Гэр хороололд мод тарих ажлыг эрчимжүүлнэ

A- A A+
Гэр хороололд мод тарих ажлыг эрчимжүүлнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хот байгуулалт, хөгжлийн газраас цахимаар удирдан зохион байгуулав. Хотын дарга өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 21 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн юм. Тухайлбал, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай болон гэр хороолол, зуслангийн бүсийн хог цэвэрлэгээ, тээвэрлэлтийг нэмэгдүүлж, ажлаа эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Энэ хүрээнд “Шарилжгүй Улаанбаатар” аяны нэгдүгээр үе шатанд 1.9 сая ам метр талбайн 777 тонн шарилж, луулийг, хоёрдугаар шатанд 1.8 сая ам метр талбайн 887 тонн хөл газрын ургамлыг цэвэрлэжээ.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ долоо хоногийн хугацаанд 144 км замын цэвэрлэгээ, үйлчилгээнд зам талбайн 200 үйлчлэгч 20 орчим машинтай ажиллаж, 173 тонн хог хаягдал, шороог ачиж тээвэрлэсэн байна. Түүнчлэн 3000 метр урт хайс, хашлага, мөн нүхэн гарцыг угааж, 51 мянган ам метр талбайн хөл газрын ургамлыг устгаж цэвэрлэжээ.     

3025 тонн давс, 721 тонн бодис нөөцлөөд байна

 

Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаа зохион байгуулж, орчны аюулгүй байдал, замын хөдөлгөөний зохицуулалтыг сайтар хангаж, хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд 16 байршилд үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, давс, бодисын нөөцийг бүрдүүлж, тусгай машин тоног, төхөөрөмжийн бэлэн байдлыг сайтар хангаж ажиллах үүрэг өгсөн. Энэ дагуу 658 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс биелэлт 78 хувьтай байна. Нийт 6056 тонн бодис, 6235 тонн давс нөөцлөхөөс өнөөдрийн байдлаар 3025 тонн давс, 721 тонн бодис нөөцлөөд байгаа юм. Есдүгээр сарын 30-ны дотор бүрэн нөөцөлж дуусах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Хотын дарга өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангаж, давс, бодисоо сайтар нөөцлөхийг анхааруулав.

Үерт өртсөн 79 барилгын даац, бүтээцийн бат бэхийг тодорхойлжээ

Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга 2023 онд хийж, хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцууллаа. Тэрбээр:

-Мэргэжлийн зөвлөлийн хурлаар энэ онд 955 хүсэлтийг хэлэлцэж, 758-ыг шийдвэрлэж, дэмжсэн. Үүнээс 730 архитектур төлөвлөлтийн даалгавар, 805 барилгын загвар зураг баталлаа. Авто замын 133 төлөвлөлтийн даалгавар, 23 загвар зураг, нүхэн, гүүрэн гарцын 23 даалгавар, дөрвөн загвар зураг баталсан. Мөн тохижилтын ажлын хүрээнд 3067 байршилд 70,041 га талбайд тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгаврыг баталсан юм.

Нийслэлийн хэмжээнд 320 байршилд 7215 гарааш буулгаж байгаа бөгөөд 95 төлөвлөлтийн даалгавар боловсруулсан нь гарааш буулгасан талбайг 100 хувь хамарч буй. Мөн нийслэлийн есөн дүүргийн 117 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбайг байгуулахаар төлөвлөсөн. Үүнээс 48 байршилд архитектур төлөвлөлтийн даалгавар баталсан бөгөөд одоогоор 34 байршилд 3х3 сагсан бөмбөгийн стандартын шаардлага хангасан талбай шинээр байгуулж, 26-г нь Улсын комисст хүлээлгэн өгөөд байгаа юм.

Баянзүрх, Сүхбаатар дүүргийн үерт өртсөн 79 барилгын даац, бүтээцийн бат бэхийг тодорхойлсон. Шалгалтаар барилгуудад 20 см-350 см гүнтэй ус тогтсон байна. Ус чийгэнд дотор засал дэвтэж, ховхорсон. Барилгын хаяавч бетон хагарч, суулт өгсөн. Цаашид барилгын ашиглалтын төлөв байдалд дүгнэлт гаргах, дотор засал шинээр хийх шаардлагатай хэмээлээ.

Ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулна

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:

-Өөрийн хөрөнгөөр тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг урамшуулах эрх зүйн орчинг сайжруулах журмын төсөл боловсруулж дууссан, танилцуулахад бэлэн болсон. Журам батлагдсанаар иргэн, аж ахуйн нэгжийн ногоон байгууламжийн ургалтын байдлыг харгалзан мөнгөн болон бусад урамшууллын системийг бий болгож байгаа. Энэ жил намрын мод тарилтаар гэр хороолол, алслагдсан хороололд мод тарих ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Ногоон байгууламжийн дийлэнх хувь нь хотын төв болон байшин хороололд байдаг, гэр хороололд бага байдаг. Мөн хөрсний доройтолд орсон, шавжид идүүлсэн ойн санг сэргээх ажлыг гаднын хөрөнгө оруулалтаар хийхээр төлөвлөж байгаа. Иймээс дүүргүүдийн удирдлагууд дээрх ажлуудад саналаа өгөөрэй гэв.

Найман байршилд экологийн коридор байгуулна

Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайван:

-Нийслэлийн нутаг дэвсгэрт тархсан зэрлэг амьтдыг чөлөөтэй нүүдэллэх боломжийг бүрдүүлсэн экологийн коридор байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авахаар Ажлын хэсэг байгуулсан. Нийт найман байршил байгаа. Үүнээс зургаа нь Төв аймгийнх, үлдсэн хоёр нь Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт бий. Мөн Улаанбаатар хотын хөрсний чанарыг сайжруулах бүсийг тогтоож, дагаж мөрдөх журмын төслүүдийг боловсруулж, холбогдох байгууллагаас санал авч, БОАЖЯ-нд хүргүүлсэн гэлээ. 

Цэцэрлэгийн бүртгэл 73 хувьтай байна

Хичээлийн шинэ жилийн бэлтгэлийн талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин мэдээлэл өгөв.

Энэ хичээлийн жилд нийслэлд төрийн болон төрийн бус өмчийн 667 цэцэрлэгт 142,798 хүүхэд сурч,  4726 багш ажиллах бол ерөнхий боловсролын 307 сургуульд 384,676 хүүхэд суралцаж, 16,179 багш ажиллахаар байгаа юм. Цэцэрлэгийн элсэлтийн цахим бүртгэлийг хоёр үе шаттай зохион байгуулж буй. Нийт 142,798 хүүхдээс 104,694 хүүхэд бүртгүүлэх хүсэлт гаргасан бөгөөд бүртгэл 73.3 хувьтай байна. Наймдугаар сарын 21-25-нд хүүхдүүдийг цэцэрлэгт нь хуваарилна. Нэгдүгээр ангид элсэхээр 37,727 хүүхэд хүсэлт гаргаад байна. 2023 он гарснаас хойш таван сургууль, бага сургууль, цэцэрлэгийн хоёр цогцолбор, 14 цэцэрлэг ашиглалтад орсон.

Энэ хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудад нийт сургуулийн хүүхдийн 288 автобус үйлчилгээнд явна. I-V ангийн сурах бичгийг 100 хувь төрөөс үнэ төлбөргүй хангана. VI-XII ангид 27,820 багцын нийт 430,580 сурах бичиг нийлүүлэгдэх аж