Банк нь иргэн, хуулийн этгээд, нийтийн мөнгөн хөрөнгийг харилцан итгэлцлийн үндсэн дээр хуримтлуулан хадгалж, тус эх үүсвэрээр санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа эрхэлж улс орны эдийн засгийн хөгжил, санхүүгийн тогтвортой байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг тул Монголбанкны байнгын хяналт, зохицуулалтад байдаг.
Хууль хяналтын байгууллагаас зарим нэр бүхий иргэдтэй холбоотой эрүүгийн хэрэг шалгах ажиллагааны хүрээнд Тээвэр хөгжлийн банканд нэгжлэг хийсэн, тус банк хууль бус үйл ажиллагаанд оролцсон байж болзошгүй талаар олон нийтийн сүлжээ, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгджээ.
Аливаа этгээд банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох, банкны удирдлагаар ажиллахад Монголбанкнаас зөвшөөрөл авах, мэдэгдэх хуулийн зохицуулалттай бөгөөд мэдээлэлд дурдагдсан нэр бүхий иргэд нь Тээвэр хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч, удирдлагыг хэрэгжүүлж буй этгээд биш болно. Мөн банк нь хувьцаа эзэмшигчийн аливаа үүргийг хариуцдаггүй, түүний хүлээх хариуцлагаас ангид, зааглагдсан байдгийг дурдах нь зүйтэй.
Тээвэр хөгжлийн банкны үйл ажиллагаа Банкны тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа бөгөөд санхүүгийн байдал, зохистой харьцааны шалгуур үзүүлэлт бүрэн хангагдаж байгааг хянахын зэрэгцээ тухайн банкны төдийгүй банкны салбарын тогтвортой байдлыг хангах үүднээс Монголбанк хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллахад бэлэн байгаа болно.
ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛБАНК