Үерийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн удирдлагаас тодрууллаа. Тус хоёр дүүргийн хувьд 100 гаруй айлыг нүүлгэн шилжүүлж байна.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл:
-Манай дүүрэг 170 мянган иргэнтэй, 24 хороотой. Улаанбаатар хотод бороо үргэлжлэн орж, Чингэлтэй дүүргийн 19, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ гол далангаа давж үерлэсэн. Үүний улмаас ус, голтой ойрхон байгаа айлуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг Дүүргийн онцгой байдлын хэлтэс зохион байгуулж байна. Одоогийн байдлаар 50 гаруй өрхийг нүүлгэн шилжүүлж буй. Түүний зэрэгцээ очих газаргүй иргэдийг Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургууль дээрх Түр штабын хоргодох байранд байршуулж, шаардлагатай эд зүйлийг Улаан загалмай нийгэмлэгээс хангаж байна. Өчигдөр таван айл Чингэлтэй дүүргийн түр штабт хоноглоод өнөөдөр буцсан. Эдгээр иргэнийг дүүргийн эрүүл мэндийн төвөөс эмнэлгийн үзлэг, шинжилгээнд бүрэн хамруулсан бөгөөд нэг хүүхдийг эмчилж байна. Цаашид үер усны нөхцөл байдал хүндэрвэл нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ, үүнтэй холбоотой бэлтгэл ажлыг хангаж байна. Чингэлтэй дүүргийн зуслангийн бүсэд үерт автах эрсдэлтэй 200 гаруй өрхийн 1000 орчим иргэн амьдардаг. Тиймээс иргэд амь нас, аюулгүй байдал, эд хөрөнгөө хамгаалж, өгч буй зөвлөмжийг дагах шаардлагатай. Мөн үер усны дараа голын хэвэлд зөвшөөрөлгүй буусан айлуудын газрыг чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулна гэсэн юм.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл:
-Сүхбаатар дүүрэг 142 мянга гаруй хүн амтай. Үерт автсан 1 дүгээр хороонд 4100 орчим хүн оршин суудаг. Бороо орж эхэлсэн үеэс хороодын ажлын албаар дамжуулж иргэдэд мэдээлэл, зөвлөмж хүргүүлсэн. Дүүргийн хэмжээнд 52 айлыг нүүлгэн шилжүүлсэн, одоо 17 айлыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байгаа. Түр хоргодох байранд хоёр гэр бүлийн есөн хүнийг оруулаад буй. Одоогоор ус орсон хоёр орон сууцы гараашийн усыг соруулж байна. Мөн Зэвсэгт хүчний алба хаагчидтай хамтран “S’Outlets” орчмын Сэлбэ голын даланг хүчитгэхэд оролцож байна хэмээв.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС