Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болж, Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө удирдан явуулав. Хурлаар Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмж, машин механизмын талаар танилцууллаа.
“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг:
-Манайх 2022 онд нийслэлийн харьяа 17 байгууллагаас судалгаа авахад Улаанбаатар хотын нийтийн аж ахуйн салбарын үйл ажиллагааг хэвийн явуулахад 1002 тоног төхөөрөмж, машин механизм шаардлагатай дүн гарсан. Гэтэл өнгөрсөн удаа орсон борооны улмаас Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжихэд нийслэлийн инженер хангамжийн долоон байгууллагад 13 төрлийн 105, тохижилт үйлчилгээний 16 байгууллагад 12 төрлийн 87, нийт 192 машин механизм байлаа гэв.
Өөрөөр хэлбэл, энэ нь шаардлагатай тоног төхөөрөмж, машин механизм тав дахин цөөн байна гэсэн үг юм. Иймээс тоног төхөөрөмжийн хэрэгцээ, шаардлагын талаар судалгаа хийж, түрээсээр авах боломжийг судалжээ. Улмаар АНУ, ОХУ, БНХАУ, Беларус Улсын компаниудтай хамтран ажиллахаар санал солилцож байгааг танилцуулав. Энэ нь төсөвт ачаалал өгөхгүйгээр асуудлыг шийдэх гарц гэдгийг тодотгож байлаа.
Нийслэлийн Засаг даргын захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ Санхүүгийн түрээсийн хуулиас гадна Тендер, Төсвийн тухай хуулийг баримтлах шаардлагатай, нэг хуулиар зохицуулах харилцаа биш. Мөн хот, нийтийн аж ахуйн салбарт хувийн хэвшлийн тоног төхөөрөмжийг ашиглах боломжийг судалж үзэхийг хүслээ.
Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:
-УБЗАА-ны үндсэн үйл ажиллагааны 60 орчим хувийг хувийн хэвшил гүйцэтгэдэг болсон. Энэ хүрээнд мөн аж ахуйн нэгжүүддээ тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх шаардлага тулгарч байна. Мөн өнгөрсөн удаагийн үер шиг онцгой үед ашиглах тоног төхөөрөмж, машин механизмын бааз шаардлагатай гэлээ.
Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмж, машин механизмыг түрээсээр шийдвэрлэх саналыг судлан, НИТХ-аар хэлэлцүүлэхээр болов.
Орон сууцны конторуудын үйл ажиллагааг хариуцлагажуулах хэрэгтэй байна
Улаанбаатар хотын орон сууц, нийтийн аж ахуйн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар танилцууллаа.
Улаанбаатар хотод орон сууц, нийтийн аж ахуйн байгууллага анх 1947 онд байгуулагдсан бөгөөд 2005 оноос Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар нэртэй болжээ. Харин төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хэвшлийн анхны Орон сууц, нийтийн аж ахуйн компани 2001 онд байгуулагдсан.
Нийслэлийн нийт өрхийн 51 хувь нь орон сууцанд амьдарч байгаа бөгөөд нийтийн зориулалттай 4268 орон сууцны ашиглалт, үйлчилгээг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар болон хувийн 65 компани хариуцдаг. Тодруулбал, орон сууцны 47 хувийг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, 53 хувийг хувийн компаниуд хариуцаж байгаа юм.
Тус салбарт тулгамдаж байгаа асуудал нь хувийн компаниудын иргэдийн гомдол, дуудлагын барагдуулалт чанаргүй, хугацаа хэтэрхий удаан байна. Мөн хүний нөөцийн хомсдол бий болоод байгааг хэлж байв. Түүнчлэн өртэй, үйл ажиллагаа нь доголдсон хувийн орон сууцны конторын хариуцаж байсан насжилт өндөртэй шугам сүлжээ нь орон нутгийн өмчит байгууллагад шилжин ирдэг. Тэрчлэн тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, цуцлах нь зөвхөн зохицуулах хороодоос хамааралтай тул орон нутгийн засаг захиргааны байгууллага, иргэдийг үл тоодог байна. Иймээс нийслэлийн холбогдох байгууллагын удирдлагууд тусгай зөвшөөрөлтэй холбоотой шийдвэр гаргахад оролцох, мөн хүний нөөцийн асуудалд онцгой анхаарч, бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай байгааг онцлов.
Зөвлөлийн гишүүд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал. Гэхдээ хамгийн гол нь үр дүн. Орон сууцны барилга анх ашиглалтад ороход гүйцэтгэгч компани, хувийн конторууд үйл ажиллагааг нь хариуцан авдаг ч олон жил болоод ирэхээр, асуудал үүсэхээр орон нутгийн өмчит байгууллага руу шилжүүлж байна. Мөн эргээд ажил хийх, хариуцах хүн олддоггүй. Ийм байдал үерийн нөхцөл байдалд анзаарагдлаа гэдгийг хэлж байв.
Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын дарга Ч.Мэндбаяр:
-Барилгын тоо жил бүр нэмэгдэж байна. Нийт орон сууцны байрын 53 хувийг хувийн орон сууцны контор хариуцдаг. Гэтэл үерийн үед эдгээр нь хүн хүч, техникийн хувьд хангалтгүй байлаа. Газар доорх хот буюу инженерийн барилга байгууламжид онцгой анхаарал хандуулахгүй бол гамшиг үүслээ гэхэд нөхцөл байдал хүндрэх нь. Мөн нийт шугам сүлжээний 60-70 хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон гэв.
Зөвлөлийн хурлаас орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагуудын үйл ажиллагаанд үзлэг шалгалт хийх, үйл ажиллагааг сайжруулах, тусгай зөвшөөрөл олгогч байгууллагуудтай уялдаа холбоог бий болгох, тус асуудлыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр бэлтгэл хангахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Угсармал орон сууцуудыг дулаалснаар 3, 4 дүгээр хорооллыг дулаан, эрчим хүчээр хангах хэмжээний хэмнэлт хийх боломжтой
Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийн талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа танилцууллаа.
Хоёр үе шаттайгаар 60 сарын хугацаанд хэрэгжих төсөл нь дулааны техникийн шинэчлэлийн хөтөлбөрийг эхлүүлж, барилгын эрчим хүчийг хэмнэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Төслийн хүрээнд дулаан техникийн шинэчлэлд хамрагдах барилгад орон сууц өмчлөгчдийн саналыг нэгтгэсэн, газар хөдлөлтийн үнэлгээнд тэнцсэн байх шаардлага тавьж буй. Төслийн багийн зүгээс Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн ЗДТГ болон зарим угсармал орон сууцны СӨХ, оршин суугчидтай уулзсан бөгөөд иргэд орон сууцаа дулаалуулах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Төсөлд хамрагдах боломжтой байруудын жагсаалтыг наймдугаар сард гаргахаар төлөвлөн ажиллаж байна. Мөн төслийн хүрээнд хийх нэг томоохон ажил нь дулааны тоолуур суурилуулах юм.
Зөвлөлийн гишүүд өндөр ач холбогдолтой, чухал төсөл гэдгийг онцолж байлаа.
УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж:
-Улаанбаатар хотын угсармал орон сууцны 1077 барилгыг дулаалснаар 3, 4 дүгээр хорооллыг дулаан, эрчим хүчээр хангах хэмжээний хэмнэлт хийх боломжтой. Энэ нь шинэ эх үүсвэр барьж, их хэмжээний хөрөнгө зарцуулах зэрэг цаг хугацаа хийгээд эдийн засгийн хувьд хэмнэлттэй. Дулаалгын төслийн хүрээнд иргэд тодорхой хэмжээний мөнгө гаргаснаар хяналт ч сайжирна гэдгийг онцлов.
Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, төслийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, бараа материал, тоног төхөөрөмжийн худалдан авах ажиллагааг зохион байгуулахыг үүрэг болгосон. Мөн дулаан техникийн шинэчлэл хийх шаардлагатай, газар хөдлөлтийн тэсвэржилтийн гэрчилгээтэй, иргэдээс төлөх тодорхой хувийг хүлээн зөвшөөрч бүрэн дэмжсэн орон сууцуудын жагсаалтыг гаргаж ажиллахыг төвийн зургаан дүүргийн Засаг дарга нарт даалгалаа.
Нийслэлийн үнэт цаасаар санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг боловсруулна
Мөн хурлаар Нийслэлийн үнэт цаас гаргаж, арилжаалах тухай асуудлыг НЗДТГ-ын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтсийн дарга Д.Алтангэрэл танилцууллаа.
Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль болон бусад холбогдох хуулийн дагуу Улаанбаатар хотын үнэт цаас гаргах, арилжаалах, бүртгэх, төлбөр хийх, төвлөрүүлсэн хөрөнгийг захиран зарцуулахтай холбоотой эрх зүйн орчныг судалж, үнэт цаас гаргах бэлтгэл ажлыг хангаж буй. Тодруулбал, хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах, авто зам, замын байгууламжийн сүлжээг өргөтгөх, агаарын бохирдлыг бууруулах төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор Нийслэлийн үнэт цаасыг дотоодын зах зээлд үе шаттайгаар арилжих юм.
Зөвлөлийн гишүүд танилцуулсан асуудалтай холбоотойгоор асуулт, санал хэлснээр НИТХ-аар хэлэлцүүлэхээр болов. Мөн үнэт цаас гаргаж, арилжаалах замаар татан төвлөрүүлсэн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг нарийвчлан боловсруулж, танилцуулахыг үүрэг болголоо.
Зургаан га газрыг НЗДТГ-т шилжүүлнэ
Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хороо, Орон сууцны 7 дугаар хороолол орчим нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2011, 2012 онд чөлөөлсөн газруудын судалгааг НЗДТГ-ын дарга И.Баатархүү танилцууллаа. Тодруулбал, Нийслэл дэх гэр хорооллын газар чөлөөлөх, орон сууцжуулах ажлыг зохион байгуулах журмаар Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 7 дугаар хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллыг орон сууцжуулах, инженерийн шугам, сүлжээ, нийгмийн дэд бүтцийн зориулалтаар 13.2 га газрыг чөлөөлсөн. Үүнээс 7.2 га газрын эрхийг гэр хорооллын дахин төлөвлөлт хэрэгжүүлж буй аж ахуйн нэгж, байгууллага, инженерийн шугам сүлжээ, авто зам, төрийн байгууллагын зайлшгүй хэрэгцээнд зориулан шилжүүлсэн юм. Үлдсэн зургаан га орчим газар нь ямар нэгэн эзэмшигчгүйгээр газрын мэдээллийн санд бүртгэлтэй байсан. Үүнд инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвас, авто замын барилга, байгууламж болон Дэнжийн мянгыг дулаанаар хангах хийн станцын барилга байгууламж барих зориулалтаар трасст өртсөн нэгж талбарууд багтаж буй.
Цаашид тус зургаан га газрыг бүртгэх, хамгаалах, эдийн засгийн эргэлтэд оруулах, газар эзэмших эрхийг НЗДТГ-т шилжүүлэх, нэгж талбаруудын судалгаа хийх асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэн, дэмжив. Мөн тухайн газруудыг ямар зориулалтаар хэрхэн ашиглах талаар судалгаа хийх юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС