Барилгын архитектур төлөвлөлтийн 1642 даалгаврыг хүчингүй болголоо

A- A A+
Барилгын архитектур төлөвлөлтийн 1642 даалгаврыг хүчингүй болголоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тодруулбал, архитектур төлөвлөлтийн даалгавар цуцлах 1642 барилга болон үерийн эрсдэлтэй байршлын судалгаа, үерийн бүсэд буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх, мөн “S Outlets”, “Aqua garden” зэрэг барилгатай холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн юм. Мөн үеэр Нийслэлийн Засаг даргын дэргэд Бодлогын судалгаа, шинжилгээний төв үйл ажиллагаа явуулж, эрдэмтэн, судлаачдын судалгаа, шинжилгээний үндсэн дээр шийдвэр гарах нөхцөл бүрдсэн гэдгийг тодотголоо.

Ногоон байгууламжийн хэмжээг хоёр дахин нэмнэ

Нийслэлийн хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэсэн барилга, байгууламж 294,852 байгаа бөгөөд 171 га талбайг эзэлж байна. Шинээр барилга, байгууламж барихаар төлөвлөж буй архитектур төлөвлөлтийн даалгаврын тоог нэмсэн тохиолдолд дээрх тоо 304,979 болох бөгөөд талбайн хэмжээ нь 441 га-д хүрэх юм. Энэ нь нэг га талбайд 460 хүн оршин сууж байгаа нягтралтай 116 хэсэг 142 болж нэмэгдэж, тэр хэрээр хүн амын хэт нягтрал үүснэ. Тодруулбал, нэг га-д 460 хүн гэдэг нь одоогийн Баянзүрх дүүргийн 26-р хороо буюу “Дүнжингарав”, “Баянмонгол” зэрэг хороололтой ижил хэмжээний барилгажилт, нягтаршил бий болно гэсэн үг.

Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Хот байгуулалтын тухай хуулиар барилгажих талбай 70 хувь, ногоон байгууламж 30 хувь байна гэж заасан. Гэсэн хэдий ч энэ заалт төдий л хэрэгждэггүй. Иймээс Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулж байгаатай холбогдуулан шинэ концепци стандартыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ нь барилгажилт 40 хувь, ногоон байгууламж 60 хувь байх концепци юм. Өөрөөр хэлбэл, ногоон байгууламжийн хэмжээг хоёр дахин нэмнэ гэсэн үг. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын Нийслэлийн иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах тухай А/866 тоот захирамж гарч, хэрэгжиж эхэллээ. Захирамжийн хүрээнд 2016 оноос өмнө иргэн, хуулийн этгээдэд олгож, шинээр барилга, байгууламж барихаар төлөвлөсөн 1642 архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгож, шинэ концепци стандартад нийцүүлэх ажлыг эхлүүлээд байна. Тодруулбал, дээрх аж ахуйн нэгжүүд шинэ стандартад нийцүүлэн, ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэн А зөвшөөрлөө дахин хүсэх боломжтой юм.

Үерийн онц эрсдэлтэй бүсэд амьдарч буй 2900 өрхийг нүүлгэнэ

Суурь стандартад өөрчлөлт оруулахын зэрэгцээ одоо байгаа төлөвлөлтийн алдааг цэгцлэх ёстой. Тухайлбал, Улаанбаатар хотын хэмжээнд дөрвөн төрлийн үерийн эрсдэлтэй бүсэд 28,843 өрх амьдарч байна. Үүнд:

Голын үерт өртөх суурьшлын бүс 8

Шар усны үерт өртөх суурьшлын бүс 3

Уруйн үерт өртөх суурьшлын бүс 75. Үүнээс онц эрсдэлтэй 20 бүс байгаа. Эдгээр онц эрсдэлтэй бүсэд цаг уурын автомат мэдээлэгч байршуулах шаардлагатай. Ингэснээр аливаа гамшиг болохоос өмнө мэдээлэл авах боломж бүрдэх юм.

Ус үл нэвтрүүлэх талбай 32,140 га байна. Өөрөөр хэлбэл, ийм хэмжээний газарт ус зайлуулах шугам сүлжээ байхгүй гэсэн үг юм.

Дээрх өрхүүдээс эхний ээлжид онц эрсдэл бүхий нөхцөлд амьдарч буй 2900 өрхийг 29 байршилд нүүлгэнэ. Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нүүлгэн шилжүүлэх 29 байршилд нийт 427.3 га газрыг бэлдсэн.

Мөн Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн цаашид хэрэгжүүлэх менежментийн дөрвөн стратегийг гаргасан. Энэ хүрээнд Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тооцоолох чадавхыг нэмэгдүүлэх, үерээс хамгаалах байгууламжийн сүлжээг дахин тооцоолох, хүн амын аюулгүй байдлын анхааруулах тогтолцоог сайжруулах, хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлүүлэх зэрэг ажлууд хийнэ. Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөний дагуу шинээр үерийн нийт 345 км далан, суваг барих хэрэгтэй бөгөөд үүнд нийт 4.9 их наяд төгрөг шаардлагатай юм. Мөн үерийн эрсдэлийн менежментэд олон нийтийн оролцоо чухал гэдгийг Хотын дарга онцолж байв.

 “S Outlets”, “Aqua garden”-ий голын хамгаалалтын бүсэд барьсан барилгыг буулгаж, газрыг тусгай хамгаалалтад авна

Үерийн онцгой хамгаалалтын бүсэд буй “S outlet”, “Aqua garden”, мөн “Шунхлай” шатахуун түгээх станц зэрэг барилга, байгууламжуудыг Газрын тухай хуулийн дагуу буулгаж, чөлөөлсөн газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарч байна. Энэ талаар НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ж. Бямбадулам:

-Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер усны эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт энгийн болон онцгой хамгаалалтын эрүүл ахуйн бүс тогтоодог. Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эм энд жи констракшн” ХХК-ийн эзэмшиж байгаа газарт барьж байгаа “Aqua garden”-ий барилгуудаас хоёр блок нь Сэлбэ голын энгийн хамгаалалтын бүс, үерийн далан сувгийн хамгаалалтын зурвас газарт орсон. Энэ нь холбогдох хууль, журмыг зөрчиж байгаа. Иймээс Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, “S outlet”, “Aqua garden”-ий барилгыг албадан буулгахтай холбоотой гарах зардал, захиалга өгсөн иргэдийг хохиролгүй болгох асуудал яригдана гэлээ.

Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Aqua garden” төсөл нь 2.9 га газрын 1.1 га барилгажих талбайтай. Нийслэлийн Засаг даргын захирамжаар газрын хэмжээнд өөрчлөлт орсныг үндэслэн архитектур төлөвлөлтийн даалгаврыг өөрчлөх, хүчингүй болгох арга хэмжээ авна” гэсэн бол

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг “2.9 га газраас 7844 ам метр газрыг хасаж, кадастрын зураг болон газрын гэрчилгээнд өөрчлөлт оруулж, мэдээллийн санд оруулах ажлыг хийнэ. Энэ дагуу газар чөлөөлөх арга хэмжээг авна” гэлээ.

Энэ шийдвэр бол нийт иргэдийн амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлын төлөө гэдгийг онцолж байв.

Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж байна

Үүний дараа Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Г.Сарантуяа уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой мэдээлэл өгсөн юм. Тэрбээр:

-Дэлхийн дундаж температур сүүлийн 100 жил 1.1 хэмээр дулаарсан. Харин Монгол орны хувьд сүүлийн 80 жилд 2.4 хэмээр дулаарсан байгаа. Тэр дундаа Улаанбаатар хотынх 3.3 хэмээр дулаарсан үзүүлэлттэй байна. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор дэлхий нийт болоод манай оронд ч гамшигт үзэгдлийн давтамж, тэр дундаа үер усны гамшигт үзэгдэл нэмэгдэж буй. Мөн аадар бороо орох магадлал өсөж байгаа. Эрсдэлээс сэргийлэх хамгийн гол зүйл нь төлөвлөх, тохирсон хариу арга хэмжээ авах юм хэмээлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС