198 хүн ажиллаж байна

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:

-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Улаанбаатар хотод үүсээд буй үерийн нөхцөл байдалтай холбоотойгоор өнгөрсөн шөнө буюу долоодугаар сарын 4-ний 22:00 цагаас ажиллаж эхэлсэн. Мөн 01:00 цагийн үед Дунд голын усны түвшин нэмэгдэж, авто зам дээгүүр давж урсаж эхэлсэн бөгөөд холбогдох албаныхан шуурхай ажиллаж, замыг сэтэлж, урсцыг саадгүй болгосон юм. Одоогоор үерийн нөхцөл үүссэн байршлуудад Улаанбаатар хотын инженер хангамжийн найман байгууллага, 140 машин механизм, 575 хүний бүрэлдэхүүнтэйгээр голлон ажиллаж буй. Тодруулбал, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Ус сувгийн удирдах газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар, Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ, Улаанбаатар зам засвар, арчлалтын газар болон Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын ажилтнууд ажиллаж байна. Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран ажилладаг ногоон байгууламж, тээвэр, тохижилт үйлчилгээний компаниуд болон төвийн зургаан дүүргийн албан хаагчид, дүүрэг тус бүрд үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран ажиллаж байгаа. Ийн одоогийн байдлаар нийт 1198 хүн ажиллаж байгаа юм. Тэрчлэн нийт найман байршилд нөхцөл байдал хүндэрсэн байдалтай байна. Үүнээс “Буян” компанийн зам болон “Натур” төвийн дундах Сэлбэ голын далангийн дүүргэлт, бэхжүүлэлтийн ажлыг хийн, усыг тогтоосон. Гэхдээ голын урсац буугаагүй байна. Мөн Энхтайваны гүүрний ойролцоо Нарны хороолол руу орох хэсэг дээр усны түвшинг багасгах, ус зайлуулах ажлыг хийж дууссан. Цаашид хэд хоног бороо үргэлжлэн орж, нөхцөл байдал хүндрэх магадлалтай байгаа тул Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, амьдран суугаа иргэд сонор сэрэмжтэй байж, хувийн зохион байгуулалттай байхыг уриалж байна гэлээ.

Бөөлжих, халуурах, толгой өвдөх, суулгах шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад хандаарай

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Зонхилон тохиолдох халдварт өвчний тандалт, зоонозын халдварын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх:

-Дулааны улиралд гэдэсний халдварт өвчин ихсэх хандлагатай байдаг. Үерийн ус, шалбаагаас олон төрлийн халдвар, тэр дундаа гэдэсний халдварт өвчин үүсэх магадлалтай. Тиймээс иргэд гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх мэдлэгтэй байж сэргийлнэ. Үерт автсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар эрүүл мэндийн ажилтнууд зөвлөмж өгч байна. Тодруулбал, үерийн хог хаягдлыг цэвэрлэх, халдваргүйжүүлэлт хийх талаар зөвлөмж өгч буй. Үерийн аюулд өртсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд хувийн ариун цэврээ сахих, мөн орчныхоо хог хаягдлыг цэвэрлэх хэрэгтэй. Иргэд бөөлжих, халуурах, толгой өвдөх, дотор муухайрах, суулгах зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандаарай. Үерийн нөхцөл байдалд байгаа иргэд өөрсдийнхөө өмч хөрөнгийг хамгаалахаас гадна эрүүл мэндээ зайлшгүй хамгаалах хэрэгтэй. Хамгийн гол нь орчноо эрүүл байлгах нь чухал юм. Үерийн голомтод үүссэн шавар, лав, хог хаягдлаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд хамтран цэвэрлэж, болзошгүй эрсдэлээс сэргийлж, амны хаалт зүүж, бээлий өмсөх хэрэгтэй. Хог хаягдлаа цэвэрлэсний дараа гараа тогтмол угааж хэвших, бохирдсон хашаа, нянгаар бохирдсон эд зүйлсийг халдваргүйжүүлэх хэрэгтэй. Бохирдолтой газар явсан иргэд өмссөн хувцас, усны гутлаа сольж өмсөх, гэртээ орохдоо цэвэр хувцас өмсөхийг зөвлөж байна.  Гэрийн нөхцөлд хлорын өндөр агууламжтай уусмал, хлорамин ашиглан ариутгал хийж халдваргүйжүүлэх боломжтой гэв.

Цахилгааны утас ил гарсан тохиолдолд яаралтай холбогдох байгууллагад мэдэгдэхийг хүслээ

Үргэлжлэн орсон борооны улмаас цахилгаан дамжуулах агаарын болон кабель шугамд их хэмжээний гэмтэл гарч байна. Мөн усанд автсан байрнуудын цахилгааныг тасалсан тул иргэдийг тайван байж, мэргэжлийн байгууллагуудаас өгсөн заавар, зөвлөмжийг дагаж, гал түймэр гарахаас урьдчилан сэргийлэхийг уриаллаа. Нөхцөл байдалтай холбогдуулан мэргэжлийн байгууллагууд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Агаарын шугамын төмөр болон бетон, модон тулгуур хазайсан, унасан, цахилгааны утас ил гарсан тохиолдолд яаралтай холбогдох байгууллагад мэдэгдэх, тухайн газраас холдож, аюулгүй орчинд очих, тулгуур унасан газраар явахгүй байх, бусдад анхааруулах,

Цахилгаан хуваарилах байгууламжийн ойролцоох  их хэмжээний ус тогтсон газарт ойртохгүй байх,

Цахилгаан щит бүхий байрууд подвалд ус орохоос сэргийлэх, ил задгай утас, кабель байгаа эсэхийг сайтар нягтлах, холбогдох байгууллагад мэдэгдэх,

Орон нутагт  зорчиж байхдаа цахилгаан дамжуулах агаарын шугамаас хол байж, агаарын шугам унасан эсэхийг сайтар нягтлах,

 Газар унасан утас, ил гарсан кабель шугамууд хүчдэлтэй байх, эсвэл дахин залгах автомат төхөөрөмжийн үйлчлэлээр хүчдэлтэй болж болзошгүй тул хүрэхээс зайлсхийх,

Гуу жалгын ойролцоо, гэр, хашаа, саравч, орон байраа барьсан,  суурьшсан айл өрх үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх,

Бага насны хүүхдийг гол ус, гуу жалганы ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй, зориулалтын гарцтай газраар зорчих,

Хол замд тээвэр хийж яваа жолооч нар баталгаат гүүр гармаар гарах,

Тулгуур хазайсан, унасан, унжсан утсанд  шүргэж амь нас, эрүүл мэндээрээ хохирч болзошгүй тул сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС