Улаанбаатарт үргэлжлэн орсон борооны улмаас үерийн усанд автаж, нөхцөл байдал хүндэрсэн байршлууд дээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар ажиллаж байна. Тодруулбал, Сэлбэ голын баруун, зүүн тал буюу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо орчимд газар дээр нь ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа. Одоогоор орон сууцуудын зоорийн давхар болон гараашийн усыг соруулж байгаа бөгөөд хуримтлагдсан лаг, шаврыг цэвэрлэх ажил үргэлжилж байна.
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх:
-Өнөө шөнөдөө усыг шавхаад маргааш гэхэд лаг, шаврыг цэвэрлэх ажил эхэлнэ. Оршин суугчдын хувьд цахилгааныг яаралтай залгах шаардлагатай гэдэг хүсэлт тавьж байна. Нөхцөл байдлыг тогтворжуулахад машин, техник шаардлагатай байна гэлээ.
Ус тасалдсан тул орон сууцуудын дунд био жорлон нэмж байршуулах, цахилгааныг шуурхай холбох, цаашид ийм нөхцөл давтагдахгүй байх талаас арга хэмжээ авах зэрэг санал, хүсэлтийг оршин суугчид тавьж байлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:
-Иргэдийн зүгээс тавьж буй санал, хүсэлтийг яаралтай шийдэхэд анхаарна. Нөхцөл байдал хүндэрсэн байршлуудад ажиллаж буй холбогдох газар, албад, алба хаагчид мэдээллээ шуурхай солилцож, уялдаа холбоотой ажиллах нь чухал байна. Шаардлагатай байгаа техник хэрэгсэл, хүн хүчнийхээ мэдээллийг солилцоод шийдүүлээд явах хэрэгтэй. Усанд автсан барилга байгууламжид эрсдэлийн үнэлгээ хийнэ. Үүний дараа хүчитгэх зэргээр холбогдох арга хэмжээг шат дараатай аваад явна” хэмээлээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС