Хотын даргаар Х.Нямбаатарыг томиллоо

A- A A+
Хотын даргаар Х.Нямбаатарыг томиллоо

НИТХ-ын ээлжит бус XV хуралдаан өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар НИТХ дахь МАН-ын бүлэг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлсэн юм.

НИТХ-ын төлөөлөгч нар нэр дэвшигчээс цаашид хэрхэн ажиллаж, ямар бодлого баримтлах талаар асууж тодрууллаа. Тухайлбал, агаарын бохирдол, авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хийж, хэрэгжүүлэх ажил, нийслэлийн бондын талаар ямар бодлого баримталж буйг асуусан юм. Нэр дэвшигч Х.Нямбаатар хотын хөгжлийн төлөө улс төрийн болон захиргааны шийдвэрүүдийг тооцоо, судалгаанд үндэслэн гаргана гэдгээ хэлж байлаа. Тухайлбал, хувийн тээврийн хэрэгслийг хязгаарлах бус, нийтийн тээврээр зорчих боломжийг бүрдүүлнэ хэмээв.

Улмаар Хотын даргад нэр дэвшигчийг дэмжих томьёоллоор санал хурааж, НИТХ-ын төлөөлөгч нарын олонхын буюу 78.57 хувийн саналаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Х.Нямбаатарыг томилохыг дэмжлээ. Үүний дараа НИТХ-аас тогтоол баталж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өргөн барьснаар захирамж гарган, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Х.Нямбаатарыг батламжлан, тамгыг гардуулав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нийслэлийн бодлого, тогтолцоо, бүтэц, эрх зүйд цогц реформ хийж, “Алсын хараа 2050”, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд нийслэлийн урт, дунд, богино хугацааны бүрэн төлөвлөлтийг олон улсын байгууллагын зөвлөмж, нийслэлийн иргэдийн оролцоотойгоор боловсруулан, УИХ, Засгийн газраар яаралтай батлуулах нь зүйтэй.  Мөн нийслэлийн эрх зүйн орчин, тэр дундаа газрын харилцаа, нийтийн тээвэр, иргэдийн эрх, үүргийг тодорхой болгож, агаар, орчны бохирдол, хог хаягдал, түгжрэл, ногоон байгууламж зэрэг амьдралын чанарын суурь стандартыг УИХ-ын намрын чуулган завсарлахаас өмнө эрх зүйн хувьд бүрэн шийдвэрлэх хэрэгтэй. Эдгээр асуудлыг цэгцлэхэд УИХ-ын намрын чуулганыг бүрэн зориулахад бэлэн байгаагаа УИХ-ын дарга, гишүүд илэрхийлсэн. Мөн Засгийн газар нийслэлийг дэмжиж ажиллана” хэмээлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар улс төрийн өндөр илтгэл хүлээлгэн Хотын даргаар томилсонд талархан, нийслэлийн тулгамдсан асуудлыг сонгуулийн мөчлөгт захирагдалгүй шийдэхийн төлөө НИТХ, НЗДТГ, УИХ, Засгийн газартайгаа нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн юм. Ингэснээр тэрбээр Улаанбаатар хотын 36 дахь дарга боллоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС