Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор жилд 14-18 сая шоо метр гүний цэнгэг ус хэмнэнэ

A- A A+
Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор жилд 14-18 сая шоо метр гүний цэнгэг ус хэмнэнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Монголын Мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл болон Мянганы Сорилтын корпорацын Монгол дахь суурин төлөөлөгч Тина Юү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд Монгол Улсын Засгийн газар АНУ-ын Мянганы сорилтын корпорацтай байгуулсан хоёр дахь Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй хаягдал ус дахин боловсруулах төслийн талаар санал солилцсон юм.

Одоогийн байдлаар Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-аас нэгдсэн шугам сүлжээнд жилд 50 сая гаруй шоо метр усыг нийлүүлдэг гэсэн тооцоо байдаг. Уг төсөл хэрэгжсэнээр үүнийг хоёр дахин нэмэгдүүлэхүйц хэмжээний усыг нийлүүлэх хүчин чадалтай эх үүсвэр ашиглалтад орох юм. Үүний үр дүнд жилд 14-18 сая метр куб гүний цэнгэг усыг хэмнэх боломжтой болж буй. Төсөл 2021-2026 оны хооронд хэрэгжинэ.

Уулзалтын үеэр Хотын дарга Х.Нямбаатар “Монгол Улсын Засгийн газар АНУ-ын Мянганы сорилтын корпорацтай байгуулсан хоёр дахь Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Улаанбаатар хотын ариутгах татуургын сүлжээгээр цэвэрлэгдэн ирж, байгальд нийлүүлэгддэг уснаас нэлээдгүй хэмжээг дахин боловсруулан ашиглана. Тэр дундаа Улаанбаатар хотын дулааны цахилгаан станцуудын техникийн усны тодорхой хэрэглээг хангах боломж бүрдэж буйд таатай байна” хэмээн талархлаа илэрхийлсэн юм.

Монголын Мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл “Компакт гэрээ анх хэрэгжиж байсан үед төдийлөн анзаарагдаж байгаагүй хүндрэл бэрхшээл, сорилтууд одоо гарч ирж байгаа. Нийслэлийн зүгээс тэдгээрийг шийдвэрлэхэд хамтран ажиллана гэдэгт бүрэн итгэлтэй байна” хэмээлээ.

Уулзалтын төгсгөлд нийслэлийн зүгээс цаашид хоёр дахь Компакт гэрээг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө Монголын Мянганы сорилтын сантай нягт хамтран ажиллахад бэлэн гэдгээ уламжиллаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС