Өндөржүүлсэн бэлэн байдалд 14,343 хүн 132 цагийн турш ажиллалаа

A- A A+
Өндөржүүлсэн бэлэн байдалд 14,343 хүн 132 цагийн турш ажиллалаа

Нийслэлийн онцгой комиссоос долоодугаар сарын 10-ны 21:00 цагийн байдлаарх үерийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр шөнө буюу долоодугаар сарын 11-ний 00:00 цагт өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн хугацаа дуусаж байна.

Улаанбаатар хотод долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн их хэмжээний бороо орж, нөхцөл байдал хүндэрсэн. 5-ны өдрөөс хойш тав хоногийн хугацаанд давхардсан тоогоор 14,343 хүн 2108 техник хэрэгсэлтэйгээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт үерийн эрсдэлийг бууруулах, сэргээн босгох ажлыг хийж, гүйцэтгэлээ.

Энэ хугацаанд Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт усанд автсан нийт 243 өрхийн 743 иргэнийг аюулгүй байршилд нүүлгэн шилжүүлэв. Мөн үерийн ус хальсан байршлуудад нийт 80,000 орчим шуудай, 900 шоо метр элс, хайрга, шороог буулгаж, үерийн далангуудыг хүчитгээд байна.

Үерийн ус соруулах ажлыг зургаан хоногийн турш тасралтгүй гүйцэтгэсэн бөгөөд зөвхөн автомашинаар 9240 тонн ус зөөгөөд буй. Помп ашиглан шууд зайлуулсан усны хэмжээг тооцоолох боломжгүй юм. Түүнчлэн зоорийн давхар нь усанд автаад байсан 144 барилгаас 139-ийнх нь усыг бүрэн соруулаад байна. Үлдсэн дөрвөн барилгын усыг соруулах ажил үргэлжилж байгаа бөгөөд сууриас нь булаг ундарч байгаа нэг барилгын усыг соруулах ажлыг түр зогсоогоод буй.

Үерт автсан зам, талбайг цэвэрлэх, ариутган халдваргүйтгэх хүрээнд 10,540 тонн орчим лаг, шаврыг зөөж, 22.7 сая ам метр гудамж, талбайг цэвэрлэн, 2.2 сая ам метр талбайг ариутгаж халдваргүйжүүллээ.

Төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1113 дэд өртөөнд холбогдсон 52,965 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгааныг нь тасалснаас 1086 дэд өртөөний 48,801 хэрэглэгчийн цахилгаан хангамжийг сэргээсэн. Одоогийн байдлаар 27 дэд өртөөний 4164 хэрэглэгчийн цахилгааныг холбохоор ажиллаж байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:

-Баянзүрх, Сүхбаатар дүүргийн үерийн усанд автсан орон сууцны барилгын зоорийн давхрыг яаралтай хатаах зорилгоор иргэнээс 30 ширхэг халуун үлээгч аппарат /пуужин/-ыг түрээсэлж, хоёр дүүрэгт тус бүр 15 ширхгийг хүлээлгэн өгсөн. Цахилгааны гэмтэл гарахааргүй нөхцөл байдал бий болсны дараа эрчим хүчийг холбож байгаа. Аль болох шуурхай холбохын төлөө ажиллаж байна.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх:

-Дүүргийн 43 дугаар хороо, Сэлбэ голын баруун талд 350 метр далан босгож дууссан. Энэ орчимд 49 байр үерт автсанаас 83 болон 101 дүгээр байрны лаг, шаврыг тээвэрлэхэд хүндрэлтэй байна. Аж ахуйн нэгжүүд бүтээн байгуулалт хийхдээ орц, гарцыг зохимжтойгоор хийхэд анхаарч байхгүй бол машин механизм ороход хүндрэл үүсэж байна. Долоон байранд хатаалга хийж байгаа бөгөөд хатааж дууссаны дараагаар цахилгааныг холбоно. Үүний дараагаар Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс хэрэглээний усыг хангаж, бохир зайлуулах шугамыг ажиллуулж эхэлнэ. Одоогоор 15 байрыг цахилгаан эрчим хүчээр хангасан, хоёр байрны цахилгааныг залгахад бэлэн болсон байна гэв.

Харин Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны 20, 20а, 26а, 26б, 26в, 26г, 26д, 26e, 33а, 33б, 32/1, 35, 40б, 44, 50, 59а, 59б, 59в, 59г, 56а, 56б, 60, 61 дүгээр байрнуудын усыг соруулж, лаг, шаврыг цэвэрлэн, ариутгал хийж СӨХ-нд нь хүлээлгэн өгчээ. 28а, 28б, 28в, 30б, 34, 55 дугаар байранд цэвэрлэх, ариутгах ажил тус тус үргэлжилж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар:

-Нийслэлийн хэмжээнд 11 байршил үерт автаад байсан бол одоогийн байдлаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо болон Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо буюу Сэлбэ голын орчмоос бусад байршлын нөхцөл байдал хэвийн боллоо. Өнөөдөр шөнийн 00:00 цагт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг дуусгавар болж, Шуурхай штаб бууж байна. Цаашид үерийн хор уршгийг арилгах, эрчим хүчинд холбогдоогүй үлдсэн барилгуудыг цахилгаанд холбох ажлыг үргэлжлүүлэх болно.        

Өндөржүүлсэн бэлэн байдалд Шуурхай штабт ажилласан алба хаагчид 132 цагийн турш амрах чөлөө, завгүй ажиллалаа. Онцгой, хүнд нөхцөл байдалд сэтгэл, зүтгэл гарган ажилласан та бүхэндээ нийслэлийн иргэдийн өмнөөс болон хувийн зүгээс гүнээ талархаж байна. Хэрэв та бүхний дэмжлэг, хүч хөдөлмөр, хичээл зүтгэл байгаагүй бол Улаанбаатар хот одоогоор учраад буй хохирлоос хэд дахин их хохирол амсах байлаа. Хамтдаа тэмцэж, гар бие оролцсон хүн бүр баатар гэдгийг онцлон хэлмээр байна” хэмээлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС