“Нүүдэлчдийн нийслэл” эрдэм шинжилгээний хурал болж байна

A- A A+
“Нүүдэлчдийн нийслэл” эрдэм шинжилгээний хурал болж байна

“Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам 2023” -ын хүрээнд “Нүүдэлчдийн нийслэл” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж буй. Хүй долоо худагт Монгол туургатны эрдэмтэн судлаач, түүхчдийн өргөөнд хоёр өдөр үргэлжлэх энэхүү хуралд Монгол, Тува, Халимаг, Буриад, Өвөр Монгол, Дээд Монгол, Казахстан, БНСУ, ХБНГУ зэрэг 10 улсын угсаатны зүй, түүх, соёл судлал, шашин судлал, соёлын антрополги, археологийн 100 гаруй эрдэмтэн судлаач оролцож  байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

- Энэ жилийн наадмыг “City of Nomads” уриа дор аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон, жуулчдад шашин соёлыг хослуулан таниулах улмаар тусгай сонирхлын аяллын төрлөөр хөгжүүлэх, эрдэмтэн судлаачдыг татан оролцуулж, хил хязгааргүй оюуны дэд бүтэц үүсгэх,  “Нүүдэлчдийн нийслэл” агуулгыг судалгааны үүднээс үнэлэн дүгнэж, цаашдын  чиглэлийг тодорхойлох гэж байгаа нь чухал ач холбогдолтой юм.

Монгол Улсын мандан бадрахын үндэс нь монголчууд бидний оюун санааны эв нэгдэл, шинжлэх ухаан, технологи, инновацын дэвшингүй хөгжил мөн. Билиг төгс өвөг дээдэс маань үр хойч бидэндээ захин сургасанчлан эрдэм номыг эрхэмлэж, эрдэмтэн мэргэдийнхээ сэцэн ухааныг түшиж, монгол түмний минь билиг оюун мохошгүй хурц, мөхөшгүй бат байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье хэмээв.  

Уг хурал монгол туургатны баяр наадам, нүүдэлчдийн хотын онцлог, бурхны шашны соёл зан үйл гэх мэт олон сэдвийн хүрээнд өрнөж байна. Тодруулбал, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн доктор О.Батсайхан “Монголын буддын шашны тэргүүн Богд Жавзандамба хутагтын институци ба Бат оршил өргөх ёслол”, доктор, профессор С.Дулам “Хүрээ дөрвөн уулын тахилга”, МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн багш, доктор Ж.Лхагвадэмчиг “Монгол түмний шашин соёлын бат оршил”, Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, буддын гүн ухааны гэвш Н.Амгалан “Их хүрээ цамын үүсэл гарвалыг нэхэн судлах нь”, Өвөр Монголын Радио Телевизийн Хорооны Олон улсын мэдээлэл харилцааны төвийн сэтгүүлч З.Үсэгбуян “Өвөр Монголын зангиат бөх ба баяр наадам” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлж байна.

Наадмын хоёр дахь өдөр буюу наймдугаар сарын 6-ны өдөр ХААИС-ийн ХШУИС-ийн Нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгч, доктор Б.Лхагвадорж, ЮНЕСКО-гийн ивээл дор Нүүдлийн Соёл Иргэншлийг Судлах Олон Улсын Хүрээлэнгийн доктор Хоньчууд Н.Гэрэлт, Төвд судлаач Г.Ням-Очир, Буриадын их сургуулийн багш, доктор Александр Елаев тэргүүтэй эрдэмтэн, судлаачид олон сонирхолтой сэдвээр илтгэл хэлэлцүүлэх юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС