С.Жавхланбаатар: ЗАСГИЙН ГАЗРААС ЧИГЛЭЛ ӨГСНИЙ ДАГУУ УГСАРСАН АВТОБУСЫГ ХҮЛЭЭН АВСАН

A- A A+
С.Жавхланбаатар: ЗАСГИЙН ГАЗРААС ЧИГЛЭЛ ӨГСНИЙ ДАГУУ УГСАРСАН АВТОБУСЫГ ХҮЛЭЭН АВСАН

Нийслэлийн нийтийн тээвэрт худалдан авсан автобустай холбоотой шинжээчийн дүгнэлтийг сонслоо.

Шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар “Тэнүүн огоо” компанийн Вьетнам улсаас оруулж ирсэн 100 ширхэг дунд оврын багтаамжтай автобуснаас 99 нь стандартын шаардлага хангаагүй.  Ингэхдээ 94 автобус нь гэрлээрээ тэнцээгүй бол 71 автобус нь утааны үзүүлэлтээр тэнцээгүй. Мөн найман автобус тормозны үзүүлэлтээр тэнцээгүй байна. “Тэнүүн огоо” компанийн захиалгаар дээрх автобусыг Монгол руу оруулж ирсэн тээвэр зуучийн компани нь “Хуучин автобусыг тээвэрлэн оруулж ирж байна” гэдэг албан бичгийг хүргүүлж байсан. Гэвч гаалийн байгууллага дээрх автобусыг хилээр нэвтрүүлэхдээ “Шинэ” гэж үзэн, хилээр нэвтрүүлсэн. 

Вьетнам улсад угсарсан хуучин автобусыг шинэ хэмээн бичиг баримт бүрдүүлэн оруулж ирснээр 5.6 тэрбум төгрөгийн гаалийн татвараас чөлөөлөгджээ.

Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд автобус шинээр худалдан авахтай холбогдуулж, нийслэл дээр 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан байна. Гэвч энэхүү ажлын хэсэгт багтсан дарга болоод гишүүд нь энэхүү сонсголд гэрчээр оролцохдоо “Тэнүүн огоо” компанийн автобусыг шалгаад тэнцэхгүй байна” гэдэг асуудлыг нийслэлийн удирдлага болоод Нийслэлийн Тээврийн газрын дарга С.Жавхлантбаатарт мэдэгдсэн. Гэвч С.Жавхланбаатар дарга “Есдүгээр сарын 1-ээс өмнө автобуснуудыг оруулж ирсэн байх ёстой. Энэ ажлыг саадгүй үргэлжлүүлж байж санхүүжилт авах боломжтой” гэж тайлбарласан. Тиймээс ажлын хэсгээс “Автобус шаардлага хангахгүй байна гэдэг дүгнэлт гаргасан байсан ч өөрчилж, автобус оруулж ирэхээр болсон” гэлээ.

Мөн ажлын хэсэгт багтсан гишүүд автобусыг үзээгүй хэрнээ хүлээн авч болно гэдэг гарын үсэг ч зуржээ.

Сонсголд гэрчээр оролцож буй Нийслэлийн тээврийн газрын дарга асан С.Жавхланбаатар “Засгийн газраас чиглэл өгсний дагуу автобусыг хүлээн авсан. Дээрээс  автобусыг  хурдан оруулж ирэх ёстой гэж үүрэг өгөгдөж байсан. Хэрвээ энэ ажил саатвал санхүүжилт авах боломжгүй болох байсан” гэж тайлбарлав.