Улаанбаатар хотод үүссэн үеийн нөхцөл байдалтай холбогдуулан цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэлийн ажил үргэлжилж буй. Тодруулбал, Хот тохижилтийн газар ОНӨААТҮГ болон хувийн хэвшлийн зам талбайн цэвэрлэгээний 380 ажилчин, 320 албан хаагч, СӨХ-ын ажилтан сайн дурын 20 иргэн, дотоодын цэргийн 150 алба хаагч буюу нийт 870 хүн 12 байршилд 14 машин техниктэйгээр ажиллаж буй. Тэд усанд автаж, нөхцөл байдал хүндэрсэн байршлуудын лаг, шаврыг цэвэрлэх шуудайлах, машинаар тээвэрлэх арга хэмжээг авч байна.
Долоодугаар сарын 7,8-ны байдлаар нийт 47,220 ам метр талбайд ариутгал, халдваргүйтгэл хийгээд буй. Тодруулбал, долоодугаар 7-ны байдлаар Хот тохижилтийн газар ОНӨААТҮГ мананцар үүсгэгч таван автомашин 10 , хувийн хэвшлийн таван ариутгалын машинаар Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн 5,320 ам метр талбайг ариутгаж, халдваргүйтгэсэн. Мөн тусгай зөвшөөрөлтэй компаниудын ариутгагч нар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны үерт автсан 42 байрны орц, гадна орчин, цахилгаан шат, хогийн цэгүүдэд ариутгал, халдваргүйтгэл хийсэн юм.
Долоодугаар сарын 8-ны байдлаар Хот тохижилтийн газар ОНӨААТҮГ тусгай зориулалтын мананцар үүсгэгч дөрвөн автомашинаар Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүрэгт 25,450 мкв талбайд 72 кг бодисоор ариутгал халдваргүйтгэл хийлээ. Тухайлбал, Нарны зам, Их тойруу, Бага тойруу, Гандигийн гудамж, Денвер, Баянмонгол, Замын цагдаа газар, “Алтай” хотхон, Парисын гудамж, Дундгол зэрэг байршилд ногоон байгууламжийн усалгааны 10 автомашинтай ажиллаж 16,450 ам метр талбайг 90 кг бодисоор ариутгаж, халдваргүйжүүллээ. Үерийн усанд автсан Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн 20 га талбайг гадна болон дотор талаас нь, мөн тоглоом хэрэгслүүдийг ариутган ажиллаж байна.
Өнөөдөр буюу долоодугаар сарын 9-нд Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн үерт өртсөн нийтийн эзэмшлийн гудамжны 18,200 ам метр талбайд ариутгал, халдваргүйтгэл үргэлжилж буй. Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул, Баянгол дүүргийн үерт өртсөн байруудад цэвэрлэгээ дууссаны дараа халдваргүйтгэл хийнэ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС